Хөгжмийн зохиолч, МУСТА Б.Чинбат: Хэдэн сарын турш уйлж, шаналж, бодож, омогшиж байж бүтсэн бүтээлийг маань сонссон хүн болгон Монгол хүн гэдгээрээ омогшиж бахархах болно.
Төгөлдөр хуурын яруу эгшгийнхээ хүчээр энэ цаг үеийн урлагийн “Түмэн хишигтэн”-үүдийн нэг болж яваа, Хөгжмийн зохиолч, МУСТА Б.Чинбат удаан хугацаанд сэтгэл, оюунаа чилээсэн орчин цагийн симфони туульсаа үзэгчдэд хүргэхэд бэлэн боллоо. Тэрбээр“Түмэн хишигтэн” төслийг гардан ажиллахдаа олон ч уран бүтээлчийг чиглүүлэн, тэднийг цоо шинэ бүтээлийнхээ түлхүүр утас болгон хөглөжээ. Өнөөдөр Б.Чинбатын “Түмэн хишигтэн” үзэгчдийн өмнө хөшгөө нээж олон хүмүүс баярлан, бахархан, догдлон хүлээж авсан юм. Түүний нүр их хөдөлмөр, авьяас билгийг Ингээд түүнтэй тайзны ард хэсэг хором хөөрөлдлөө.
Олон хүнийг битүүхэн догдлон хүлээлгэсэн “Түмэн хишигтэн” туульсаа ард түмэндээ хүргэж байгаа таньд баяр хүргэе. Энэ сайхан өдрийн сэтгэгдэл үгээр илэрхийлэхийн аргагүй өндөр байгаа нь мэдээж. Гэвч асуухгүй өнгөрч чадахгүй нь.
-Маш их баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Бид бүхэн “Түмэн хишигтэн” симпони туульсаа яг одоо өлгийдөн авах гэж байна. Гадаа хөгжимүүдээ зоочихсон бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдчихсан болохоор хэдхэн минутын дараа “Түмэн хишигтэн” маань эгшиглэх болно. Энэ бүтээл надтай хамт амьдрах гэж байгаад туйлын их баяртай байна. “Түмэн хишигтэн”-ээ өлгийдөж авах энэ цагт тулгар төр байгуулагдсаны 2222, ардын хувьсгалын 92, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ойтой давхцаж буй нь сайхан байна. Энэ бүтээл бол их түүх, “Түмэн хишигтэн”-ээрээ бахархсан бүрэн хэмжээний симфони туульс юм.
“Түмэн хишигтэн” компани энэхүү симпони туульсыг бичих санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх “Түмэн хишигтэн” компани энэхүү саналыг тавихад би нэг л зүйлийг ойлгосон. Би Монгол хүн учраас эх түүхээрээ бахархах сэтгэл юу юунаас илүү төрж байсан. Тийм ч учраас энэхүү туульсыг бичсэнээрээ Монгол хүн гэдгээрээ бахархах бахархал, омогшилыг минь үнэхээрийн дээд цэгт нь хүргэж чадсан.
-Симфони туульс гэж юу вэ. Урьд нь энэ төрөл манай урлагийн салбарт хийгдэж байсан болов уу?
-Энэ бол нэг ёсны магтуу юм. Үүнийг Их Монгол Улс, “Түмэн хишигтэн”-ий тухай бүхнийг өгүүлсэн өгүүлэмж гэж ойлгож болно. Тэр дундаас нэг зүйлийг хэлэхийг хичээсэн. Хэрэв та Монгол хүн мөн бол заавал тайлбар авахгүйгээр “Түмэн хишигтэн”-ийг сонсоод л өөрийгөө болон эх түүхээ мэдрэх болно. Гэдгийг хэлмээр байна. Харин өмнө нь ийм туульс хийгдэж байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Байж магадгүй юм. Гэхдээ энэ бол бидний хийх ёстой л зүйл гэж ойлгодог.
-Зохиолыг бичихэд ямар зүйлийг харуулахыг зорьсон бэ?
-Зохиолын эхэн хэсэгт эх хүн хэмээх аугаа том ертөнцийг харуулъя гэж бодсон. Ингээд цаашилбал түмэн хишигтний өөрсдийнх нь түүхийг болон байлдан дагуулалт, ялалт, омогшил, баяр хөөр, гуниг, гутрал гээд бүх зүйл энэ л хөгжимд шингэж чадсан болов уу гэж найдаж байгаа. Энэхүү төсөл маань найман зууны тэртээх Чингис хааны үеийн түүх, соёл, ахуй амьдралыг өгүүлэх 10 мянган баатрын хөшөөний нээлтэд зориулагдаж хийгдсэн.
-Бүтээл төрөх агшин, хугацаа гэж байдаг. “Түмэн хишигтэн” бүрэлдэн бий болохоос эхлээд төрөх хүртлээ тантай хэр хугацаанд хамт байв?
-Ерөнхийдөө бүтээлээ бий болгохын тулд бүтэн сарын хугацаанд өөрөө дотор нь орж, тухайн үеийн буюу Их Монгол Улсын аж, ахуй амьдралын дэргэд байгаа мэт, тэр орчинд очсон мэт мэдрэмжээр амьдарсан. Хэдэн сарын хугацаанд шаналж, бодож, уйлж, омогшиж байж бүтсэн бүтээл минь болохоор үүнийг сонссон хүн болгон Монгол хүн гэдгээрээ омогшиж бахархах болно.
-Хэчнээн уран бүтээлч оролцсон бэ?
-“Түмэн хишигтэн” симфони туульсын хөгжмийг Монголын радио дахь манай улсад байдаг цор ганц том хэмжээний студид Төрийн их найрал хөгжмийн удирдаач, МУСТА Н.Буянбаатартай 70 гаруй үндэсний хөгжимчин, дуурийн театрын 50 дуучинтай хамтран бичсэн.Ийм том хэмжээний үйл ажиллагаанд бүтээсэн үндэсний бүтээл гэж ойлгож болно. Нийтдээ 120 хүний бүрэлдэхүүнтэй “Түмэн хишигтэн”-ийг амилууллаа.
Ямар ч хүн “Түмэн хишигтэн”-ий нэг болж дүрээ мөнхлөн үлдээх боломжийг олгож байгаа гэдгийг хүн болгон саашааж байна.
– Тийм ээ. Энэ бол хойч үедээ дуурсагдах ба нэг боломж шүү дээ. Бид анх ярилцахдаа үндэсний хэмжээнд өгүүлэгдэх, тэдэнд мэдрэгдэх ийм том бүтээл туурвих ёстой гэдэг дээр санал нийлсэн. Энэ саналаас татгалзах шалтгаан байгаагүй.Би өөрөө монгол хүн. Дэлхий нийт манай усыг аугаа их түүхээр нь таньдаг. Бидэнд түүхээрээ бахархах шалтгаан бий. “Түмэн хишигтэн” компани Чингис хааны морин дэл дээр ташуураа тулаад алсыг ширтэж буй хөшөөг сүндэрлүүлсэн. Энэ бол дэлхийд ганц бүтээл. Түүнтэй адилхан дэлхийд цорын ганц “Түмэн хишигтэн”-ийг магтуу болгон хөгжмөөр амилуулж байгаа. Энэ хөгжим бол их эзэн хааны хөшөөний бэлд 10 мянган цэргийн бүтээн байгуулалтын нээлтэд зориулсан. Тэнд бий болсон түмэн хишигтнүүд олон зүйлээрээ давуу талтай.
Жишээлбэл, манай олны танил урлаг, спортын хүрээнийхэн гэлтгүй жирийн иргэд ч хайртай аавыгаа, ахыгаа, өвөөгөө дүрслэн нүүр царайг нь бүтээх боломжтой. Тэр 10 мянган цэрэг жирийн иргэдийн өвөг дээдсийн дүрээр амилах гэж байгаагаараа онцлогтой.
-Таны хувьд хилийн чинадад багагүй хугацаанд ажиллаж амьдарсан. Эх орондоо ирэхэд сэтгэлд юу хамгийн түрүүнд бодогдож байсан бэ?
-Айл бол айл шүү дээ гэдэг үг байдаг даа. Ямар ч өндөр хөгжилтэй улс орон байлаа гэхэд өөрийн эх орныг орлож чаддаггүй юм билээ. Тийм ч учраас эх орноо, элэг нэгт Монголчуудаа үнэхээр их санадаг юм билээ. Эх орны үнэ цэнэ, Монгол хүн байхын учир утгыг хүний газарт байхдаа илүү их мэдэрсэн. Маш их урам зориг, сэтгэл хөдлөлтэйгээр эх орондоо газардаж байсан. Миний хувьд урлагийн хүн учраас утгаараа энэ салбараа харвал үзэгчид маань илүү их мэдрэмжтэй болжээ. Хөгжим сонсох дуртай, хөгжмийн бүтээлд хайртай болжээ гэж надад ажиглагдаад байгаа. Угаасаа Монголчууд дууч хуурч ард түмэн. Урлагийн мэдрэмж хэн бүхэнд л байгаа. Тийм учраас цаашид улам сайн бүтээл гаргахын тулд хичээж явна. Миний Америк явсан гол зорилго уран бүтээлийн хувьд өсч дэвжих, хамгийн чухал нь өөрийгөө олж харъя гэсэн бодол байсан. Тэр хүсэлдээ ч их хөтлөгдсөн. Яахав, тэнд очоод чамгүй амжилтын эзэн боллоо. Гэхдээ хүн ямар сурч дуусах биш. Цаашид улам сайн уран бүтээл туурвиж, сэтгэл хангалуун сайхан амьдрахын төлөө хөдөлмөрлөнө.
-Яруу найрагч хүн баярласан, гунигласан үедээ шүлэг бичдэг гэдэг. Үүнийг онгод орох гэж тайлбарладаг. Харин хөгжмийн зохиолч хүний онгод ямар үед ордог вэ?
-Онгод гэж үнэхээр байдаг. Байдаг гэдэгт нь ч би итгэдэг. Миний хувьд гадаадад их олон жил амьдарсан учраас Монгол хүн байгаль дэлхийтэйгээ дасан зохицож чаддаг юм байна гэдгийг ойлгосон. Онгод гэдэг бол тухайн үед төрөх ер бусын мэдрэмж. “Их хааны аравт” гэж энэ киноны хөгжмийг маш их огшиж бичсэн. Тэр үеийн олон баатрууд болон их хаанаараа бахархаж, сэтгэл зүрхэндээ тэр хүмүүсийг амилуулж бичсэн гэж болно. Энэ үеийг би онгод орох гэж хэлнэ. Би өөрөө ингэж боддог. Хүмүүст хэрхэн хүрэхийг би мэдэхгүй байна. Хүн бүхэн өөрийн ертөнцөөрөө л энэ хөгжмийг мэдрээсэй гэж хүсч байна. Заавал энэ хөгжмийг кинотой холбоод байх шаардлагагүй. Хайртай хосууд нэгийгээ санахдаа ч энэ хөгжмийг сонсч болно. Миний хувьд улирал цаг уурын ялгаа онц мэдрэгддэггүй. Дөрвөн улирлын турш хүний сэтгэл хувьсч, өөр өөр болж байдаг. Харин энэ улирлуудын онцлогоос шалтгаалж онгод хийморь маань сэргэдэг гэж болно. Жишээлбэл “ЭМОУШН” хамтлагийн “Шинэ жил” гэж дуу бий. Энэ дууг би өвөл бичсэн. Сүүлд “Талын монгол” дууг УГЗ Л.Балхжав ахтай хамтран бичиж МУГЖ Т.Ариунаа дуулсан. Энэ дууг их сайхан зуны цагт бичсэн байх жишээтэй. Тиймээс надад заавал хавар намрын улиралд бичнэ гэх ойлголт байдаггүй.
-Таны аялгууг нь зохиосон “Талын монгол айл” дууг сонсохоор өөрийн эрхгүй хөдөө явмаар санагдах нь бий. Энэ хөгжим бичигдсэн түүхээс сонирхуулаач?
-Үүнийг сэтгүүлч болгон л асуудаг юм.Би энэ дууг Америкт байхдаа бичиж байсан. Тийым ч учраас яг Монголдоо, тэр тусмаа хөдөө байгаа юм шиг төсөөлж бичсэн.Энэ дуунд манайхан их хайртай юм билээ. Бүр Өвөрмонголчууд хүртэл сонсох дуртай. Миний хувьд зөвхөн хөгжмийг нь л хийсэн. Балхаа ах шүлгийг нь мундаг бичиж, Ариунаа сайхан дуулсан учраас хүмүүст илүү сайн хүрсэн гэж боддог. Ер нь тэгээд уран бүтээлчдийн сэтгэл шингэсэн бүтээл хүний сэтгэл хүрч мөнхөрч үлддэг шүү дээ.
-Таны бага насны тухай асуухгүй өнгөрч чадахгүй нь. Таны хувьд урлагийн гэр бүлд төрж, өссөн болохоор урлагтай багаасаа холбогдсон байх.
-Би урлагийн гэр бүлд төрсөн. Миний ээж, аав, эгч гурав хуучнаар ҮДБЭЧ-д насаараа ажиллаж, тэнд амьдралаараа холбогдсон хүмүүс. Багаасаа зууны манлай дуучин Н.Норовбанзад, П.Адарсүрэн, Л.Мөрдорж нарын мундагуудын бүтээж туурвихыг харж өслөө. Энэ миний амьдралд ихийг өгсөн шүү. Бага насаа ардын хөгжимтэй уяж өнгөрөөгөөд долоотойгоосоо сонгодог хөгжмөөр хичээллэсэн. Ингэж анх хөгжмийн аялал маань эхэлж байлаа. Ингээд дэлхийн сонгодог хөгжмийн бүтээл болон зохиолчидтой танилцсан. Сонгодог хөгжмөөр дамжсаныхаа дараа рок поп хэмээх их айлд хөл тавьсан юм. Энэ бол миний анхны хамтлаг “Никитон” байгуулагдаж байсан үе. Бид “Хос хунгийн дууль”, “Цамцаа тайл” зэрэг олон сайхан дуунуудыг сонсогч, үзэгчдэд хүргэж байлаа. Харин одоо биеэ даагаад өөрийнхөө уран бүтээлээ туурвиад явж байна. Миний урлагийн хүн болсон замнал гэвэл товчхондоо ийм.
– Таныг хараад байхад их гүндүүгүй дуугай хүн шиг санагддаг. Та өөрийнхөө зан чанарыг тодорхойлвол
-Надад юу ч тохиолдож байсан би ямар ч үед өөрийнхөөрөө л байдаг. Энэ нь нэг талаараа гэр бүлийн хүмүүжил байх. Бас үе үеийн багш нарын маань надад хэлж зааж сургасан сургаал юм болов уу гэж боддог . Миний хувьд хүнтэй их найзархаг. Тийм ч учраас их олон найзтай. Дэм дэмэндээ гэдэг шиг сайхан найзууд нэгэндээ үргэлж түшиг болж явдаг. Хүнтэй нээлттэй чөлөөтэй харилцахыг эрхэмлэдэг. Ер нь би тоолж барамгүй олон найзтай хүн шүү. /Инээв/ Өөрөөсөө ахмад хүнийг үргэлж хүндэлж хайралдаг. Энэ л миний гол зарчим байх даа. Тэгээд хөдөлмөрч байхыг өөрөөсөө үргэлж шаардсаар ирсэн. Цаашид ч тийм байна гэж боддог. Залуу хүнд залхуурал байна гэдэг эмгэнэл. Тийм ч учраас хийж бүтээх насандаа л хөдөлмөрлөхгүй бол хэрэг нь өнгөрсөн үед хичээгээд ч бүтэхгүй шүү дээ.
-Таны бүтээлийг хүмүүс өөрийн тань бодож бичсэнээс огт өөрөөр хүлээж авсан тохиолдол байдаг уу?
-Би хөгжим бичихдээ их боддог. Ийм хөгжим бичвэл хүний сэтгэлд ингэж хүрнэ дээ гэж бодолгүй яахав. Гэхдээ миний хувьд уран бүтээл гэдэг хүний сэтгэлээс цаанаасаа л төрдөг. Ая аялгуу бүгд сэтгэлээс өөрөө урсан гардаг. Үүнийг бүтээж туурвидаг хүмүүс мэдэх л байх. Миний хувьд цаанаасаа л гардаг юм. Тэгэхээр тэр зүйл сонсогчдод тэр хэвээрээ л хүрдэг байх. Би одоо боддог л доо. Үнэхээр Л.Мөрдорж, Э.Чойдог, Ц.Намсрайжав нар бидний ярьдгаар жинхэнэ “од” хүмүүс байжээ гэж. Тиймээс энэ хүмүүсийг харж суралцаж байсандаа маш их баярладаг. Одоо миний хөгжмийг хүмүүс сонсоод өөрсдийнхөөрөө үнэлж байна гэдэг бол энэ мундаг хүмүүс болон багш нараасаа олж авсан мэдлэг авъяасаа ашиглан бичиж байгаатай л холбоотой.
Нэртэй хөгжмийн зохиолчид бор дарсанд дурлах нь цөөнгүй байдаг. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Тэр бол тухайн хүнээсээ л шалтгаалдаг зүйл шүү дээ. Миний хувьд архи амсдаггүй.
.-Таныг аав болох тэр мөчдөө нэг хөгжим бичсэн. Тэр дуугаа өөрийнхөө эхнэр болох “Эмоушн”-ы Сарнайгаар дуулуулна гэх мэдээлэл сонссон.
-Түүнийг дуу болгож хараахан амжаагүй байгаа. Тэр аялгууг эхнэрээ төрөх гэж байхад эмнэлэг рүү явж байхдаа зохиосон юм л даа. Мартчих гээд байхаар нь утсан дээрээ аялж хадгалаад дараа нь бүрэн хэмжээгээр нь бичсэн. Уран бүтээлийн санаа хэзээ ч ороод ирж болдог. Харин түүнийг алдахгүй байх нь чухал байдаг юм билээ.Тун удахгүй дүү болгож гаргана.
Уран бүтээлийнхээ хажуугаар “Sweetymotion” хамтлагийн продюссерээр ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд тус хамтлагаас хоёр ч гишүүн өрх тусгаарласан шүү дээ. Сүндэрээ, Болороо хоёр гэр бүлтэй болоод ч юмуу хувийн уран бүтээлдээ анхаарах гэх мэт ямар нэгэн өөрчлөлт гарвал яах вэ?
-Тэрийг би биш өөрсдөө л шийднэ. Би тэднийг уран бүтээл рүү нь чиглүүлж гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн гэж боддог. Тийм болохоор цаашид хамтлагаа яаж авч явах нь тэд нараас шалтгаална. Миний хувьд, бүсгүйчүүд маань хамтлагаа хэзээ ч орхихгүй, уран бүтээлээ үргэлжлүүлэх байх гэж боддог. Эмэгтэй хүнд баймааргүй гайхамшигтай дайчин чанар, эрч хүч тэдэнд байдаг учраас би итгэдэг. Ийм хамтлаг Монголд байтугай дэлхийд ч байхгүй шүү дээ. Охидын хамтлаг удаан хугацаанд тарж бутрахгүй, оршин тогтоно гэдэг хэцүү. “Sweetymotion” хамтлагийнхан урлагаар хөглөгдөж, багаасаа үерхэж нөхөрлөсөн найзууд учраас 16 жил хамт байж чадсан. Тэгэхээр урлаг хүнийг ямар их тэвчээртэй, мэдрэмжтэй, хүн чанартай, илэн далангүй болгон хүмүүжүүлдэг нь эндээс харагдаж байна. Давуу тал ч олон бий.
Чинбаа дахиад нэг тийшээ явчих вий гэсэн зовнил олон хүнд байдаг. Та удаан хугацаагаар дахиад гадагшаа явах тухай бодож байна уу?
-Зөвхөн Монголдоо. Би одоо хаашаа ч явахгүй. Монголдоо бүрмөсөн ирсэн гэж болно. Эх орондоо өөрийнхөө хийж чадах бүхнээ зориулна. Миний авьяас чадал эх оронд минь ямар хэрэг болох вэ, тэр бүхний төлөө л зүтгэнэ дээ.
Ярилцсанд баярлалаа. Таньд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье.
З.Одончимэг