Энэ удаад жин нэмэхээс айдаггүй дуучин Аминаг “Yellow news” булан онцолж байна.
Дуучин Т.Амина дунд сургуулийн сурагч байхаасаа л дуулж олонд танигдсан бөгөөд 21 аймгаа аялан тоглосон чадварлаг уран бүтээлч. Тэрбээр СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн эстрад дуулаачийн ангийг онц төгссөн билээ. Урлагийнхан төдийгүй олон нийт түүнийг авъяаслаг, хичээнгүй, уран бүтээлч хэмээн үнэлдэг.
Зөвхөн урлагийнхан ч гэлтгүй эмэгтэй хүн бүр л гоолиг, туранхай харагдахыг хүсдэг. Харин дуучин Амина “туранхай байна гэдэг сайхан байна гэсэн үг”-тэй санал нэгддэггүй нэгэн аж. Зөвхөн эрүүл байхын тулд хөдөлгөөн хэрэгтэй гэдэг утгаараа зааланд очдог бөгөөд жин нэмэхээс айдаггүй тухайгаа нэгэн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр хоол сойж дэглэм ч барьдаггүй гэнэ. Өөрийнхөө хүссэн хоолыг, дуртай амттанаа хүссэн үедээ иддэг. Хамгийн гол нь хөдөлгөөнтэй байж чаддаг болохоор жин нэмэх тал дээр санаа зовдоггүй байна.
Мөн дуучин Т.Амина зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудалд зургаа дахь жилдээ ажиллаж байгаа төмөр замчин юм. Дуучин бүсгүй маань төмөр замчин болсон учир нь түүний өвөө Гомбодорж гэж насаараа төмөр замд ажилласан "Хүндэт төмөр замчин" хүн байсан ажээ. Мөн аав нь залуудаа төмөр замд ажиллаж байж. Түүний ажилладаг Зорчигч үйлчилгээний төв буудалд "Жигүүр" хэмээх амьд хөгжмийн хамтлаг байдгийг төмөр замчид андахгүй мэдэх байх. Тэгвэл энэ хамтлагийн гоцлол дуучин нь Т.Амина юм.
Б.Хорлоо