Хэлэх гэснээ хэлчихдэг шулуухан эршүүд зангаараа үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн найруулагч, жүжигчин Б.Навчаатай ярилцлаа.
-Уран бүтээлч хүн дотроо өөртөө оноо өгөөд, дүн тавиад явж байдаг. Та “Ларьдма” бүтээлдээ хэдэн оноо өгөх вэ?
-Яг ямар уран бүтээл туурвих уу, юуны төлөө зорих уу гэдэг нь хүн хүний асуудал. Уран бүтээл нь чухал уу эсвэл үнэ мөнгө нь хэрэгтэй юу гэдэг нь ч бас л хүний эрх. Миний хувьд олонд үлдэцтэй бүтээл хийж, дүр бүтээхийг хүсдэг юм. Тэгсэн хойно л миний туйлын зорилго биелж уран бүтээлч хүний хувьд бах минь ханах байх. Гэхдээ санаснаар болдоггүй юм гэж бас бий. Ер нь 100 хувь сэтгэлд нийцсэн юм байдаггүй гэдэг. Гэхдээ “Ларьдма” уран сайхны кино миний санаанд 100 хувь хүрсэн бүтээл болж чадсан. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдийн өмнөөс дуугаръя гэж бодсон минь санаснаар болсон. Гэр бүлийн хүчирхийлэл бол эмэгтэйчүүдийн цагдаа сэргийлэхэд очоод хандаж болдог нээлттэй сэдэв биш. Тиймээс л үүнийг уран бүтээлээрээ ил болгох хэрэгтэй гэж бодсон юм. “Ларьдма”-г үзсэн хүн ийм амьдрал байдаг юм байна, үүний ард хүүхэд зовоод байна гэдгийг ойлгож л байвал миний хэлэх гэснийг мэдсэн гэсэн үг. Ийм амьдралтай эмэгтэйчүүд хүүхдийнхээ төлөө их тэвчдэг. Тэр их тэвчээрийг гаргана гэдэг хэцүү шүү.
-Кино гарсны дараа ийм зовлонтой эмэгтэйчүүд Тантай олон удаа холбогдсон гэсэн. Тэгэхээр энэ бүтээл тэдгээр хүнд урам зориг хайрласан болов уу?
-Надтай утсаар холбогдоод уйлаад ярьсан эмэгтэйчүүд ч бий. Би заримтай нь уулзаж адилхан эмэгтэй хүн гэдэг утгаараа зөвлөгөө өгсөн. Заримд нь хуулийн байгууллагад өргөдөл гаргах хэрэгтэй гэж хэлсэн. Ер нь энэ киногоор дамжуулан нийгэмд тэр болгон ил гардаггүй гэр бүлийн хүчирхийллийн талаар дохио өгснөөр магадгүй холбогдох байгууллагын ажил сэргэх байх гэж бодсон. Түүнээс гадна энэ кино надад уран бүтээлч хүн заавал нэг сэдвийг хөндөж байх ёстойг ухааруулсан. Мөн хямдхан сэдвээр хямдхан юм хийж болохгүй гэдгийг ойлгуулсан.
-Кино зохиолын санааг Та гаргасан биз дээ?
-Гэр бүлийн хүчирхийллийн талаар кино хийе, тэр бүтээлдээ эмэгтэй хүнийг өмөөрмөөр байна гэсэн санааг нь гаргасан. Миний саналыг найруулагч Ж.Сэнгэдорж, н.Баттүшиг болон уран бүтээлд хамтран ажилласан багийнхан маань сайхнаар хүлээж авсан. Мөн киноны гол дүрд тоглосон Д.Пүрэвсүрэн, О.Гэрэлсүх хоёр ч гэсэн таатайгаар хүлээж авч кино бүтсэн. Тиймээс “Ларьдма” бол хамтын бүтээл юм. Гэхдээ магадгүй энэ бүтээлийн дараа эмэгтэй хүнийг муулсан бүтээл гарахыг үгүйсгэхгүй. Бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байна шүү дээ.
-Магадгүй кино гарсны дараа “Эрчүүд намайг буруугаар ойлгох вий” гэсэн болгоомжлол төрж байв уу?
-Тийм айдас төрдөг юм билээ. Ганцхан би ч биш манай уран бүтээлчид санаа зовнисон. Гэхдээ тийм зүйл болоогүй. Харин ч эрчүүд бүтээлийг маань ойлгож “Шинээр гэр бүл болж байгаа хүмүүст их зүйлийг бодогдуулах бүтээл болжээ” гэсэн сайхан урмын үгийг хэлсэн болохоор уран бүтээлч хүний хувьд их баяртай байна. Ер нь эр хүн чинь мундаг шүү дээ. Хэдхэн тооны эрчүүдээс болоод бүгдийг нь муулж болохгүй.
-Амьдрал гэдэг үгийг араас нь уншвал “Ларьдма” болно. Киноны нэрийг хэн өгсөн юм бэ?
-Албаар тийм дэс дараалал, логиктойгоор зохиолч Д.Төрмөнх өгсөн. Тэр нь ч нүдээ олсон гэж бодож байгаа.
-Түүнээс гадна Д.Пүрэвсүрэнг тоглуулсан нь нүдээ олсон хэрэг гэж бодож байна. Энэ киногоор түүнийг топ модель гэхээсээ жүжигчин гэдэг утгаар нь гаргаж чадсан байх?
-Жүжигчин талаас нь түлхүү харуулж чадсан бүтээл болсон. Ер нь олны танил хүмүүсийг ойлгох сэтгэлгээ хэдэн сэтгүүлчийн бичсэнээр байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийг сайн гээд бичсэн бол түүгээр нь ойлгож муу гэсэн бол бас л тэгж буруугаар боддог юм. Хүнийг хөндлөнгөөс харж дүгнэх амархан л даа. Энэ кинонд тоглосноор Пүрэвсүрэнг жүжигчин гэдгийг тодорхой хэмжээнд харуулсан гэж бодож байна.
-“Өргөө”-гөөр “Ларьдма”-г гаргахгүй байна гэсэн мэдээлэл уншсан. Одоо учраа олсон уу?
-Ерөнхийдөө гэрээ хийсэн хугацаа нь дуусаад буулгаж байх шиг байна. Хүн үзэл бодлоо яаж ч илэрхийлж болно шүү дээ. Түүнийг сайтууд аваад гаргачихсан байна лээ. Түүнээс сүртэй юм болоогүй.
-Ер нь Та хэр нээлттэй хүн бэ?
-Хэлье гэсэн үгээ хэлчихдэг л хүн шүү дээ.
-Тэгвэл яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?
-Яг үнэндээ сургууль олдохгүй болохоор жүжигчин болохоор шийдсэн. Хүмүүс миний мөрөөдөл жүжигчин болох гэж ярьдаг. Харин би өөрийн амьдралдаа хэрэгтэй гэж бодсон учраас энэ мэргэжлийг сонгосон. Жүжигчин болоход эгч маань их нөлөөлсөн. Эмэгтэй хүн аятайхан мэргэжил эзэмшвэл өөрт нь зүгээр байдаг юм гэж зөвлөсөн. Би Цэргийн дээд сургуульд элсэлтийн шалгалт өгөх бодолтой байсан. Ер нь эмэгтэй хүн хүнд хүчир гэхээсээ хөнгөн ажил хийхийг боддог шүү дээ. Эгч маань тэр талаас нь тайлбарласан нь ойлгоход дөхөм болгосон байх л даа. Гэхдээ хүн мэргэжил, ажил голно гэдэг бол утгагүй. Яахав, юу юугаа ч мэдэхгүй хүүхэд байхдаа голж байсан л байх. Тухайн үеийн би өнөөдрийнхтэй харьцуулахад туулж өнгөрүүлсэн амьдрал, уран бүтээлийн туршлага ямар байх билээ гээд бодох зүйл олон бий. Тиймээс нийтийн жишгээр явдаг байлаа. Тухайлбал, тэр үед хүн бүр л санхүү, эдийн засгийн мэргэжилтэй болно гэж ярьдаг байсан. Би ч гэсэн тэдгээрийн нэг явсан. Хэрвээ тухайн үед олонхийг дагаад мэргэжлээ сонгосон бол одоо аль нэг байгууллагын нярав, нягтлан хийгээд явах байсан болов уу. Тэгэхээр мэргэжил сонгоход хэлж зөвлөсөн эгчдээ баярлаж явдаг юм. Тэгээгүй бол жүжигчний мэргэжлийн амтыг мэдрэхгүй байсан байх.
-Таны аав нэр хүндтэй найруулагч гэл үү?
-Хаанаас сонссон юм бэ. Худлаа мэдээлэл байна.
-СУИС-ийг төгссөнөөс хойш хэсэг хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй. Тэр хугацаанд Танд чухам юуны тухай бодогдож байсан бол?
-Уран бүтээлч хүмүүс их эмзэг сэтгэлтэй байдаг. Жишээлбэл, сайн уран бүтээл үзэхээр хор шар хөдөлнө. Муугаар хэлбэл атаач зан хөдөлдөг юм. Гэхдээ энэ ганцхан надад байдаг зан биш. Бүхий л уран бүтээлчдэд байдаг. Энэ нь биднийг буцалгаж, хор шарыг хөдөлгөж байж илүү хурцалдаг. Энэ утгаараа өөрийгөө их хурцалж байсан даа. Гэхдээ хор шартай бай гээд хэн нэгнийг араар нь муулаад бай гэсэн үг биш шүү. Үүнийг бас ялгаж салгаж байх хэрэгтэй.
-Борооны дараах мөөг шиг олон кино гарах боллоо. Уран бүтээлч хүний хувьд энэ талаархи бодлыг сонсмоор санагдлаа?
-Ардчилсан нийгэмд хэн юу хийх нь хэнд ч хамаагүй. Гэхдээ үүнд зөв зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Болсон болоогүй юм үзээд байвал хэцүү шүү дээ. Үзэгчид сайн уран бүтээлийг дэмжиж хөлс хүчээрээ олсон мөнгөөр тасалбар авч үзнэ. Тэгэхэд тэр мөнгөөрөө юу ч биш нэг юм үзвэл ямар байх уу. Миний л хувьд муухай. Тиймээс бид уран бүтээлээ чанаржуулах хэрэгтэй гэж боддог. Түүнээс хэн юу хийхийг бид мэдэхгүй, хорьж ч чадахгүй. Бид хүний эрхэд халдаж болохгүй биз дээ. Харин хүмүүсийг хэтэрхий их мөнгөний төлөө битгий яваач ээ гэж хэлмээр байна.
-Нэгэн хэвийн дүр гаргаад байхаар Таныг үзэгчид амьдрал дээр ч гэсэн муухай ааштай, хэрүүлч юм шиг ойлгодог. Гэхдээ Тантай ярилцсан чинь тэр бодол минь өөрчлөгдлөө?
-Тэр бол найруулагч нарын сонголт л доо. Жүжигчин хүн дүр голно гэж байдаггүй. Гэхдээ зарим нэг үед голохоос өөр аргагүй. Ер нь эмэгтэй хүн ээж болоод 50 хувь зөөлөрдөг. Энэ утгаараа урьд нь байсан би өнөөдрийнхөөс өөр. Ямар сайндаа зарим хүн “Даруухан болжээ. Намба суусан байна” гэж хэлдэг юм. Тэгж бодохоор юу юугаа ч мэдэхгүй Навчаа омголон явсан шиг байгаа юм. Миний нэг дүгнэлт байдаг юм. Эмэгтэй, эх хүн учраас би өөрөө уран бүтээл хийхдээ бүтээл хийж байгаа хүмүүсээ хайрладаг. Зарим үед нэр алдартай уран бүтээлчдийг хүргэж өгч авахаас биш туслах ажилчдыг ойшоодоггүй хүн таардаг. Миний хувьд нэг бүтээл хийхээр хамтран ажиллаж байгаа хүний хувьд тэр хүний ам нас, эрүүл мэндийг нь хариуцах ёстой гэж боддог юм. Тэртээ тэргүй автобус зогссон үед гэртээ харьдаг цаг наргүй ажил юм чинь тэднийг ч жүжигчдийн адил хүндлэх хэрэгтэй. Ингэж л хийж байгаа уран бүтээл маань илүү сайн болно.
-Бүтээж байсан дүрүүдээс амьдралд тань ойр дүр байна уу?
-“Ларьдма” дээр бүтээсэн дүр маань миний амьдралд илүү ойр доо. Тэгээд “Хоёр ертөнцийн буудал” жүжигт өөрийнхөө гаргадаг дүрийг эвдэхийг хичээсэн. Ер нь энэ асуултыг надаас олон асуусан. Тэгэхээр нэгэн хэвийн эсвэл хэтэрхий олон тооны дүр бүтээх хэвшмэл харагддаг юм байна л даа. Би одоо яг тийм дүгнэлтэд хүрээд байна. Тиймээс тоглох бүтээлийнхээ тоог багасгах чанар уруу шилжүүлэх хэрэгтэй болсон байна гэдгийг ойлгосон.
-Таныг энэ цагийн хамгийн өндөр үнээр уран бүтээлд тоглодог жүжигчин гэх юм. Энэ хэр үнэний ортой вэ?
-Үнэ мөнгөний хувьд харин ч би хямдхан. Ерөнхийдөө жүжигчдийн ханш өссөн байна лээ. Тэр хэмжээгээрээ киноны зардлууд их гардаг болсон байна. Урьд 100 саяд багтдаг байсан киноны өртөг өөрчлөгдсөн. Мөнгөний үнэ цэнэ их буурсан байна. Би энэ ярилцлагын далимдуулан нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Жүжигчний мэргэжлээр төгсч байгаа хүн сургуулиа төгсөөд бушуухан олон кинонд тоглоод од болчих юм сан гэж боддог. Би ч гэсэн тэгж бодож байсан. Тэгээд л болсон болоогүй юманд ороод байя гэж боддог байсан. Тэдэнд үгүй шүү гэж хэлмээр байна. Би өөрөө ч гэсэн үүнийг саяхан тоглосон “Хоёр ертөнцийн нэг буудал” жүжгээс ухаарсан. Тэгэхээр өнгөрсөн намар хүртэл Навчаа тэнэг байсан байгаа юм. Тэр жүжиг надад “Хүн хуурамч байж болохгүй. Хэзээ ч нэр алдрын төлөө хөөцөлдөж болохгүй. Хэн ч бай эцсийн эцэст үхнэ. Үхэхийн өмнө юу хийснээ ухаараач ээ” гэдгийг ойлгуулсан. Тэр үеэс л би өөрөөсөө “Би юу хийсэн юм бэ” гэж асуусан.
-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Охинтойгоо хоёулаа амьдардаг. Өмнө нь хань ижилтэй байсан. Намайг нийгмээс тусгаарлаж, бусадтай уулзуулахгүй, уран бүтээл хийлгэхгүй байсан хүнийг би ойлгож чадаагүй. Амьдрал итгэл дээр тогтдог. Би чамд хайртай болохоор хардаад байгаа гэж тайлбарладгийг би хүлээн зөвшөөрдөггүй. Хайр, хар гэдэг өөр ойлголт шүү дээ. Хайрыг өмч хэлбэрээр ойлгож болохгүй. Хайр бол өмч биш. Хайр бол түгээмэл. Хэрвээ гэр бүл болохоор шийдсэн бол хань, итгэлцэл гэдэг үгийг ойлгох хэрэгтэй.
-Таныг айлын том хүүхэд гэж сонссон. Ер нь эцэг эхээсээ хэдүүлээ вэ?
-Аав, ээж хоёр маань хоёулаа байдаг. Гэхдээ намайг бага байхад салсан. Ээж маань өөр хүнтэй суугаад би гурван дүүтэй болсон. Аав маань ээжээс салснаас хойш хүнтэй суугаагүй. Яагаад гэвэл тухайн үедээ архи уудаг байсан юм. Одоо бол аав маань нэг дусал ч архи амсдаггүй. Ер нь би амьдралын эрээн барааныг туулсан. Хойд эцгийн царай харж, дүү нараа харах гээд амаргүй байсан даа. Тэгээд дагавар хүүхэд гэдэг утгаараа ажлыг бол хийдэг байлаа шүү дээ. Гэхдээ тэглээ гээд би шантраагүй. Тэгэхээр магадгүй миний багын амьдралыг туулсан хүүхэд энэ ярилцлагыг уншиж байгаа бол “Чамд ирээдүй байгаа. Амьдралаас чамд өгөх боломжийг битгий алдаарай. Битгий гутар” гэж хэлмээр байна. Түүгээрээ ч миний хүүхдээ хүмүүжүүлэх арга өөр.
-Ганц охиноо яаж хүмүүжүүлнэ гэж?
-Аравдугаар анги төгсөхөд надад нэг ч төгрөг байгаагүй. Тэгээд сургуульд оръё гэхэд төлбөрийн асуудал гэж бөөн юм болж байсан. Ээж маань ч гэсэн олон хүүхэдтэй. Сүүлд хань нь өнгөрөөд сувилагч хүний цалингаар биднийг тэжээх гээд хэцүү байсан. Тэгээд өлсөхийн зовлонг үзсэн. Ер нь хүн өлссөн үед толгой нь хурдан ажилладаг шиг байгаа юм. Тиймээс би охиноо мөнгөөр биш боловсролоор нь дэмжинэ. Тэгээд орох оронтой болгоно гэж бодож байгаа. Дэмжлэггүй хүн хөдөлмөрийнхөө хүчээр гарч ирнэ гэдэг сайхан шүү дээ. Тэгж хийж олсон юм бүхэн амттай, сайхан байдаг юм.
-Таныг ажиглаад байхад их энгийн юм аа?
-Урлагийн хүмүүсийг үзэгчид тайзан дээр байгаа шигээр нь төсөөлдөг. Гэхдээ бидэнд ч бусдын адил зовлон тулгардаг. Мөн бусдын амсдаг жаргал, зовлонг үздэг шүү дээ. Урлагийн хүмүүс гэхээр хүмүүсийн нүдэнд сайхан харагдах ёстой гэж боддог. Би ч гэсэн хүн учраас бусадтай адилхан уурлаж болно биз дээ. Намайг урлагийн хүн юм чинь үсээ сайхан янзлуулаач гэж хэлдэг юм. Би тэр бодолтой нь санал нийлдэггүй. Манай гэр Урт цагаанд байдаг. Би “Бөмбөгөр” рүү орохдоо өөрийн хүссэнээрээ хувцасладаг. Тэр талаараа урлагийнхнаас тэс ондоо бодолтой шүү.
-Ярилцлагынхаа төгсгөлд асуулт асуулгүй Танд үлдээе.
-Эх орноо хөгжүүлэх ухаалаг залуус манай улсад бий. Тиймээс ирээдүй бидэнд байна. Хамгийн гол нь ирээдүйг бид дааж давшгүй зүйлээр төсөөлөх хэрэггүй. Ойрын мөрөөдлөө алхам алхмаар биелүүлэх хэрэгтэй. Дээрээс нь нэг нэгнээ доромжлох бус хааяа ч гэсэн урам өгвөл илүү
Эх сурвалж: unen.mn