Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Мятаршгүй Жоли
Уртын дуу

Мятаршгүй Жоли

Урлаг Урлаг11/06/2013Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1364824394608.cached6483831242013-06-11-10-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Оскарын шагнал гардаж авахаар тайзан дээр зогсож байх үедээ Анжелина Жоли төрсөн ахынхаа уруул дээр үнсчихжээ. Тухайн үед Америкийн хэвлэлүүд энэ тухай янз бүрээр шуугиж, зарим нь “Тэр олны анхаарлын төвд байхыг хүсч байна” гэж байв.

Үнэхээр л тэр хувийн амьдралтай нь холбоотой элдэв хов жив, биен дээрээ зуруулсан янз бүрийн шивээс, багадаа хэрэглэдэг байсан хар тамхиныхаа тухай яриагаараа шар хэвлэлүүдийн нүүрийг чимдэг байжээ. Гэвч өнөөдөр ам л нээвэл хүмүүнлэгийн үйлсийн тухай ярьж, хөхний хагалгаа хийлгэн хорт хавдартай тэмцэж, үүгээрээ дамжуулан сая, сая эмэгтэйчүүдийг амьдрахын тулд тэмцэх ёстой гэж уриалах аж.

“New York Times” сонинд гаргасан “My medical choice” нийтлэлдээ Жоли “Эмч намайг хөхний хор хавдар тусах магадлал 87 хувь, өндгөвчний хорт хавдар тусах боломж 50 хувьтай гэж хэлсэн… Харин эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсны дараа хөхний хорт хавдар тусах магадлал таван хувь болсон” хэмээн бичжээ. Ээж нь хэрхэн нас барсан тухай, мөн өөрт нь хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай ген удамшсан тухай, ямар эмчилгээ хийлгэсэн, гэр бүлийнхэн нь яаж хүлээж авсан, хүүхдүүддээ юу гэж тайлбарласан тухайгаа Жоли нийтлэлдээ өгүүлсэн байна. “Time” сэтгүүл түүнийг эдгэршгүй хүнд өвчин тусчихаад энэ тухайгаа олон нийтэд зарлаж, өвчинтэйгөө тэмцэж байсан Холливуудын одуудтай адилгажээ. Тэд асар богино хугацаанд маш их нэр хүндтэй болж, урлагийн салбараас нийгэм, улс төр рүү орж байсан түүх бий. Магадгүй нэг л өдөр Холливуудын од улстөрч болно гэвэл үгүй гэх газаргүй юм.

Анжелина Жоли Лос Анжелес хотод төржээ. Түүний аав нь Оскарын шагналт жүжигчин, ээж нь загвар өмсөгч байв. Гэвч нэг настай байхад нь эцэг эх нь салж, ээж нь Жолиг ахтай нь хамт өөрөө дээрээ авч, Нью-Йорк руу нүүжээ. Жоли багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан гэнэ. “Үзсэн кинонуудаа жүжиглэж үзүүлээд хажууд нь гурав, дөрвөн цаг чалчиж суугаа надаас залхахгүйгээр миний яриаг сонсдог байсан ээждээ одоо маш их баярладаг” хэмээн “Cosmopoliton” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байжээ. Түүнийг 14 настай байхад ээж нь найз хөвгүүнтэйгээ хамт амьдрахыг зөвшөөрч байсан гэнэ.

Харин тэр үеэс хар тамхи хэрэглэж, өөрийгөө янз бүрийн хутгаар гэмтээх болж. Хожим нь “Чи залуухан, бас согтуу хэрнээ орондоо хутга бариад хэвтэж байх үед үүнээс өөр юу тохиолдох ёстой юм бэ” хэмээн ярьж байжээ. Ямартай ч тэр үеэс Жоли голдуу хар хувцас өмсч эхэлсэн байна. Одоо ч тэр хэвээрээ байдагт нь хүүхдүүд нь хүртэл гайхдаг гэж ярьж байсан аж. Жоли Беверли Хиллсийн чинээлэг сургуульд сурдаг байв. Гэвч ээж нь дундаж орлоготой нэгэн байсан учраас тэр баячуудын хүүхдүүдтэй адилхан байж чаддаггүй, тэднээс нэлээд тусгаарлагдмал байжээ. Бусад нь ч түүнийг гадуурхдаг байснаас болж сэтгэл зүйн хувьд хүндхэн байсан гэдэг. Энэ тухайгаа хожим “Надад тэр үед их хүнд байдаг байсан. Тэгэхээр нь би хутгаар гараа зүсч, өөрийгөө амьд гэдгээ мэдэрдэг байсан” гэж ярьжээ. Харин 20 нас хүрэх үеэсээ болж л өгвөл бүх төрлийн мансууруулах бодисыг хэрэглэж үзэхийг хүсэх болж. Үүнээс болоод төрсөн эцэг нь түүнийг “Сэтгэцийн өөрчлөлттэй” гэж тодорхойлж байсан юм.

Анжелина Жолигийн кино урлагт орсон түүх нь дардан байсангүй. Кинонд бүтээсэн түүний анхны дүрүүдийг хэн ч тоож хардаггүй байв. Тэрбээр 1993 онд нэг жилийн дотор хоёр ч кинонд тоглосныхоо дараа аав шигээ хувийн амьдралынхаа тухай цуурхлаар алдаршихыг хүсч эхэлсэн байна. Харин 1998 онд “George Wallace” нэртэй кинонд Алабама мужийн амбан захирагчийн хоёр дахь эхнэрийн дүрийг бүтээж, түүгээрээ Алтан бөмбөрцгийн шагнал авчээ. Энэ үеэс Анжелина Жолиг кино шүүмжлэгчид магтах болж. Эцэст нь тэрбээр Албан бөмбөрцгийн шагналыг гурван удаа, Оскарын шагналыг нэг удаа хүртсэн юм. Ийнхүү олон нийтэд таалагдахуйц дуулиан шуугиант амьдралтай, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан Холливудын жүжигчин болов. Харин 2001 оноос дэлхий дахинд ашиг орлогоороо тэргүүлсэн кинонуудад тоглож эхэлсэн байна. Гэвч түүний ур чадвар харагдахаа больсон гэх шүүмжлэлийг дагуулжээ. “Los Angeles Times” сонинд түүнийг Оскар авснаасаа хойш Холливудын экшн киноны эмэгтэй гол дүр болж хувирсан хэмээн бичиж байжээ. Гэвч түүний тоглосон баатарлаг эмэгтэй тагнуулчийн дүр бүхий кинонууд асар их ашиг орлого олох болов.

Хувийн амьдралын тухайд гэвэл анхны нөхрөөсөө салсны дараа “Дахин хүнтэй гэрлэнэ гэж бодохгүй байна” гэж байжээ. Тэр Холливудын алдартай хосыг салгаж, Брэд Питтийн эхнэр болсон юм. Энэ тухай нь “Тэр олон нийтийг зугаацуулдаг үлгэр жишээ од” гэж бичиж байжээ. Нөхрийнх нь хуучин эхнэр болох Женнифер Анистоны фэнүүд байшинг нь эвдлэх гэж дайрч байна хэмээн цагдаад дуудлага өгч байсан Жоли өнөөдөр зургаан хүүхдийн ээж болчихоод  гэр бүлийн хувьд янз бүрийн хэл амнаас гадуур амьдарч байгаа аж.

Жоли 2001 онд “Lara Croft: Tomb Raider” нэртэй кинонд тоглох үеэрээ Камбожид очжээ. Харин түүнд тэндхийн амьдрал аймшигтай санагдсан гэнэ. Ингээд НҮБ гэж ямар газар байдгийг судалж, эх орноосоо дүрвэн гарсан 20 сая цагаач байдаг гэдгийг уншаад хүмүүнлэгийн ажил хийж эхэлсэн байна. НҮБ-ын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ “Намайг энэ ажилд оролцуулахгүй юм бол та нар харамсана шүү” гэсэн тухайгаа Жоли нэгэн ярилцлагадаа дурьджээ. Анх Танзани, Пакистан зэрэг улсад дүрвэгчдийн байгаа газар очсоныхоо дараа тэрбээр НҮБ-ын хүмүүнлэгийн элч болсон байна. Харин 2002 онд Камбожоос Мэддокс нэртэй хүүгээ өргөн авчээ. Брэд Питттэй хамт амьдрах болсноос хойш тэрбээр Этопиагаас Захара охиноо, Вьетнамаас Пэкс хүүгээ үрчилж авсан байна. Жоли-Питт нэртэй сан байгуулж, хүүхдүүдийнхээ зургийг сэтгүүлд зарж олсон орлогоо бүгдийг нь хандивлажээ. Анхандаа дүрвэгчдийн байгаа газраар ганцаараа аялдаг байсан бол сүүлд нь нөхөртэйгөө Пакистан тэргүүтэй оронд очиж, хүмүүстэй уулзан хандив өгөх болсон аж.

Боснийн  дайнаас сэдэвлэсэн “In the land of blood and honey” нэртэй киног 2011 онд найруулсан бөгөөд үүнээс болж хоорондоо таарахаа больсон хоёр улсын нэг нь түүнийг хүндэт иргэнээ болгож, нөгөөх нь түүнийг улс орон руу орохыг хоригложээ. Өнгөрсөн онд Жоли НҮБ-ын цагаачдын асуудал хариуцсан дээд комиссын тусгай эрхт төлөөлөгч болсон юм. НҮБ-аас түүнийг цагаачдын 40 гаруй бүс нутагт очиж, таван сая ам.долларын хандив өргөсөн хэмээн мэдээлжээ.

Нэр хүндийн хойноос хөөцөлддөг Холливудын одод хүмүүнлэгийн тусламж гэдгийг өөрийнх нь амжилтад хүрэх нэг хэрэгсэл гэж ойлгох нь цөөнгүй. Тиймээс Анжелина Жолиг тэдний нэг гэх шүүмжлэл үе, үе гардаг. “New York Times” сонинд “People” сэтгүүлд хүү Мэддоксийнх нь зураг, мөн Жоли орон гэргүй цагаачидтай хэрхэн уулзаж байгаа тухай зураг ээлж дараалан гарч байгаа нь шүтэн бишрэгчдийнхээ тоог нэмэх аятайхан боломж боллоо” хэмээн бичиж байжээ. Энэ бүхэнд хариу болгож Жоли “Би нэр хүндээрээ дамжуулан хүнд хэцүү амьдралтай байгаа цагаачид руу олон нийтийн анхаарлыг хандуулахыг хичээдэг. Гэхдээ миний очсон газар орны тухай хэдий чинээ шуугина, төдий чинээ “Энэ бол Жолигийн нэр хүндээ өсгөх гэсэн арга” гэж тайлбарладаг. Одоо яая гэх вэ дээ” гэж ярьсан байна. Үүнтэй нь уялдуулаад зарим хэвлэлээр түүнийг “Хэрэв тэр бусадтай адилхан байсан бол дайн болж байгаа улс оронд очиж, эрсдэл үүрэх шаардлагагүйгээр хүмүүнлэгийн тусламж үзүүлж болох л байсан” гэх зэргээр бичих аж. Харин хорт хавдартай тэмцэж буйгаа зарласан Жолигийн мэдэгдэл жинхэнээсээ шуугиан тарьсан юм.

Анжелина Жоли нэлээд олон ярилцлагадаа “Би өөрийгөө хутгаар зүсдэг байх үеэсээ л “Би яг хэн юм бэ” гэж үргэлж асуудаг байсан” гэж байв. Харин нэлээд сүүлд “Би өөрийнхөө амьдралыг кино, гэр бүл, хүмүүнлэгийн ажил гэсэн гурван хэсэгт л хуваана” гэсэн бол хамгийн сүүлд “Бид учрыг нь олж дөнгөхөөр хорт хавдар мэтийн зүйлс эмэгтэйчүүдийг айлгахгүй байгаасай гэж би хүсдэг” хэмээн “My medical Choice” нийтлэлдээ онцолжээ. 14-тэй байхдаа өөрөөсөө асууж байсан асуултдаа 38 насандаа хариулсан  нь тэр байж ч мэдэх юм. Тэр амьдралын өмнө хэзээ ч бууж өгөхгүй, жинхэнэ мятаршгүй эмэгтэй гэдгээ дэлхий дахинд харуулж чадсан билээ.
 
Т.Элиса

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025

Алдарт “The Holiday” киноноос сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

04/08/2025

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.