Жил бүр улсын хэмжээнд музейн сан хөмрөгийг баяжуулахын тулд иргэд, аж ахуйн нэгжээс түүх, соёлын дурсгалт эд өлгийн зүйлсийг худалдан авч, харъяа музейнүүдэд нь хүлээлгэн өгдөг. Энэхүү ажил ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтэст төвлөрч явагддаг бөгөөд бид энэ удаа Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны Соёлын өвийн хэлтэсийн мэргэжилтэн Д.Мэндсайхантай уулзаж ярилцлаа.
-Музейн сан хөмрөгийг баяжуулах зорилгоор түүхийн дурсгалт ховор эд өлгийн зүйлс худалдан авах ажил манай улсад хэдийнээс явагдаж эхэлсэн бэ?
-Музейн сан хөмрөгийг баяжуулах бодлого манай оронд орчин үеийн музей байгуулагдсан цагаас явагдаж эхэлсэн байдаг. Харин 1970-аад оны дунд үеэс улсын болон орон нутгийн музейнүүдийн статусаас шалтгаалаад музей болгонд үзмэр худалдан авах мөнгө хувиарлаж ирсэн. Үйл ажиллагаа явуулж байгаа музей болгон дэргэдээ үзмэр худалдан авах зөвлөлтэй байдаг. Тэр зөвлөлөөрөө оруулж, өөрийн бодлогодоо нийцүүлэн бие дааж үзмэр худалдан авдаг болсон. Энэ үйл ажиллагааг 2011 онд БСШУЯам түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээг тогтоох мэргэжлийн зөвлөл тэр болгон музейнүүд маань өөрсдөдөө хэрэгтэй үзмэрээ авч чадахгүй, түүх соёлын дурсгалт биш эдийг үзмэр болгон авч байна гэсэн дүгнэлт гаргуулсан байдаг. Юм бүхэн түүх соёлын дурсгалт зүйл болж чаддаггүй, үзмэр болох шалгуурыг хангадаггүй гэсэн үг л дээ. Тиймээс 2011 оноос үзмэр худалдан авах ажлыг яаман дээр төвлөрүүлэн авч эхэлсэн. Улсаас нэг жилд 300 орчим сая төгрөгийг музейн үзмэр баяжуулах ажилд зарцуулахаар төсөвлөдөг. 2012 онд үзмэр худалдан авах ажлыг хоёр ч удаа явуулсан. Уг нь бол энэ ажлыг жилд нэг л удаа хийдэг. Харин өнгөрсөн жил Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам шинээр байгуулагдаж, соёлын өвийн асуудал дээр онцгой анхаарч хоёр ч удаа зохион байгуулсан. Ингэхдээ нилээд дорвитой, гайгүй үзмэрүүдийг хувь хүмүүсийн гар дээрээс худалдан авч, улс орон нутгийн музейн үзмэр болгосон. Мөн нэг зүйл нэмж хэлэхэд хувь хүмүүс маань “надад ийм ховор, үнэтэй эд, өлгийн зүйл байна. Худалдан аваач” гэж яаманд ханддаг. Гэтэл бид нарт биш тухайн эд өлгийн зүйл нь аль музейн сан хөмрөгт тохирч байна, тэр музейдээ хандах хэрэгтэй байдаг. Тэгсэний дараа тухайн музейгээс наашаа санал орж ирдэг. Одоогийн байдлаар бид нар шинээр үзмэр худалдан авах тухай саналыг нь улс, орон нутгийн бүх музейгээсээ өнгөрсөн зургаан сард авчихаад байж байна. Эдгээр дөчин музейгээс ирсэн саналуудыг манай яамны түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тогтоох мэргэжлийн зөвлөл шалгаж үзээд худалдан авах эсэх, хэдэн төгрөгөөр авахаа шийддэг.
-Эдгээр ирүүлсэн саналууд дотор, их эртний юмуу эсвэл их үнэтэй ямар эд өлгийн зүйлс байгаа вэ?
-Одоогоор нийтдээ дөчин музейгээс ирүүлсэн саналуудын нэр төрлийг нь тогтоогоогүй байгаа. Гэхдээ их олон төрлийн зүйлсийг худалдан авах санал ирсэн. Тухайлбал байгалийн гаралтай солир, шашин, угсаатан зүйтэй холбоотой гээд их олон зүйлсийг худалдан авах санал орж ирсэн байгаа. Удахгүй мэргэжлийн зөвлөлөөр оруулж эдгээр зүйлс нь түүх, соёлын дурсгалт зүйл мөн үү, мөн бол хосгүй үнэтэй юмуу эсвэл энгийн зэрэглэлд орох уу, яг одоо музейн үзмэр болох шаардлагаа хангаж чадаж байна уу гэдгийг нь тогтоодог. Үүнээс гадна өнгөрсөн жилийн үзмэр худалдан авах ажлын үеэр л гэхэд зарим зүйлийн үнийг хэтэрхий их хөөрөгдсөн, эсвэл хэт доогуур үнэлсэн зэрэг алдаа дутагдал их гардаг нь анзаарагдсан.
-Музейн үзмэр болох шардлага гэдгээ жаахан тодруулахгүй юу?
-Мэдээж он цаг байна. Зуугаас дээш хадгалагдсан болоод ирэхээрээ илүү үнэ цэнэтэй болдог. Мөн түүхэн хүн хэрэглэж байсан байх хэрэгтэй. Тэгээд ер нь соёлын өв гэдэг маань ганц нэгхэн зүйлээр тодорхойлогдохгүй. Бүх төрөл зүйл дээр нь тус тусын тодорхойлолт, шаардлагыг хэлээд байж болох байх л даа.
-Өмнө нь худалдан авсан үзмэрүүдээс хамгийн үнэтэй эсвэл хамгийн ховор ямар үзмэрүүд байгаа вэ?
-Би үзмэрүүд дээр ярихаасаа илүүтэй манай музейнүүдийн судалгаа шинжилгээний ажил ахиж дэвшсэн тал дээр яримаар байна. Тухайн орон нутагтаа соёлын өвийг олж илрүүлэх судалгааг маш сайн хийж байгаа. Өнгөрсөн жилийн худалдан авалтаар Р.Чойном агсаны ээжийн хэрэглэж байсан дээлийг тухайн орон нутгийн музей нь авая гэсэн санал орж ирсэний дагуу судалж үзэхэд үнэхээр мөн байсан. Тэгэхээр музейн ажилтанууд маань судалгаагаа арай өөр түвшинд гаргаж ирсэн байгаа юм. Мөн өнгөрсөн жил төв халх хийцийн хос домбо худалдан авсан байдаг. Энэ мэтчилэн манайханы судалгааны ажил илүү дээшилж чанартай, бодитой болсон учраас бид илүү ховор, эртний соёлын өвийг олж авч чадаж байгаа. Хамгийн үнэтэй гэвэл бид нар өнгөрсөн жил дээр хэлсэн хос домбыг дөчин сая төгрөгөөр худалдан авсан. Ер нь үнэтэй гэхээсээ илүүтэй үзмэр гэдгээр нь илүү үнэлэх хэрэгтэй. Тухайлбал бид нар Богд хааны адууны тамгыг олж Богд хааны ордон музейд залсан. Энэ тамгыг бид нар 1,5 сая төгрөгөөр худалдан авсан. Гэтэл дээрх хос домбо, тамга хоёрын тамга нь түүх, соёлын дурсгалт зүйл болох ач холбогдолоороо илүү байгаа юм.
-Энэ жилийн музейн үзмэр баяжуулах ажил яг хэдийнээс явагдах вэ?
-Худалдан авах ажиллагаа хараахан эхлэх болоогүй. Ямар ч байсан бид нар музейнүүдээсээ саналаа авчихсан байгаа. Тэгээд үнэлгээний хороогоор оруулж, мэргэжлийн зөвлөлөөр ярилцаж байж шийддэг.
Ярилцсан: Т.ДАРХАНХӨВСГӨЛ