-За гээд тэр толгойгоо хурдан хурдан дохив. Тэгмэгц залуугийн нүд нь сэргэж ирээд, хүүхэд шиг гүйгээд шаахайг нь авчиран хөлд нь углахаар доош суулаа. Яг одоо хөлийг нь бариад шаахайг нь өмсгөж өгч байгаа энэ залуу, ер нь энэ болоод байгаа бүх юм нэг нүдээ нээхэд байхгүй болоод, гэртээ орон дээрээ сэрэх вий дээ гэхээс Цэцэглэн үнэхээр их айж байлаа. Эсвэл гэнэт бөөн тоосонцрууд болоод замхарчих вий дээ гэхээс түүнийг тэврээд тавимааргүй, дэргэдээс нь холдмооргүй. Ийм айдсыг тэр өмнө нь мэдэрч байсангүй.
Ганаа хөлийг нь тавичихаад, дээшээ хараад “Хоёулаа нэг өдөр эхнэр нөхөр шиг байх уу?” гэж пал хийтэл хэлж орхиход бүсгүйн зүрх нь яг гэрлийн хурдаар цохилоод эхэлж байгаа юм шиг санагдлаа.
-……
– Чи надад харин таалагдаад.
-…….
-Үгүй яахав дээ хөгжилтэй ш дээ. Тэгэх үү?
-……
-Ганцхан өдөр гээд Ганаа хуруугаа гозойлгон өөдөөс нь татгалзчих вий дээ гэсэн харцаар гүн ширтлээ.
-мм…
Яг үнэндээ түрүүн энэ үгийг сонссоноосоо хойш хамаг бие нь хөшчихөөд хурдхан зөвшөөрмөөр байсан ч арай гэж нэг дуугарч чадсан нь ердөө л энэ. Ганцхан өдөр гэдэг л түүнд хэцүү санагдаж байлаа. “Яагаад маргааш ч гэсэн байж болохгүй гэж?”
-За гэж хэлсэн үг нь хоолойгоор нь арай гэж багтаж гарах шиг, тийм том санагдлаа. Гэнэт их салхи гарч, бүсгүйн үс хийсэхэд дэргэдэх модных нь навчис бие биетэйгээ цохилдон сэрчигнэх нь яг олон бяцхан хүмүүс нэг нэгнээ алгадах мэт шир шир хийсэн чимээ гарч байв. Ганаа толгой дээгүүр нь давуулж дохиод
-Сонссон уу? Бид хоёрыг гэрлэсэнд баярлаад алга ташиж байна.
-Хэн?
-Навчнууд гэхэд нь бүсгүй тэсэлгүй инээчихэв. Өөрөөс нь ч илүү ийм гэнэн цайлган хүн энэ хорвоо дээр байдаг байсан санж.
-Чи яг зураач юм уу, зурагчин…ямар нэг уран бүтээлч хүн байх аа?
-Тэгж санагдсан уу. Таасангүй дээ гэснээ залуу нэг юм санав бололтой
-Өө хоёулаа одоо нэг тийшээ явъя.
-Хаашаа?
Гараас нь хөтлөөд алхлаа.
-Дараа тайлбарлана аа.
“Би яг одоо 180 гаруй өндөртэй, уртавтар үстэй, зурагчин аль эсхүл зураач байж мэдэх, 3-хан цагийн өмнө танилцаад хоёр цагийн өмнө учир битүүлгээр барьж аваад үнсчихсэн, тодруулбал яахаас ч буцахгүй ийм нэг залуутай цуг хаа нэг тийшээ явж байна. Хаашаа гэдгийг нь чөтгөр бүү мэд. Харамсах болов уу…Яасан ч харамсаж зүрхлэхгүй байх”
17 цаг 55 минут
Цэцэглэн “Effect Photo Studio” гэсэн газар луу “нөхөртөө” хөтлүүлсээр орчихлоо. Гэтэл хэд алхахын зуургүй “Манайх хаах гэж байна аа” гэсээр нэг дунд эргэм насны эмэгтэй тэднийг хойшоо түлхэв. Ганаа “Эгч ээ, бид хоёр ганцхан хуримын зураг даруулна тэгээд л болоо” гэхэд “Одоо амжихгүй ээ, гарцгаа гарцгаа” хэмээн загнав.
-Харин бид хоёр аав ээжээсээ нууцаар гэрлэлтээ батлуулах гэж байгаа юм аа. Тэгээд ядаж хуримын зурагтай болохыг хүссэн юм. Гуйж байна ш дээ.
Цэцэглэн чимээгүй л өнөөх эгчийн өөдөөс хараад инээмсэглэлээ.
-Ээ хөөрхийс тийм үү? Гэхдээ маргааш болцгоо, эгч нь маргааш аваад өгье.
-Маргааш өглөө би Солонгос явах гээд байгаа юм аа гэж хэлэхэд нь түүний дууны өнгө өмнөхөөсөө илүү цөхөрсөн байдалтай, бас харц нь энэ удаад үнэнээсээ ярьж байгааг нь илтгэж байлаа.
Зурагчин эгч чимээгүйхэн харж байснаа “За за ганцхан л зураг шүү” хэмээлээ.
Цав цагаан өнгийн бөмбөгөр хормойтой, торон энгэртэй даашинзыг өмсөж зогсохдоо Цэцэглэн жинхэнээсээ хурим хийх гэж байгаа юм шиг л баахан догдоллоо. Гялалздаг шигтгээтэй титмээ засаад өрөөнөөс гараад ирэхэд нь өөдөөс нь эрвээхэй зангиа, хар tuxedo өмссөн цэмцгэр залуу зогсож байв. Ямар нэг кинонд тоглож байгаа юм шиг мэдрэмж.
-Сүйт бүсгүй минь сайн уу? гээд гарыг нь зөөлөн үнслээ. Тэгээд бүсэлхийгээр нь тэвэрлээ. Цээжин дотор нь бөөн эрвээхэй орчихоод гарах гээд нисэлдээд байгаа мэт санагдаад Цэцэглэн зүрхээ дарлаа. Гайхалтай сайхан байгаа хирнэ, яагаад ч юм нэг л түгшүүртэй байдал өөрөөс нь түрүүнээс хойш салахгүй байлаа. Яг юунд ингэтлээ түгшээд байгаагаа олж чадсангүй.
-За бэлэн үү?
Хуримын хувцастай залуухан хос хацраа нийлүүлэн зогсоод зургаа даруулчихав. Дараа нь бүсгүй хувцас солих өрөөнд ороод даашинзаа тайлах гэтэл нэг дулаахан гар араас нь тэврээд авлаа. Тэр ороод ирчихэж. Хүзүүнд нь уруулаа зөөлөн шүргүүлснээ халааснаасаа утсаа гаргаж ирээд дээр нь Ганаа Фрэнк Синатрагийн “Something stupid” дууг тавиад бүсгүйг мөрөөр нь эргүлэн өөр лүүгээ харууллаа. Тэгээд толгойд нь хацраа наагаад аяархан найгаж, тэр хоёр бүжиглэж эхлэв. -Хуримлаж байгаа хосууд чинь бүжиглэдэг биз дээ хэмээн чихэнд нь шивнэхэд бүсгүй яаж амьсгалаад байгаагаа ч мэдэх сөхөө байсангүй.
“Then I go and spoiled it all by saying something stupid like I LOVE YOU…” Энэ хэсгийг нь залуу чихэнд нь улам ойртоод зөгийн бал шиг өтгөн хоолойгоор аяархан дуулж өгөв.
Уруулаараа дух сормуусыг нь багахан шүргээд нүдийг нь үнслээ. Дараа нь уруул, доошлоод хүзүүг нь эрэгтэй хүнийх гэхэд итгэмээргүй зөөлөн уруулаараа үнсэж эхлэв. Даашинзны энгэр мөрийг нь даган унахад тэр мөрийг нь үнсэв. Хөл дээрээ ч тогтвортой зогсож болмооргүй хэтэрхий бүр хэтэрхий уярмаар санагдахад бүсгүйд гэнэт энэ бүхнээс зугтмаар санагдлаа. Ганаа мөрийг нь дээшлүүлж өмсүүлээд, “Би гадаа гараад хүлээж байя” гэж шивнэн гарч явав. Цэцэглэн өөрийнхөө богино өмд, цамц хоёроо өмсөж байхдаа энэ бүх хэтэрхий сайхнаас сэрэх цаг нь болсон юм шиг санагдав. Тэгээд тэр зугтахаар шийдлээ. Юунаас болоод ингээд байгаагаа сайн ойлгоогүй боловч зүрх нь нэг л айдсаар дүүрчихээд зугтахаас нааш зүгээр болохооргүй юм шиг санагдаад байлаа. Тэгээд тэр хувцсаа өмсөөд л гараад гүйчихлээ. Угаалгасан зургаа авч зогссон Ганааг эргэж харахын гүйхийн завдалгүй бүр хамаг хурдаараа гараад гүйчихэв. Аль болох хурдан энэ зүүднээс холдоод өөрийнхөө байх ёстой газар, гэртээ очъё хэмээн бодогдов. Юм бүхэн хэтэрхий сайхан болоод ирэхийн цагт оргомоор санагддаг аж. “Цэцэглээн!” гэж араас нь дуудсан хоолойноос, түүний ховстой харцнаас, энэ бүх жингүйдлийн байдлаас өөрийгөө татаж авахгүй бол үүрд энэ зүүдэндээ үлдчих юм шиг дотор давчидмаар, аймаар.
“Чи угаасаа л энд байх ёсгүй байсан. Одоо ч байх ёсгүй. Эргэж буцах гээд үзээрэй… Яасан ч болохгүй шүү”
19 цаг 02 минут
“Бүх юм дууссан” гэхийн хажуугаар “Бүх юм гэнэ шүү, нэг их удаан хамт байчихсан юм шиг” гэсэн бодол толгой дотор нь цуурайтна. 5 хан цагийн өмнө л танилцсан юмсан. Гэтэл яагаад ингэж их хоосроод ирснийг мэдэх юм алга. Алхан алхсаар байрныхаа гадаа хүрээд ирчихжээ. Хөл нь бага зэрэг холгосон бололтой хорсоод л байсан ч түүний харах сөхөө ч түүнд алга. Нүдээ аниад, аниад л энэ бүх дотор нь сонсогдоод байгаа дуу чимээнээс ангижирмаар санагдав. Тэгээд нүдээ аниад нэг хоёр гурав хэмээн цааш тоолсоор алхлаа. Яг 15 гэхдээ ямар нэг том чулуунд тээглээд унахын даваан дээр хэн нэгэн хойноос нь түшээд авахыг мэдэрлээ. Нүдээ нээгээд хартал хамгийн их хүлээсэн хирнээ, хамгийн их зугтахыг хүссэн тэр хүн. “Нар минь”
-Чи хаанаас гараад ирэв ээ?
-Дараа тайлбарлая аа.
-Дараа, дараа л гээд байх юм. Хэзээ тайлбарлана гэж. Маргааш Солонгос явах гэж байгаа юм байж…Чи явахынхаа өмнө ганц өдөр надаар даажигнаж байгаад л орхиод явах гэж байсан биз дээ. Муу өөдгүй, тэнэг…Тийм байж бас дараа тайлбарлана гэнэ шүү. Алив тавиадах.
Ингэж хэлэхдээ түрүүнээс хойш юунаас айгаад байснаа бүсгүй ойлголоо. Тэр үнэндээ залууг маргааш яваад өгнө гэхээс айсан, тэгээд түүнийг алдах зориг байхгүйдээ өөрөө эхэлж зугтмаар санагдсан байж.
-Хэн тэнэг гэж. Гудамжинд явж байж нүдээ аниад алхаад байдаг хүн гэж байсан юм уу? Бүдэрч унаад машинд дайруулвал яана. Чи өөрөө ёстой тэнэг.
“Намайг чимээгүй дагаад л яваад байсан юм байна”
Бүсгүйд хэлэх үг олдсонгүй. Ганаа түүнийг босгож хувцсыг нь янзалж өгөөд өөдөөс нь хараад инээлээ.
Тэр хоёр хоёул чимээгүй бие биенээ харж хэсэг зогстол Ганаа
-Хоёулаа гэр бүл болсноосоо хойш анх удаа маргалдлаа ш дээ. Эхнэр нөхөр чинь хааяа муудалцчихаад буцаад л эвлэрчихдэг биз дээ гээд инээлээ.
“Би яаж түүнийг мартана гэж бодож чадсан байна аа?”
20 цаг 00 минут
-Би үнэндээ чамайг ойлгохгүй л байна.
-Юуг?
-Чи надаа нэрнээсээ өөр юугаа ч хэлээгүй. Бас юм асуухаар дандаа “Дараа тайлбарлая” гээд тойруулаад хаячих юм.
-За за уучлаарай. Чи одоо юу хиймээр байна? Чи миний нэг хүсэлтийг биелүүлж байгаа юм чинь би ч бас чинийхийг биелүүлье.
Бодож бодож байснаа –Од л хармаар байна. Даанч энд харагдахгүй байна гэв. Ганаа огло үсэрч босоод –Чи намайг яг 20 минут хүлээж байгаарай гээд гүйгээд явчихав. Гартаа барьсан зайрмагаа идсээр гудамжны модон сандлан дээр бүсгүй хоцорлоо.
20 цаг 20 минут
Дийд дийд. Марк II-ын цонхноос Ганаа толгойгоо цухуйлгаад “Эхнээр, хажууд ирээд суугаарай” гэж ориллоо. Эхнэр гэж дуудахыг нь насаараа сонсмоор. Гайхширч орхисон бүсгүй инээсээр хаалгыг нь онгойлгон суугаад
Хаанаас машин олчихов оо? Гэж асуулаа.
-Сая найзаасаа түр авчихлаа. Одоо хоёулаа од харагддаг газар руу явах уу? гээд тэр түлхүүрээ эргүүллээ.
Сэлүүхэн замаар хурдлан давхисаар тэд Туул голын бургаснаас цаашхан нэг газар очиж зогслоо.
-Миний хань энэ уутан дотроос хиам, бялаг, талх гурав гаргаад сендвич хийгээд гараад ирээрэй. Хань нь ороо засаадхая гээд Ганаа тоглоомтой нь аргагүй инээж хэлээд машинаас буулаа. Хэзээдээ ийм их юм цуглуулчихдаг байна аа? гэж Цэцэглэн аман дотроо бувтнаад түүнд зориулж ядаж сендвич ч болохнээ хийж өгөхөөр болсондоо баярлав. Хийж дуусчихаад уутанд хийгээд гартал хажууханд нь том улаан даавуу дэвсээд түүнийхээ голд олон жижигхэн зүрхэн хэлбэртэй лаанууд асаагаад сууж байлаа.
-Оройн хоол бэлэн боллоо…
21 цаг 00 минут
Тэр хоёр сендвичээ идчихээд, чулуу таалцаж тоглолоо. Дараа нь зэрэгцээд хэвтлээ. Цэцэглэн Ганаагийн зүүн гаран дээр нь толгойгоо тавьж, баруун гарыг нь хэвлий дээрээ авчирч тавив. Тэгээд од харав. Зөндөө олон однууд. Ээлж ээлжээрээ гялалзах нь нэг нэг эгшиг дуугарч байгаа юм шиг.
-Яг олон жижигхэн нүднүүд шиг харагдаад байх юм.
-Тэгвэл хоёуланг нь хараад атаархаж байгаа байх тэ.
-Аанхаан.
-Би маргааш өглөө 8 цагаас ниснэ.
Энэ үгийг нь сонсонгуутаа Цэцэглэн цээжинд нь нүүрээ наав. Үлдээч гэж хэлэх, гуйх ч эрх байхгүй гэдгээ тэр мэдэж байлаа.
-Мэдэж байна аа. Тэгээд л хэнтэй ч хамаагүй нэг шөнийг өнгөрөөе гэж бодсон тийм үү? Ингэж хэлэхэд нь бүсгүйн дуу хоолойнд ямар ч буруутгасан өнгө аяс байсангүй. Тэр үнэндээ хүлээн зөвшөөрчихсөн байлаа. Хэзээ ч өөрийнхөө ийм сул дорой байхыг мэдэрч байгаагүй ч ганцхан өглөө ч болов түүнтэй цуг сэрэхийг юу юунаас илүү хүсч байсан юм.
-Үгүй дээ. Чи юу ч мэдэхгүй шүү дээ.
-Тийм ээ, би нэрнээс чинь өөр юу ч мэдэхгүй… гээд бүсгүйг санаа алдахад
-Хэн нэгнийг хайрлахад яг үнэндээ нэрийг нь мэдэж байхад л хангалттай байдаг. Би энийг сайн мэднэ гээд залуу түүний дээрээс тонгойн уруулыг нь үнслээ. Энэ удаад маш удаан, маш тайван үнсэлцэв. Сүүлчийнх гэдгийг нь тэд хоёул мэдэж байлаа. Энэ уруулын амтыг ханатлаа мэдрээд авах хүсэл хоёулангийнх нь сэтгэлээр халгиж байв. Залуугийн үнэрт, энхрийлэлд бүх бие нь ямар ч мэдээгүй болчихсныг Цэцэглэн мэдсэн. Тэр залууг яг одоо юу ч гуйсан шууд зөвшөөрчихнө гэдгээ ч тэр мэдэж байлаа. Ганаагийн амьсгалах чимээ хацрыг нь шүргээд хүзүүг нь даган гулсаж, хөхөнд нь ойртоход амьсгаа улам ойртон цээж түвхэлзэж байв. Цамцыг нь доошлуулаад зөөлөн зөөлнөөр зай завсаргүй үнсэж байснаа Ганаа гэнэт болиод эргээд хэвтчихэв.
-Би чамайгаа хөндөж чадахгүй нь ээ гээд тэр духыг нь үнэрлэн буцаад хэвтлээ. Хөшиж орхисон бүсгүй нэг уртаа гэгчийн амьсгаа аваад цээжинд нь толгойгоо дахиад л наагаад хэвтлээ. Хэсэг хугацааны дараа харахад Ганаа сормуусаа хөдөлгөөд унтаж байв. Цэцэглэн энэ мөчийг өөрөөсөө харамлан унтахгүйг хичээн түүнийг ажиглаад л байлаа. Уруулыг нь илж үзчихээд, чихийг нь имэрлээ. Нялх хүүхдийнх шиг нимгэхэн зөөлхөн юм. Хамрынх нь шулууныг даган хуруугаараа гүйлгэсээр төвөнх дээр нь очоод зогсоолоо. Тэр сая л яагаад түүнд ингэтлээ татагдаад байсныхаа урчыг олох шиг болов. Ганаа Цэцэглэнг бага байхад нь нас барсан аавтай нь үнэхээр адилхан аж. Бүх юм нь…
Өглөөний 4 цаг 22 минут
Нүдээ нээлээ. Цэцэглэн хажуудаа хэвтээ түүнийгээ хараад энэ бүхэн зүүд биш байсанд үнэн сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд уруул дээр нь зөөлөн үнсэж сэрээлээ. Тэгснээ гэм хийчихсэн юм шиг сэтгэл нь өвдөв. Учир нь одоо тэр түүний хуурамч ч болтугай эхнэр биш болсон. 12 цаг өнгөрчихсөн. Үнсгэлжингийн ханхүүгээс холдох цаг болчихсон.
-Өглөөний 4 болж байна. Одоо босоод онгоцны буудал руу явахгүй бол болохгүй байх аа. -Тийм үү? Сэрээсэнд баярлалаа.
Тэр хоёр босч хот луу хөдөллөө. Эхлээд бүсгүйг хүргэж өгөхийг хүсчээ. Гэхдээ замдаа тэд бие биетэйгээ юу ч дуугарсангүй. Ганцхан өдрийн настай, цаашаа үргэлжлэх ёсгүй аз жаргал гэж байдаг юм байна.
“Замдаа гэнэт машин нь эвдэрчихээсэй билээ”
Яг дэргэд нь байгаа ч дундуур нь торон хөшиг, эсвэл хана хэрэм босгочихсон юм шиг, одоо түүнд хүрч чадахгүй болсон мэт бодогдоно. Яван явсаар гэрийнх нь үүдэнд ирлээ. Ноёлсон их нам гүмийг эвдэж бүсгүй албаар чанга инээв. Тэгээд
-Надад их сайхан байлаа. Баярласан шүү гэж хэлэхэд нь хоолой нь тасрах гэж байгаа нарийхан утас адил зангирлаа.
Ганаа ч бас үл ялиг инээмсэглээд
-Надад ч бас гэж хэлэхэд нь угаасаа л ус гүйлгэнэчихсэн байдаг нүд нь юу юугүй урсах гэж байгаа юм шиг харагдлаа. Тэгээд халааснаасаа нэг ууттай зүйл гаргаж ирээд түүнд өгөхөд, Цэцэглэн уяа сүлжиж хийсэн нэг бугуйвчаа гарнаасаа гаргаж түүнд атгуулав. Яг л түүний төсөөлж байсан шиг хав халуун гар. Хүрэлгүй хагас цаг л өнгөрсөн хирнэ хэдэн жилийн турш үгүйлэгдсэн юм шиг санагдах халуун атгалт бүсгүйн хөрчихсөн гарын эд эс бүрийг дүүгэж байлаа. Тавьсны дараа ч тэр хоёр бие биенийхээ гаранд дахиад хүрч ч чадахгүй, гэхдээ холдуулж ч чадахгүй байлгасаар. Бүсгүй өөрийгөө хүчлэн машинаас огцом буугаад гэр лүүгээ гүйгээд орчихлоо.
…Түлхүүрдэн орж хаалгаа дангинатал түгжээд, толгойгоо барин үүднийхээ сандлан дээр их удаан суулаа. Дуусна гэдгийг нь мэдэж байсан ч, итгэхийг хүсээгүй юмсан. Цээж рүүгээ хүчтэй цохиж үзэв, баахан ус залгилж үзэв, нүүрээ хүйтэн усаар шавшиж үзэв. Сэтгэл нь яг хөвөгдчихсөн даавуу шиг болчихоод тэр мэдрэмж нь салж өгдөггүй. Тэр даавууных нь хөвөрсөн утасны үзүүрийг сая гэрийнх нь үүднээс хөдөлсөн залуу гартаа атгаад явчихсан байх. Халаасаа тэмтрэн дотроос нь түрүүний өгсөн ууттай зүйлийг гарган ирж үзлээ. Өөдөөс нь инээмсэглэж хацраа нийлүүлсэн хуримын хувцастай жаргалтай хос. Зургийг эргүүлээд хартал “Нэрийг чинь л мэдэхээс хэтрэлгүйгээр өнө удаан хайрласан даа. Энэ богинохон романсыг бүү мартаарай. 2009.06.15” гэж бичжээ. Үүнийг уншаад Цэцэглэн гэнэт нэг зүйлийг санав.
“Би түүнд гэрийнхээ хаягийг хэлээгүй ш дээ. Тэгсэн чинь намайг яг орцны үүдэнд буулгачихаж. Бас тэр миний нэрийг намайг хэлээгүй байхад мэдэж байсан” Ийн амандаа бувтнахад нь хацрыг нь зүсэн зүсэн нулимас урслаа. Зүрх нь нүдээр нь дамжиж асгараад л байх шиг, хамаг юм нь шавхагдаад дуусах шиг болсон ч урьд нь хэзээ ч ийм дүүрэн мэдрэмжийг авч байсангүй.
2 жилийн дараа… 14 цаг 47 минут
Тэнгэр ахиад л учиргүй их уйлаад унав. “Энэ тэнгэр том болоогүй л байгаа юм байх даа” гэж бодоод Цэцэглэн алхаж явлаа. Гэр хүртэл хаа байсан юм. “Машинаа яах гэж засварт өгөв өө?” Тэрүүхэнд харагдах орц яг дайны хоргодох байр шиг харагдаад гүйж орох гэтэл хаалганых цаанаас нэг ч өдөр бодолгүй өнгөрч байгаагүй тэр гараад л ирлээ. Залгиулчих шиг…Тархи нь хов хоосон болчих шиг.
“Одоо л би алдахгүй. Алдаж чадахгүй…”