Британийн дуучин, алдарт Куин хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркьюри 1946 оны есдүгээр сарын 5-нд төржээ.
Түүний жинхэнэ нэрийг Фаррох Булсара гэдэг байжээ. Тэрбээр өвөрмөц хоолой болон тайзан дээрх биеэ авч явах байдлаараа олны танил болжээ. “Куин” хамтлагийнхаа дууны үг зохиодог Меркьюри «Bohemian Rhapsody», «Killer Queen», «Somebody to Love «, «Don’t Stop Me Now», «Crazy Little Thing Called Love», «We Are the Champions «, «Barcelona» зэрэг дэлхийн шилдэг дуунуудыг зохиосон юм. Тэрбээр мөн бие даасан уран бүтээлээ туурвин продюсероор ажиллаж байв. Меркьюри Африкийн Занзибар улсын Парси гэдэг газар төрж, өсвөр нас хүртлээ Энэтхэгт байсан учир түүнийг Британийн хамгийн анхны ази рок дуучин гэж үздэг байна. Нэрт дуучин тэрбээр 1991 оны 11 дүгээр сарын 24-нд ДОХ өвчнөөс үүдэлтэй уушигны идээт үрэвслээр нас баржээ. Түүний хувьд олон нийтэд ДОХ туссан гэдгээ мэдэгдсэний дараа өдөр хорвоогоос хальжээ.
2006 онд Азийн “Тайм” сэтгүүл түүнийг өнгөрсөн 60 жилийн хугацааны Азийн хамгийн нэр нөлөө бүхий баатар гэж нэрлэсэн байна. 2005 онд Блендер сэтгүүлийн явуулсан санал асуулгаар Меркьюри бүх цаг үеийн хамгийн шилдэг эрэгтэй дуучнаар шалгарч байв. 2009 онд “Классик рок” сэтгүүлийн санал асуулгаар Меркьюри бүх цаг үеийн хамгийн шилдэг рок дуучин гэж нэрлэжээ. Үүнээс гадна 2008 онд “Роуллинг Стоуне” сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг дуучны жагсаалтын 18 дугаарт орсон байна.
Дуучны намтар, уран бүтээл
Меркьюри Зүүн Африкийн Занзибарт төрсөн байна. Түүний эцэг, эх Борни болон Жер Булсара нь Британийн харьяаны Энэтхэгийн Гужарат мужаас гаралтай аж. Түүний гэр бүлийн нэр болох Булсара нь Гужарат мужийн жижиг хот Булсарагаас гаралтай юм. Түүний эцэг нь Британийн банканд кассаар ажиллахаар Занзибарт ирсэн байхад хүү Меркьюри нь төржээ. Меркьюри нэг эмэгтэй дүүтэй юм.
1954 онд Меркьюри найман настайдаа Энэтхэгийн Бомбай /одоогийн Мумбай хот/ хотын ойролцоох Панчгани хотын хөвгүүдийн сургуульд элсэн оржээ. Сургуульд байхдаа тэрбээр “Бяцхан Ричард” гэдэг хөвгүүдийн хамтлагт оржээ. Түүнийг найзууд нь “Фредди” гэж дуудах болжээ. Меркьюри бага насны ихэнх хугацааг эмээ, нагацын хамт Энэтхэгт өнгөрүүлсэн юм. Занзибарын 1964 оны хувьсгалын улмаас Меркьюригийн гэр бүл тус улсаас нүүн Английн Миддлесеск мужийн Пелтхэм хотод ирсэн бөгөөд 17 настай тэрбээр мөн эцэг,эхтэйгээ хамт амьдрах болжээ. Үүний дараа тэрбээр Баруун Лондоны Вест Тэйм коллежийн урлагийн ангид элсэн оров. Ирээдүйн шилдэг дуучин Меркьюри Урлаг судлал, график дизайны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байна.
Түүний хувьд Африкийн оронд төрсөн ч Британийн иргэншилтэй байсан юм. Сургуулиа төгссөний дараа тэрбээр хэд хэдэн хамтлагт тоглож байснаас гадна хуучин хувцас зардаг байжээ. Үүнээс гадна Лондон хотын “Хитроу” нисэх онгоцны буудалд ажиллаж байв. Меркьюри үг дуу цөөн, ичимхий, даруухан, хөгжим их сонирхдог залуу байсан гэж тухайн үеийн найзууд дурсан ярьжээ. 1969 онд тэрбээр “Айбекс” хамтлаг элсэн оржээ. Хожим нь “Врекэйже” гэж нэрээ сольсон тус хамтлаг удалгүй тарж, Меркьюри “Соур Милк Си” хамтлагт орсон 1970 оны эхээр энэ хамтлаг мөн л таржээ. Харин 1970 оны дөрөвдүгээр сард тэрбээр гитарчин Бриан Мэй, бөмбөрчин Рожер Тэйлорын хамтран “Куин” хамтлагаа байгуулсан байна. Хамтлагийг нэрийг Меркьюри сонгосон бөгөөд тэрбээр ижил хүйстнээ сонирхогч байснаа илэрхийлэх үүднээс Куин буюу хатан хаан гэсэн нэрийг сонгосон гэж тэрбээр нэгэн ярилцлагадаа хэлж байжээ. Тэрбээр хамтлаг байгуулах үедээ мөн Булсара гэсэн овгоо сольж, Меркьюри болжээ.
Меркьюригийн унаган хоолой баритоне буюу баргил хоолой байсан ч тэрбээр ихэнх дуугаа тенор /цээл/ хоолойгоор дуулдаг байв. Меркьюри “Куин” хамтлагийн “Greatest Hits” буюу “Хамгийн шилдэг дуунууд” цомгийн 17 дууны 10 дууны үгийг бичжээ. Үүнд «Bohemian Rhapsody», «Seven Seas of Rhye «, «Killer Queen «, «Somebody to Love «, «Good Old-Fashioned Lover Boy», «We Are the Champions», «Bicycle Race «, «Don’t Stop Me Now «, «Crazy Little Thing Called Love»,»Play the Game «дуу орж байгаа юм. Меркьюри нэг чиглэлээр уран бүтээлээ туурвихаас аль болох зайлсхийн рокийн бүх урсгал хиви метал, госпел, диско урсгалаар дуугаа зохиож байлаа. Тэрбээр 1986 онд өгсөн ярилцлагадаа, “Би нэг хийсэн зүйлээ дахин дахин хийхийг үзэн яддаг. Би орчин үетэйгээ хөл нийлүүлэн хөгжим болон кино ертөнцөд ямар чиглэл зонхилж байгааг харах дуртай” гэж хэлжээ. Түүний хувьд ихэнх дуугаа төгөлдөр хуураар тоглодог байсан.
Меркьюригийн хувьд тайзнаа жүжигчилсэн тоглолт гаргаж чаддаг гэдгээрээ мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авдаг байв. “Куин” хамтлагийн хамгийн сэтгэлд хоногшсон тоглолтын нэг нь 1985 онд “ДОХ”-ын эсрэг амьд тоглолт болон билээ. Энэ тоглолтыг үзэхээр цэнгэлдэхэд цугларсан 72 мянган үзэгч “Куин” хамтлагийн дууг нэгэн зэрэг даган дуулж, бүжиглэж байсан нь рок хөгжмийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглолтын нэг болжээ. Меркьюри “Куин” хамтлагтайгаа дэлхийг тойрон 700 гаруй тоглолт хийсэн байна. Тус хамтлагийн хамгийн сүүлийн амьд тоглолт нь 1986 оны наймдугаар сарын 9-нд Английн Кнебворт цэцэрлэгт хүрээлэнд болжээ. Энэ тоглолтыг 300 мянга гаруй хүн үзсэн гэсэн тооцоо гарсан байна.
Меркьюригийн хувьд хөгжмийн гол зэмсэг нь төгөлдөр хуур байв. Тэрбээр есөн настайгаасаа эхлэн төгөлдөр хуур тогложээ. Харин Лондон хотноо ирж, гитар хөгжим тоглож сурчээ. Түүний хувьд “The Who”, “the Beatles ”, “Jimi Hendrix ”, “David Bowie ”, “Led Zeppelin” зэрэг хамтлаг уран бүтээлчийн дууг сонсох дуртай байжээ. Тэрбээр 1985 оноос эхлэн бие даасан уран бүтээлээ эхэлж, Mr. Bad Guy (1985), Barcelona (1988) цомгоо гаргасан байна.
Түүний хувийн амьдрал бусдаас өвөрмөц байсан билээ. Тэрбээр 1970 оны эхээр хамтлагийн гитарчин Браин Мэйгийн танилцуулсан Мэри Остинтэй танилцан удаан хугацааны турш хамт амьдарчээ. Харин 1970 оны сүүлээр Меркьюри “Элесктра Рекордс” дуу бичлэгийн студийн эзэн эртэй дотно харилцаатай болжээ. Энэ нь түүнийг Мэри Остиноос салахад гол нөлөө үзүүлсэн юм. Гэвч тэрбээр Остинтой удаан хугацааны турш сайн найз байсан билээ. Меркьюри түүнийг өөрийн цорын ганц үнэнч нөхөр гэж үздэг байжээ.
Миний хайртай хүмүүс надаас тэд яагаад Мэриг орлож чаддаггүй юм бэ гэж асуудаг. Надад ганц л үнэнч найз байсан. Тэр бол Мэри, тиймээс надад өөр хүн хэрэггүй. Миний хувьд тэрбээр миний хууль ёсны эхнэр минь байсан. Энэ нь миний хувьд гэрлэлт байсан. Бид бие биедээ итгэдэг байсан. Энэ л надад хангалттай” гэж Меркьюри 1985 онд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр Мэри Остинд зориулан хэд хэдэн дуу зохиосны нэг нь «Love of My Life» юм. Меркьюри мөн Мэригийн том хүү Ричардын загалмайлсан эцэг болжээ.
1980 оны дундуур тэрбээр австри жүжигчин Барбара Валентинтай нэр холбогдсон байна. Энэ бүсгүй түүний «It’s a Hard Life» дууны клипэнд тоглож байжээ. Харин 1985 оноос үсчин Жим Хаттонтой хамтран амьдрах болжээ. Түүний энэ хамтрагч 1990 онд ХДХВ-ийн халдвартай болсныг эмч нар оношилжээ. Тэрбээр Меркьюригийн сүүлийн зургаан жилийн амьдралыг хамтдаа өнгөрүүлэн өөд болох хүртэл нь сувилж байсан аж. Хаттон 2010 оны нэгдүгээр сарын 1-нд хорт хавдраар нас барсан байна.
Меркьюри тайзнаа дуулахдаа маш бардам, эрч хүчтэй нэгэн байдаг ч тэрбээр тун ичимхий байснаас гадна эргэн тойрны хүмүүс ч түүнийг сайн мэддэггүй байлаа. Тэрбээр мөн тэр болгон ярилцлага өгөхийг зөвшөөрдөггүй байжээ. “Би дуулж байхдаа маш хөгжилтэй болдог бөгөөд миний дотор шал өөр хүн байгаа мэт сэтгэгдэл төрдөг” гэж Меркьюри хэлж байжээ.
Меркьюригийн хамтран амьдрагч Жим Хаттоны хэлснээр, дуучин тэрбээр 1987 оны Улаан өндөгний баярын дараа ДОХ туссан гэдгээ мэдсэн байна. Тухайн үед Меркьюри хэвлэлд өгсөн ярилцлагадаа ХДХВ-ийн халдвар авсан гэж хэлж байв. Харин Британийн хэвлэлээр түүний өвчний талаар олон цуу яриа гарчээ. Түүний бие улам муудан эцэж турж байлаа. Үүний эцэст тэрбээр хамтлагийн тоглолтод оролцох нь цөөрч, амьдралын төгсгөл нь ойртож байсан юм. Хэвлэлүүд түүнийг даган хүнд өвдсөн гэж бичиж байсан ч найзууд нь үүнийг няцааж байжээ. Харин 1991 оны 11 дүгээр сарын 22-нд Меркьюри хамтлагийн менежер Жим Бич руу залган олон нийтэд биеийн эрүүл мэндийн талаар мэдэгдэл хийх талаар ярилцсан байна. Үүний дараа өдөр Меркьюригийн эрүүл мэндийн талаар мэдэгдэл хийжээ.
“Сүүлийн үед хэвлэлээр гарч буй яриаг би баталж байна. Би ХДХВ-ийн халдвар авч улмаар ДОХ туссан. Би хувийн нууцаа хамгаалахын тулд өвчтэй гэдгээ нуух нь зөв гэж үзсэн. Гэвч одоо миний найз нөхөд, шүтэн бишрэгчид үнэнийг мэдэх цаг ирлээ. Эмч, дэлхийн олон хүн надтай хамт энэ аюултай өвчний эсрэг хамтдаа тэмцэнэ гэдэгт би итгэж байна. Миний хувийн амьдралд миний хувьд маш онцгой зүйл учир би ярилцлага ховор өгдөг байсан. Миний энэ бодлого цаашид ч үргэлжлэх учир намайг ойлгоорой” гэж Меркьюри сүүлийн мэдэгдэлдээ бичжээ. Энэ мэдэгдлийг хийснээс 24 цаг хүрэхгүй хугацааны дараа тэрбээр 45 насандаа нас барсан юм.