Ятга хөгжмийн гайхамшигт аялгууг хүний зүрх сэтгэлд хүртэл тоглож “Ятгын хатан хаан” хэмээн нэрлэгдэх болсон нь зүгээр ч нэг өгчихсөн алдар хүнд биш юм. Ази төдийгүй Европт өөрийн авьяасыг гайхуулж, Монголынхоо ардын урлагийг сурталчилж ирсэн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе.
-Танд зуны сайхан өдрийн мэнд хүргэе. Ойрд нэлээд завгүй гүйгээд байна уу?
-Зуны амралт эхлэх гээд, сургуулиудын шалгалт шүүлэг давхацсан энэ өдрүүдэд нэлээд ачаалалтай байна. Би Хөгжим бүжгийн коллежид багшилдаг. Манай сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр анх удаа н.Мөнхбаатар гэдэг монгол залуу төгсч байгаа юм. Түүний зохиосон ятгын концертыг би шалгалтад нь тоглож өгөөд ирлээ.
-Анхных гэхээр Хөгжим бүжгийн коллеж урд нь хөгжмийн зохиолчоор төгсгөж байгаагүй гэсэн үг үү?
-Хөгжим бүжгийн коллежийн хувьд хөгжмийн зохиолч мэргэжлээр өмнө нь өвөрмонгол хүүхдүүд төгсч байсан юм билээ. Харин энэ жил анх удаа халх монгол залуу байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй. Түүний бичсэн ятгын концертоор уран бүтээлийн сан хөмрөгөө нэмж байгаа нь бахархалтай юм.
-Таны урлагийн замнал, ажил амьдрал энэ сургуультай салшгүй холбоотой байх. Босгыг нь алхан орж байсан тэр үеэ дурсаач?
-Бага насандаа хөгжим сонирхож ятгын утсанд гар хүрч, дууг нь сонссон тэр мөчөөс миний ятгачин болох хүсэл мөрөөдөл эхэлсэн. Тухайн үед авьяастай хүүхдүүдийг сонгож аваад хичээллүүлдэг, төгсөхөөр нь хөдөө орон нутагт ажиллуулдаг байсан. Харин сүүлийн үед монголчууд маань үндэсний урлагаа сонирхдог, хичээллэдэг болж. Ятгатай амьдралаа холбоод 30-аад жил болжээ.
Би Хөгжим бүжгийн коллежийн /хуучнаар ХБДС/ ахлах ангид сурч байхдаа сургуульдаа багшилдаг, Морин хуурын чуулгад давхар ажилладаг байсан. Төгсөөд ҮДБЭЧ-д хөгжимчнөөр орж, гурван газар ажилладаг сүрхий хөгжимчин байлаа. Удалгүй “Эгшиглэн” хамтлаг надад санал тавьснаар бид баруун Европын орнуудаар тоглолт хийхээр хилийн дээс алхаж байсан юм. “Бөртэ” хамтлагаа байгуулснаас хойш 10 гаруй жил Германд амьдарч байгаад ирсэн. Олон жил гадаадад амьдрахаар эх орныхоо үнэ цэнийг илүүтэй мэдэрч, сэтгэл зүрх наашаа тэмүүлдэг юм билээ.
2009 оноос эхлээд Хөгжим бүжгийн коллеждээ багшилж байна. Бас Монголын хөгжмийн товчооны дэргэд өөрийн хувийн ятгын сургалтаа нээгээд гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдүүд төдийгүй насанд хүрсэн залуучууд ч сонирхож суралцаж байна. Хөгжим хүнд ямар гоё мэдрэмж, их эрч хүч өгдөг, ямар нэр хүндтэй болохыг мэддэг болжээ.
-Урлагийн хүмүүст авьяасаас гадна биеийн өгөгдөхүүн байдаг гэдэг. Ятгачин хүний хуруу, гар ямар байх ёстой юм бол?
-Мэдээж байгалиас заяасан авьяастай, тодорхой хэмжээний сонсгол, ритмтэй байх ёстой. Тэгээд гар маш чухал.
Хуруу нь урт, богино биш дунд зэргийн мөртлөө нарийн биш байх ёстой. Яагаад гэвэл ятгын чавхдасыг татаж өнгө дуугаргахад бяд хэрэгтэй. Хөгжим бүр өөрийн гэсэн өнгөтэй. Тэр өнгийг гаргахад хурууны өндөг маш чухал. Өндөг зузаан байж гоё, тослог өнгө гаргадаг. Мэргэжлийн ятгачин болох гээгүй сонирхогчдод багахан авъяас байхад хөгжүүлж болно. Тэгэхийн тулд өндөр шаардлага тавиад байдаггүй. Харин тэдний сэтгэлийг сэргээсэн хөгжим зааж өгөхөд их дуртай байдаг.
-Та олон жил хүний нутагт уран бүтээл туурвижээ. Монголынхоо ардын урлагийг сурталчлаад явж байхад бахархах сэтгэл төрнө биз?
-Бүх зүйл дардан шулуун байдаггүй. 1996 оны үед биднийг европт анх очиж байхад Монгол Улсыг мэддэг хүн цөөн байсан. Монгол гэхээр хаана байдаг ямар улс вэ гээд газрын зураг бариад ирнэ. Ихэнх газрын зурагт Хятадын Монгол, Оросын Монгол гэж байдаг. Тэр нь хэзээний, ямар учиртай газрын зураг байдаг юм бүү мэд. Тэгээд Чингис хаан гэхээр мэднэ. Баруун европ хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн газар.
Тэнд байгальтайгаа ойр, натур өв соёл үнэтэй байдаг. Тиймээс Монгол ардын үндэсний урлаг, хөөмий, морин хуурыг их сонирхдог учир бидний тоглолт тасраагүй. Том фестивалиуд, тоглолтууд, телевизийн бичлэгт ч олон орсон. Харин 10 жилийн дараа Монгол Улсыг мэдэхгүй хүн байхгүй болсон доо.
-Эх орноо дэлхий нийтэд сурталчилна гэдэг том гавьяа. Гэхдээ гадныханд үндэсний өв соёлоо зааж өгөх нь буруу гэж үздэг хүмүүс ч байдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Бид байнгын тоглолттой байсан учраас хүнд хичээл заах цаг зав байгаагүй. Тодорхой хэмжээнд тэнд байгаа монголчууддаа, тэдний хүүхдүүдэд зааж өгөх тохиолдол байсан. Гадныханд зааж өгөхөд маш сайн ойлголцох хэлний мэдлэг чухал. Гэхдээ хөгжим гэдэг ойлголцоход харьцангуй амар, орчуулагчийн хэрэггүй гэдэг. Гадныхан манай хөөмий, морин хуурыг их сонирхож, сурах хүсэлт тавьдаг.
Тэдний цусанд байхгүй болохоор хол, эв дүй муутай, удаан сурдаг. -Ятга хөгжим Монголд төдийгүй Азид дэлгэрсэн байдаг. Манай ятга ямар онцлогтой вэ?
-Монголын үндэсний хөгжим ятга маань Хятад, Вьетнам, Солонгос, Япон гээд Ази, дорно дахинд илүү түгэн дэлгэрсэн. Хэдий ижил төстэй боловч техник, тоглох арга барилын хувьд өөр байдаг. Монгол, солонгосчууд өндгөөрөө нясалж тоглодог байхад бусад нь хиймэл хумс, хуруувч хийж тоглодог. Энэ нь чанга, хатуу, металь дуугарч сонсогддог. Харин бид өндгөөрөө дуугаргадаг учир зөөлөн, уянгалаг сонсогддог болов уу. Гэхдээ манай сургалт өндгөөрөө, хумсаараа тоглохыг аль алиныг нь хослуулж заадаг онцлогтой.
-10 гаруй жил европоор аялан тоглосон “Бөртэ” хамтлагийн аяллын нэгдсэн маршрутыг гаргасан уу. Хэчнээн улс оронд, хэдэн тоглолт хийсэн байдаг вэ?
-Яг нарийн тоо байхгүй. Одоо бодоход хийх ёстой байсан юм билээ. Гэхдээ бидний тоглолтын хуваариуд бий. Бас нөхөр маань өдөр бүр тэмдэглэл хөтөлдөг. Тэр бүхнийг ашиглаад ном, товхимол гаргавал сонин байх болов уу гэж ярьдаг юм. Тэр үед бидний тоглолтын нарийн тоо гарах байх.
-Монголчууд дэлхийн улс орнуудаар аялан тоглолт их хийдэг. Мөнгө олох боломж хэр байдаг вэ? -Хүмүүс гадагшаа явахаар л их мөнгө олдог, баяждаг гэж боддог. Гэтэл үнэндээ хэдэн зууны турш тогтсон заншил дунд орж зохицож уусч амьдарна гэдэг амаргүй. Маш их зардалтай. Тэгэхээр олсон мөнгөө уран бүтээлдээ, тоглолтын хувцас хэрэгсэл, хэрэглээ, амьдрахад зарцуулна. Тиймээс олсон мөнгөө өдөр тутмын амьдралдаа зарцуулаад, хүргээд явдаг.
Гэхдээ энэ хугацаанд ямар ч мөнгөөр олж авахааргүй асар том амьдралын сургуульд суралцаж, ухаан сууж, туршлага хуримтлуулж чадсан. Мэдээж хөгжилтэй орны нийгмийн хангамж сайн юм билээ. Сүүлдээ биднийг буцах үед ажиллах эрх өгөөд, хүүхдийн мөнгө зэрэг нийгмийн янз бүрийн халамж өгсөн. Гэхдээ л “Жаргалтай газар хүн тогтдоггүй” гэдэг шиг тэнд биш энд эх орондоо амьдрал минь байгааг ойлгож, ирсэн дээ.
-Урлаг өндөр хөгжсөн хөгшин европоос уран бүтээлчийн хувьд авах зүйл олон байсан биз?
-Мэдээж олон уран бүтээлчтэй хамтран ажиллаж, нөхөрлөж, тэмцээн уралдаанд орж байсан болохоор бид цаг тутамд хөгжиж байсан. Тэр утгаараа “Бөртэ” хамтлаг этник жазз хэлбэрийн бүтээлүүдийг гаргасан. Энд ирээд тоглоход мэргэжлийн урлагийнхан, хөгжмийн ертөнцийнхөн үзээд “Та нар шинэчлэлийг үнэхээр хийжээ. Та нараас суралцах юм их байна” гэж гайхаж, шагшиж байсан.
“Явсан нохой яс зууна” гэгчээр олон сайхан зүйл уран бүтээлд маань шингэсэн байх. Хамтлаг гэхээр хүмүүст тогтсон хэдэн хүн байх ёстой гээд үгүйлээд байдаг. Харин манай “Бөртэ” хамтлаг олон төслөөр явж ирсэн. Германд байхдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ, эсвэл хоёулаа, хөөмий ганцаараа тэндхийн хамтлаг дуучидтай хамтран тоглоно. Монголдоо ирээд ч манай хамтлагийн бүрэлдэхүүн шинэчлэгдсэн. Яг одоогийн байдлаар миний соло прожектон дээр ажиллаж байна. Удахгүй шинэ уран бүтээлүүдээрээ бэлэг барьж, хамтлагаараа тоглолтоо хийхээр төлөвлөж байна.
-Хүний амьдралын салшгүй хэсэг, амжилтын үндэс бол гэр бүл байдаг. Таны хувьд урлагийн ханьтай нь давуу талтай байх?
-Хүн ер нь хэнээс үндэслээд хэн болсноо, ямар байснаа үргэлж бодож, тэр хүмүүстээ талархаж явах ёстой. Талархал байвал хүн зөв явдаг. Миний өнөөдрийн урлагийн амжилт, аз жаргалтай амьдралын гол үндэс бол хань Д.Ганпүрэв юм. Бид нэг бие шиг зүтгэдэг. Уран бүтээлч ханьтай байх олон сайн талтай ч зарим үед амьдрал хаягдах нь бий.
Гэхдээ урлагийн амьдрал аз жаргалтай. Би урлагийн ханьтай болсондоо баярладаг. Хань минь намайг үнэн сэтгэлээсээ ойлгож, дэмждэгт нь үргэлж талархдаг. Манайх охин, хүү хоёртой. Хоёуланг нь Германд төрүүлсэн. Том нь энэ жил сургуульд орох гэж байна. Уран бүтээл гэж явсаар хүүхдүүдээ хожуу гаргасан.
-Таны нэрний урд “Ятгын хатан хаан” гэдэг алдар явдаг. Ямар учир түүхтэй юм бол?
-Сэтгүүлчид бүгд л энэ талаар асуудаг юм. Би яг ийм шагнал урамшуулал гардаад авчихсан юм байхгүй.
2001 онд Малайзад олон улсын том фестивальд тоглосон юм. Гэтэл маргааш нь тэндхийн сонин хэвлэлүүдээр “Ятгын хатан хаан” гэсэн гарчигтай нийтлэл гарсан байсан.
Тухайн үедээ би мэдээгүй л дээ. Харин герман менежер маань тэр бүх мэдээллийг уншчихаад надаар маш их бахархаж байгаагаа хэлсэн. Түүнээс хойш л энэ нэр намайг дагалдах болсон. Би энгийн байх дуртай. Намайг хэт дөвийлгөөд байхаар санаа зовдог юм.
-Ятга хөгжмийг эмэгтэй хүнд зориулагдсан уянгалаг хөгжим гэдэг. Харин та юутай зүйрлэх бол? -Ятга бол гайхамшигтай хөгжмийн зэмсэг. Уярахаас, хайрлахаас аргагүй. Хүнийг амьдралд унаж босч явахад нь сэргээдэг зүйл байдаг юм билээ. Миний хувьд ятга хөгжмийн уянгалаг аялгуунд сэргэж, татагдаж урлагтаа дахин орсон түүх бий.
-Таныг европын том симфони оркеструудтай хамтран тоглож байсан гэж сонссон. Энэ бол чамгүй амжилт биз?
-Энэ бол манай “Бөртэ” хамтлагийн мөрөөдөл байсан. Манай хөгжмийн зохиолчдын симфони оркеструудтай ятга, морин хуурын бүтээлүүд байхад яагаад бид тоглож болохгүй гэж боддог байсан. Харин том мөрөөдөл маань богино хугацаанд хурдан биелсэн. Хамгийн анхны тоглолтоо Германы Лар хотод хийсэн. Түүний дараа Штутгартын болон Ейны, Украйны симфони оркестртой хамтран тоглосон.
Чадварлаг чансаатай хөгжимчдийн урд гараад тоглоно гэдэг амаргүй. Төрийн соёрхолт Н.Жанцанноровын ятга симфони найрал хөгжимд зориулсан 20 минутын концерт, Б.Шаравын морин хуурын концертыг европын цагаан толгойтой мэргэжлийн хөгжимчидтэй тоглоход тэд үнэхээр гайхаж биширч байсан. Зөвхөн би, морин хуур гоцлоод байсан юм биш. Манай “Бөртэ” хамтлагийн ахлагч Д.Ганпүрэвийн 6-7 бүтээлийг Германы найруулагч симфони оркестрт зориулан найруулж, хамт тоглосон.
-Нэлээд олон уралдаан тэмцээнд оролцож шагнал авч байсан гэж сонссон?
-Бидний хамгийн анхны шагнал бол Манхайн хотын олон улсын фестивалиас гранпри авсан. Манай нөхөр Д.Ганпүрэв хөгжмийн зохиолч биш ч өөрийн дур сонирхлоороо хөгжим бичдэг. “Ингэн тэмээний нулимс” киноны хөгжмийн найруулга, “Шар нохойн там” киноны хөгжмөөр Америкийн кино наадмын “Киноны шилдэг хөгжим” шагналыг авч байсан. Тэр жилдээ Германы пянз үйлдвэрлэгчдийн “Шилдэг уран бүтээл”-ийн шагнал авсан.
-Та Монголдоо ирээд бие даасан тоглолтоо хийсэн. Олон жилийн дараа эх орныхоо тайзан дээр тоглох чамгүй хүнд шалгалт байв уу?
-Би 2001 онд морин хуурч Цогбадрахтай хамтран “Алтайд хөглөгдсөн уянга” тоглолт, 2004 онд “Хос үрээхэй” тоглолтоо хийсэн. Энэ тоглолт дээр тухайн үед бичигдсэн ятганд зориулсан бүх концертыг тоглосон. Харин өнгөрсөн жил “Хатан ятга” нэртэй тоглолтдоо мэргэжлийн том бүтээлүүд болон залууст зориулсан бүтээлүүдээр хийсэн. Тухайн үед сонгуулийн үе таарсан юм шиг санагдсан. Удахгүй сайхан уран бүтээлүүдтэй тоглолтоо хүргэнэ.
-Монголын рок попын уран бүтээлчидтэй хамтарч байгаа. Дуучин Т.Дэлгэрмөрөн та хоёрын хамтран гаргасан дуу хэдийнэ үзэгчдийн хүртээл болчихлоо. Сэтгэгдэл ямар байна?
-Дуучин Т.Дэлгэрмөрөн “Манай аялгуу” төсөлд “Чандмань эрдэнэ” дууг дуулахаар болсон юм билээ. Тэгээд над руу утасдаад хамтран тоглох санал тавьсан. Тэр дууг сонсоход маш торгомсог, сэтгэлээрээ дуулсан учраас би зөвшөөрсөн.
Дараа нь Рагу яриад манай “The Mongolian live sessions” төсөлд оролцооч гэсэн юм. Нэг дуучин, нэг хөгжимчин хамтрах энэхүү төсөлд Дээгий бид хоёр ярилцаж байгаад “Уянга цагаан хуруу” дууг сонгосон. Гавьяат дуучин Б.Энхбат агсны дуулж нийтийн хүртээл болгосноос хойш дахин дуулагдаагүй учраас бидний уран бүтээл их сайхан болсон. Энэ бол эхлэл. Олон уран бүтээл дээр хамтран ажиллах санал дуучид, хөгжимчдөөс ирж байгаа.
-Ятга хөгжим хүмүүсийн анхааралд орж байгаад таны хувь нэмэр их байна?
-Ятгатай дуулах ямар гоё байдгийг С.Вандан, Д.Дуламсүрэн, П.Адарсүрэн, Д.Түмэндэмбэрэл, Ц.Өлзий-Орших зэрэг сайхан дуучид байсан. Ятгын гоцлол гэдэг утгаараа сүүлийн 10-аад жил орхигджээ. Ятга хөгжмийг дуучдын арын хөгжим, оркестрт туслах үүрэгтэй гэж ойлгож иржээ.
Гэтэл ятгыг судлаад үзэхэд ямар баялаг, агуу маш сонирхолтой арга техник байдгийг би оюутан байхдаа мэдэрч байсан. Тиймээс тоглох шинэ арга техникийг уран бүтээлдээ оруулж ирж байна.
Х.Монголхатан