Бид өнгөрснөөсөө суралцан ирээдүй өөд итгэл төгс алхалдаг. Цаасан сонин уншихаа байжээ хэмээн залуусыг муу хэлэх нь ч бий. Харин хуучны сонингуудад манай урлаг соёлынхон, улс төрчид хэдэн жилийн өмнө ямар ярилцлага өгч байсныг дахин сэргээж хүргэхийг зорин "Хүмүүс" сонины хамт олон "Эргэн дурсахуй" хэмээх нэгэн булан нээсэн байна. Энэ буланд шар хэвлэл хэмээн адлагдсан чөлөөт сонингууд дээр олны танил эрхэмүүд ямархан яриа өгч байсныг эргэн дурсах зорилготой аж
Энэ удаад Хүмүүс сонинд 2011 онд дуучин Нарагийн өгсөн нэгэн ярилцлагыг хүргэхээр бэлджээ.
Олны хараанд байнга өртөж явдаг залуу бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтах хүн бол дуучин М.Нара билээ. Бид энэ удаагийнхаа дугаарт залуу дуучин Нара, Соко нарыг урьж тэдний үзэл бодол, хувийн амьдралаас нь сонирхсон юм. Ингээд Нарагийн яриаг толилуулж байна.
– Нарагаар сүүлийн үед сонин юу байна. Шинэ уран бүтээл хийж байна уу?
– Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Хэсэг хугацаанд эрүүл мэндийн асуудал үүсч, эмчилгээ хийлгэсний үр дүнд сайжраад одоо уран бүтээлдээ эргэн орж байна. Шинэ жилийн сэдэвтэй “Өвлийн хайр” дуугаа шинэчлээд “Prosоund” студи дээр бичүүлж байна. Өмнө дуулснаа сонсоод дотроо голсон. Учир нь жинхэнэ хайр гэдгийг мэдрээгүй үедээ дуулсантай холбоотой байх. Миний хайр бүтэлтэй, бүтэлгүй нь гол биш хайр гэдгийг амталж үзсэн болохоор одоо илүү сайн дуулах байх. /инээв. Сур./
– Нара кино урлаг руу ороод дуулахаа болих гэж байна гэх юм?
– Аливаа зүйлийг хослуулж хийж болдог. Заавал нэг зүйлийг хийхээрээ нөгөөг нь орхино гэсэн ойлголт байж болохгүй. Миний хувьд 2008-2009 оны хугацаанд гурван кинонд тоглосон. Энэ хугацаанд дуугаа ч хийгээд явж байна. Урынхаа санд 40 гаруй уран бүтээлтэй болсон. Шинэ клип гаргахгүй л болохоор уран бүтээл хийхгүй байна гэсэн ойлголттой байж болохгүй л дээ.
– Шинэ жилийн захиалга их ирж байна уу. Нэг дууны ханш хэд орчим байдаг вэ?
-Нэг дууг яг тэдээр дуулна гэсэн юм байхгүй л дээ. Ер нь нэг газраас захиалга аваад 2-3 дуу дуулахдаа 500 мянгаар үнэлдэг. Одоогоор өвчин гарч хорио тогтоосон болохоор хүмүүс шинэ жилийн захиалгаа хараахан өгөөгүй байна. Энд тэндээс захиалга тасардаггүй л дээ. Энэ жил захиалга сайн байвал гадагшаа явахгүй байх. Хэрвээ захиалга багатай байвал шинэ жилийн баяраа халуун дулаан оронд л тэмдэглэнэ дээ.
– Хүн бүхний хүсэн хүлээдэг баяр шинэ жил байдаг. Энэ жилийнхээ гоёлыг бэлдэж амжсан уу, хэдий хэрийн өртөгтэй даашинзаар гоёх гэж байна?
-Ямар нэгэн баяр дөхөөд ирэхээр даашинз, хувцас бэлддэггүй ээ. Гадаадад явж байхдаа өөрт таалагдсан хувцсаа авчихдаг болохоор миний хувцасны шүүгээнд өмсч амжаагүй олон даашинз байгаа. Тэдний нэгийг нь сонгоод өмсөх байх.
– Нэлээд жин хассан харагдана. Яаж турсан юм бэ?
-Тийм байна уу. Би ёстой резин шиг турж таргалаад, хүмүүс миний тарган туранхайн талаар ярихыг нь яана. /инээв. Сур./ Энд нууц гээд байх нь хаашаа юм бэ. Хөдөлгөөн багадаад тааваараа байх үедээ жин нэмчихдэг юм.
– Эмэгтэй хүн гоолиг байхаас гадна сайхан харагдахын тулд ямар байх ёстой вэ?
-Энд тарган туранхайн асуудал хамаагүй шүү дээ. Хамгийн гол нь эрүүл байх нь чухал. Эрүүл хүнээс сайхан энерги, сайхан царай зүс харагддаг. Өмнө нь би энэ асуудалд их санаа зовдог байсан. Одоо бол эрүүл энх байхыг л чухалчлах болсон. Эцэст нь төгс хүн гэж байдаггүй л дээ.
– Тэгвэл чи Монголын сайхан бүсгүйн тоонд өөрийгөө орно гэж боддог уу. Сайхан бүсгүй гэхээр загвар өмсөгч, эсвэл мисс байх ёстой юу?
– Өөрийгөө үнэлэх үнэлэмж байх ёстой. Гэхдээ надтай надгүй хүсэмжит бүсгүй, секси бүсгүй гээд л баахан өргөмжлөл олгосон л байсан. Хүмүүс гаднаасаа л гоолиг байвал сайхан харагдана гэсэн юм байхгүй. Миссүүд, загварынхан л сайхан хүүхнүүд гэвэл үнэхээр гутамшигтай санагдаж байна. Сүүлийн үед дэлгэрээд байгаа энэ олон миссийн тэмцээнийг хараад ичдэг. Монголын бүх эмэгтэйчүүд мисс болох албатай юм уу. Одоогийн миссийн тэмцээн үнэ цэнээ алдсан байгаа биз дээ. Хэдэн жилийн өмнө миссийн тэмцээн үнэхээр сайхан байсан. Харин одоо олны танил болох гэж тэмцээнд орж байгаа нь энэ гээд аймаар царай муутай хүүхнүүд орох болсныг хараад эмзэглэдэг. Нэртэйгээр нь аймаг бүрээс мисс шалгаруулаад бүгдэд нь өргөмжлөл олгох нь яасан юм бэ. Харин жинхэнэ сайхан бүсгүйчүүд олны анхаарлаас зугтаж, тайван амьдралыг сонгоод явж байгаа байхгүй юу. Монголд олны танил болоогүй, болохыг ч хүсдэггүй өчнөөн сайхан бүсгүйчүүд явж байгаа. Цөөн хүн амтай манай улсад од болох дэндүү амархан шүү дээ. Наад зах нь Их дэлгүүрийн урд хоёр хөхөө гаргаад бүжиглэхэд л маргаашийн бүх сонин дээр гараад л од болчихно
– Таны давуу зан чанар юу юм бол?
-Хүн бүхэн харилцан адилгүй байдаг. Надад байхгүй зүйл нэг хүнд байдаг бол надад байгаа зүйл түүнд байхгүй байх жишээтэй. Тэгэхээр би бусдаас тийм давуу талтай гээд тодорхойлоод явж байвал бүдүүлэг хэрэг. Бусадтай л адил хүсэл мөрөөдөлтэй, өөрийнхөө сонирхлоор дуулаад явж байгаа эгэл жирийн эмэгтэй.
– Ямар үед баярлаж, гомддог вэ. Эмэгтэй хүний уян хатан зан чанар чамд хэр байдаг бол?
-Эмэгтэй хүнд байдаг бүхий л зан чанар надад байдаг. Сэтгэлийн хөдлөл ихтэй хүн дээ. Хэн нэгэнд уурлаж гомдсон ч тэр дороо мартчихдаг. Ер нь онцын ач хобогдолгүй зүйлийг биедээ агуулж явах дургүй. Хэн нэгнийг гомдоочихоод үнэхээр миний буруу байсан бол түүнээс уучлалт гуйх чадвартай гэж өөрийгөө дүгнэдэг.
– Өөрийнхөө гоо үзэсгэлэнг хэзээ илүү их олж хардаг вэ. Жишээ нь өглөө эрт босоод таалагдсан хувцсаа өмсөөд, нүүрээ будчихаад ажилдаа гарахдаа ч юм уу?
– Цаг үргэлж би өөрийгөө сайхан байна гэж боддог. Жишээ нь, би чамтай ярилцаж суухдаа ч арын толинд өөрийгөө хараад л сууж байна. /инээв. Сур./
– Найз залуутай болж байна уу?
-Болоогүй байна. Одоогоор болохыг ч хүсэхгүй байна. Эрэгтэй хүнд цаг гаргах хүсэл ч алга. Хэсэг хугацаанд амарсан учраас уран бүтээлдээ ормоор байна. Зөвхөн дуу дуулах бус телевизийн нэлээд хэдэн шоуны санал ирсэн.
– Царайлаг залуухан эмэгтэйд олон эрчүүд сэтгэл алдардаг байх. Нара эрчүүдийг юугаараа татдаг юм бол. Яагаад секси бүсгүй гэх өргөмжлөлийг авчихав?
– Би секси имиж бүрдүүлээд нүцгэн шалдан гүйхгүй, өөрийнхөөрөө л байна шүү дээ. Миний хувьд нээлттэй зан маш том тодорхойлолт болох байх. Энгэрээ задгай тавьсан хувцас өмсөхөөр секси гэж яриад байгаа биз. Гэхдээ би өөртөө тиймэрхүү тодотгол нэр авах гээд тийм янзаар хувцаслаад яваа юм биш. Намайг мэддэг ойр дотныхон маань өөр хүн гэдгийг минь мэднэ. Надад хандаад чи секси шүү гэж хэлэхэд гайхаад байдаггүй. Одоо хоёр жил орчим ганц бие амьдарч байна. Энэ хугацаанд эр хүнтэй уулзаж, болзох цаг байсан. Гэхдээ би нөгөө хүмүүстэйгээ сайн найз болчихдог. Тухайн хүнтэйгээ гэрлэхгүй л бол богино хугацаанд дотно байгаад яах юм бэ. Би үүнийг хэрэггүй гэж боддог. Түүний оронд сайн найз болсон нь дээр шүү дээ. Тиймдээ ч надтай удаан хугацаанд сайн найз байж, сайхан нөхөрлөх хүнийг л би сонгодог. Эргээд харахад надад маш олон эрэгтэй найз нар байдаг.
– Эрчүүдээс их л бэлэг авч байсан байх. Таны авах дуртай бэлэг?
-Харин ч надад хүмүүс бэлэг өгдөггүй юм. Уг нь би цэцгэнд маш их дуртай. Даанч Монголд тийм романтик залуус цөөхөн байдаг байх. Ямар нэгэн баяраар л нэгэндээ бэлэг өгдөг.
– Ирээдүйн нөхрөө ямар байгаасай гэж хүсдэг вэ. Хөрөнгө мөнгө, нийгэмд эзлэх байр суурийг нь харах уу?
-Сайн хүн байгаасай. Хөрөнгө мөнгө, байр суурьтай байвал сайн л биз. Элдэв шалгуур тавиад байх юм бол миний шалгуурыг давах хүн ховор байх. Тийм ийм гээд баахан шалгуур тавьдаг, эцэст нь түүнийг нь зуун хувь биелүүлэх, санаанд нийцэх хүн байхгүй л дээ.
– Хэзээ хүнтэй гэрлэх вэ, энэ талаар төлөвлөсөн зүйл байна уу?
-Үгүй ээ, ямар ч байсан одоохондоо уран бүтээлээ л хиймээр байна. Гэр бүлийн асуудал зохиох төвөгтэй юм шиг санагдаж байна. Цаг нь ирэхээр гэр бүлтэй болох л байх. Яг одоогоор найз залуу байхгүй нөхцөлд хэн нэгнийг хайгаад явахгүй байна. Нэг хэсэг найз залуутай болохыг маш их хүсч байсан. Хүсэвч хясна гэдэг шиг маш олон хүнтэй болзож байсан ч нэг нь ч таалагдаагүй. Яараад эрэлхийлээд байхад тэгдэг юм шиг болохоор нь зүгээр л ажлаа хийгээд явж байя гэж шийдсэн. Уран бүтээлээ хийгээд явж байхад аяндаа болох байх аа.
– Чөлөөт цаг хэр их гардаг вэ. Үеийнхээ залуустай хамт цагийг зугаатай өнгөрөөх үе байдаг биз?
-Залуус гэхээсээ илүүтэйгээр найз охидтойгоо уулзаж ярилцдаг.
– Шоудаж байна уу, Нара шоучин гэх нэр авсан байсан?
– Тийм үү, энэ оныг маш чимээгүй өнгөрөөж байна гэхэд болно. Найм, есдүгээр сард жаахан шоудсан. Шоудах ч гэж дээ тэртээ тэргүй монголчууд бүгдээрээ л шоуддаг биз дээ. Хүн бүхэн тэр шоунд өөр өөр бодолтойгоор очдог биз. Миний хувьд хааяа бүжиглэх гэж л очдог.
– Танд нэгэн нэр хүндтэй эрхмээс хэсэг хугацааг хамт өнгөрүүлэх санал ирвэл хүлээж авах уу?
-За арай ч дээ, олны танил эсвэл улс төрчид байж таарах уу. Би хүслийг биелүүлэгч биш шүү дээ. Хэн нэгэн надад тийм санал тавих юм бол мэдээж татгалзана. /инээв. Сур./
– Ихэнх хүмүүс ийм саналыг хүлээн авах байх?
-Сүүлийн үед эмэгтэй хүнийг үнэлэх үнэлэмж маш их буурсан байна. Мөнгөтэй, баян бол хэнийг ч дураараа захирч чадна гэж боддог. Эмэгтэй хүн бүхэн мөнгөнд дуртай, баячуудад дуртай гэж боддог. Тэдэнд янз бүрийн үзэл бодол байдаг. Тиймээс энэ бол ташаа ойлголт. Нэг удаа надад тийм залуу таарсан. Түүний ярьж байгааг сонсоод суухад бүх эмэгтэйчүүд мөнгө, хөрөнгөнөөс болж юугаа ч өгөхөөс бэлэн болдог гэсэн ойлголттой байсан. Үнэндээ тийм биш шүү дээ. Хүн өөрийгөө хүндлэх, бусдад үнэлүүлэх үнэлэмж байх ёстой. Мөнгөөр хэмжихийн аргагүй, эмэгтэй хүний өөрийнх нь үнэ цэнэ гэж байх ёстой.
– Хүнтэй гэрлээгүй байгаа залуу бүсгүй сексийн амьдралаа яаж зохицуулж байна вэ? Мэдээж секс бол биологийн хэрэгцээнээс гадна таашаал өгдөг зүйл учраас ингэж асууж байна л даа?
-Миний сексийн амьдрал тийм чухал биш биз дээ. Өөрийнхөө сексийн амьдралыг яриад явах хэрэгтэй гэж үү. Энэ чинь сексийг сурталчилсан хэрэг болно биз дээ. Сексийг зөвхөн хэрэгцээ таашаал авахын тулд хийдэг гэвэл өрөөсгөл ойлголт. Би ямар нэгэн мал, амьтан биш шүү дээ. Таашаал авах гэж байна гээд л хүссэн болгонтой дотно харьцаанд орно гэдэг бол байж болшгүй асуудал. Хүн бүхний үзэл бодол өөр.
– Тэгвэл зөв секс хийж, сайхан таашаал авч чаддаг уу? Ганц эрэгтэй хүн биш эмэгтэй хүн ч гэсэн сексийн мэдлэг сайтай, санаачилга гаргадаг байх ёстой гэдэг шүү дээ. Ер нь сексийн мэдрэмж хэр вэ?
-Энэ тал дээр өөртөө сэтгэл хангалуун явдаг. Гэхдээ найз залуу байхгүй үед хэн нэгнийг хайгаад, сексгүй л бол үхэх гээд яваад байна гэдэг чинь тэнэглэл. Хүн малаас юугаараа ялгаатай билээ. Оюун ухаанаараа, бодож ухамсарладаг, сэтгэдгээрээ ялгаатай. Түүнээс хэрэгцээ гээд л хавьтсан ойртсон болгонтойгоо яваад тоо цуглуулах гээд ч байгаа юм уу, эсвэл олон хүнтэй унтсанаараа сайхан хүүхэн гэдгээ мэдэрдэг гэсэн асуудал биш.
– Сард олдог дундаж орлого?
-Одоогоор ээж аавынхаа гэрт амьдарч байгаа учраас илүү зардал гаргахгүй байна. Өөрийнхөө уран бүтээлээс гадна аавынхаа ажилд хааяа туслаад мөнгө олдог.
– Өөрийн чинь олж байгаа мөнгө таны амьдралд хангалттай байж чаддаг уу?
-Зөвхөн дуулаад мөнгө олдог гэвэл хэцүү. Тиймээс телевизийн шоу нэвтрүүлэгт ажиллаад явж байсан. Дээр нь эцэг эхээсээ багагүй тусламж авдаг. Түүнээс яахаа алдсан баян хүн биш шүү дээ.
– Өдөрт халаасандаа хэдэн төгрөгтэй явдаг вэ. Яг одоо чиний хэтэвчинд хэдэн төгрөг байна?
-Янз бүр байдаг. Заримдаа бүр нэг ч төгрөггүй гарах үе байдаг. Сая банкнаас мөнгө аваад явж байна. Дуугаа бичүүлж байгаа учраас Рагуд өгөх ёстой мөнгөө аваад явж байна. Яг одоо бол 400 мянган төгрөг л байна.
– Мөнгийг юунд хамгийн их зарцуулдаг вэ?
-Хэзээ юунд гэдгээсээ шалтгаалдаг. Ер нь би өөрөөсөө харамлаж чаддаггүй юм.
– Гоёл чимэглэлийн зүйл гар татахгүй авч чаддаг уу. Чамин хээнцэр байдлыг чухалчилдаг уу эсвэл чанарыг уу?
-Чанар маш чухал. Миний хэрэглэж байгаа хувцас, гоёл чимэглэлүүд бүгд чанартай, цөөхөн байдаг. Чанаргүй олон юм байснаас часхийсэн цөөхөн юмтай байсан нь дээр.
– Та ямар фирмийн үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ? Гоо сайхандаа сард хэдий хэрийн мөнгө зарцуулдаг вэ?
-Гоо сайхандаа мөнгө зарцуулалгүй яахав. Сэтгэлд нийцсэн зүйлээ хичнээн үнэтэй байсан ч авч чаддаг. Үнэртэй усны цуглуулга байгаа. “Dior”-ын бүх брэнд уснууд байгаа. Чамин тансаг, ихэмсэг үнэрт дуртай.
"Хүмүүс" сонин