Толин хулын тоосонд хийморь сэргэх наадам
Товруу мөнгөн эмээл дээр эзэн нь гоёдсон наадам
Тогоруу халтрын магтаалд айраг дундрах наадам
Толин хулын төвөргөөнд туг нь намирсан
Монголоо…
Ардын Хувьсгалын 75 жилийн ойн баяр наадмын /1996 онд/ хурдан азарганы уралдааныг хул азарга магнайлж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн. Энэ бол УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн Толин хул байлаа. “Морь барианд орж хүмүүс баяр хүргэх тэр агшин яг л зүүд шиг санагдаад өөрийгөө барьж хүртэл үзсэн шүү. Баярласандаа хэлэх ч үг олдохгүй, хоолой зангираад өөрийн эрхгүй уйлчихсан” хэмээн олон жилийн дараа МУ-ын Манлай уяач цолыг хүртэхдээ тэрээр дурсамж сөхсөн удаатай. Нээрэн ч хүлгийн сайхнаар гангаран салхи татуулан давхих нэгдлийн адуучдад сэм атаархаж явсан багын мөрөөдөл нь ийнхүү олон жилийн дараа биеллээ олсон болохоор арга ч үгүй биз. Тэр тусмаа улсын наадмын түрүүгээр эхэлсэнд эр хүний омог цээжнээ огшоо байлгүй. Тэрхүү омгоороо моринд эргэлт буцалтгүй орж Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр МУ-ын Манлай уяач цолыг Ерөнхийлөгчөөс гардан авсан билээ.
ДОНИР УГШЛЫН ЖИНХЭНЭ МОНГОЛ АДУУ
Төрийн наадмын түрүү магнай "Толин хул" Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Дамдинжавын унаган адуу. Уяачид Өвгөн ноён Пүрэвжавын бий болгосон Донир угшлын жинхэнэ Монгол адуу хэмээдэг. Хул азарга Хэнтий аймгийнхаа наадамд хоёр удаа айрагдаад байхдаа МУ-ын Тод манлай уяач Д.Даваахүү гуайн нүдэнд тусчээ. Тод манлай энэ тухай Г.Батхүүд хэлснээр 1995 онд хоёр унагатай гүү, нэг даагатай гүүний хамт нийт долоон тооны адууг хоёр сая төгрөгөөр худалдан авсан гэдэг. Ингэхдээ эзнийх нь хүсэлтээр мотоцикль оролцуулан, үлдсэнийг нь бэлнээр өгч тухайн үедээ л өндөр үнээр авч байжээ. Энэ цагаас хойш хул азарга Г.Батхүүгийн хэмээн цоллуулах болж, Толин хул хэмээн /духан дээрх толь мэт сарыг нь бэлгэдэн/ дуудах болжээ. Толин хул шинэ эзэндээ ирээд анхны наадамдаа түрүүлэн /1996 онд улсын наадамд түрүүлсэн/ морь сонирхогчдын анхаарлыг татах болсон юм. Толин хул улсын наадамд нэг удаа түрүүлэн, хоёр удаа /1997,1998 онуудад/ айрагдаж, анхны “Их Хурд”-д дөрөвт хурдлан айрагдсан юм.
ТОЛИН ХУЛЫН БУЛГАН СҮҮЛ
Хул азарга улсын наадамд түрүүлснээс хойш Г.Батхүү улс, бүсийн наадмаас гурван түрүү, арав гаруй айраг хүртсэн. Тиймдээ ч Толин хулыгаа араасаа олон хурд дагуулсан булган сүүлтэй адуу хэмээн ярих дуртай. Булган сүүлтэй хул азарганы буянаар газар газрын хурдан тууртууд Г.Батхүүгийн адуунд цугларсаар өдгөө 500 хол даваад байгаа. Адуун сүргийнх нь ихэнх хурдан угшлынх. Хул азаргыг гурван үрээний хамт авсан тухай дээр дурдсан. Тэр үед хамт ирсэн хонгор даага нь эдүгээ морь сонирхогчдын дунд Зулхонгор хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд даагандаа есөд, хязаалан, соёолондоо айрагдан, 2001 оны улсын наадамд аман хүзүүдсэнийг санаж байгаа байх. Түүнээс гадна Толин хулын үр төл нь очсон газар бүртээ сайн давхин, улсын наадамд ч айрагдсан билээ.
ХУЛ АЗАРГА ХУРД, ХИЙМОРЬ ДАЛЛАДАГ
Хойноос гарч идэж урагшилдаг хул азарга толгойндоо жаахан хойрго ч уяаныхаа үед ааш нь зөөлөрчихдөг байсан гэдэг. 2001 оны “Их Хурд”-аас хойш хул азарга дахин уралдаагүй. Турж эцээд тарга хүчээ ч авч чадахаа больсон түүнийг 2003 онд сэтэрлэн өвөл зунгүй тэжээх болжээ. Нэг удаа хашаанаас гаргатал алга болчихож. Баахан эрэл сурал болж гүйсээр байгаад хамгийн сүүлд адуун сүрэг нь байсан нутагтаа оччихсон байсан гэдэг. Энэ байдал хоёр ч удаа давтагдсаны дараа 2006 оны зун Толин хул 25-тайдаа тэнгэрт хальсан юм. Г.Батхүү олон жил баярлуулсан хурдан буянгаа өөд болоход нь эртний заншил ёсоор толгойг нь айдасын давааны овоонд өргөж, туурайгаар нь сангийн бойпор хийн хурдан морьддоо онгод хийморь дуудах болжээ.
ЗҮРХНЭЭС ЭГШИГЛЭСЭН ДУУ
Толин хулын тоосонд хийморь сэргэх наадам
Товруу мөнгөн эмээл дээр эзэн нь гоёдсон наадам хэмээх уран тансаг үгс шандаст хурдан хүлгээ зүрхэндээ нандигнадаг байсан эзнийх нь сэтгэлээс өөрийн эрхгүй хөвөрч гарсан гэдэг. 2002 онд АПУ компанийн захирлаар ажиллаж байхдаа компьютер дээрээ шивчихсэн байсан шүлгийг Харангын Чука ажил ярихаар орж ирээд харж нэг хувь хэвлэн авч оджээ. Хоёр гурав хоногийн дараа утсаар ганц нэг зүйл тодруулж байснаа “Дууг чинь “Толин хул” гээд нэрлэчих үү?” хэмээн зөвшөөрөл хүссэн гэдэг. Арав хоногийн дараа хоолонд урихдаа төгөлдөр хууран дээр тоглож үзүүлсэн нь сэтгэлд хүрч, клип хийлгэн наадмын өмнөхөн үзэгчдийн хүртээл болгожээ. Тэр үед Толин хул 21 настай байсан учир клипэнд нь хул зүсмийн төлийг нь тоглуулсан гэдэг. Ийнхүү морио дээдэлсэн уяачийн зүрхнээс эгшиглэсэн дуу морь сонирхогчдын төдийгүй моринд хайртай Монгол хүн бүрийн аялах дуртай дуу болж, хул азарга цаг хугацааг өртөөлөн Монголын ард түмний сэтгэлд хурдалсаар байна.
Энд дахиад л “Толин хул”-аас ишлэл авмаар байна….
Газар үнэрлэн омогшиход толгод хотойно
Хазаар даран тэмүүлэхэд дэлхий атирна
Зуузай эргэж гарахад наран сугарна
Зуныг элдэж хурдлахад дээл сэмэрнэ
Толин хулын тоосонд хийморь зүггүй наадна
Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадна
Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн
Монгол оо…
Тийм ээ, “Толин хул” ийн эгшиглэсээр тун удахгүй арав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Сонссон хүн бүрийн сэтгэлд омогшил тээх энэ дууг Харангын Лхагваагийн чадалтай хоолойгүйгээр бас төсөөлөх аргагүй биз ээ. Монголын рок попын ертөнцөд гишгэсэн мөртэй, өөрийн гэсэн орон зайтай энэ бардам эрээс өөр хэн нэгэн дуулна гэхэд даанч хол сонстож байгаа биз.
Савхин тоногтой хар хүрэм, урт буржгар үс, олон цагирган ээмэг. Энэ бол түүний стиль. “Энэ амьдрал гэдэг юманд тав арван цаас олох гээд янз янзаар хувираад байх ямар хэрэг байгаа юм” гэж хэгжүүн эр хэлсэн удаатай. Бүр хүүхэд байхаасаа үсээ ургуулж, улаан Boro татаад, уранхай жинс өмсмөөр байсан гэдэг. Тиймдээ ч энэ хүслээ биелүүлэн рокер болсон биз. Тэр дандаа л хэгжүүн, бас омголон, зарим үед “билиг танхай” байх нь бий. Өөрийн гэсэн ертөнцтэй Лхагваагийн ертөнцийг үзэх үзэл заримдаа тун ойлгомжгүй ч юм шиг. Мөнгөний төлөө үхэн хатан гүйлдэх болсон энэ нийгэмд хүн гэдэг өөрийн гэсэн өнгөтэй байх ёстой гэж тэрээр үздэг. Түүнийхээр орчлон олон янзын өнгөтэй байх агаад Лхагваа гагцхүү цэнхэр, ногоон өнгийг илүүд үздэг. Тэрээр хүүхэд байхаасаа хэрсүү нэгэн байсан гэдэг, Нөгөө талаар бусдыг бодвол амьдралын хатуу хөтүүг эрт мэдэрсэн болохоор энэ амьдрал түүнийг шазруун болгочихсон гэх юм билээ. Өдгөө дөч гарч яваа тэрээр ээжийгээ бурхан шигээ л шүтэж биширнэ. Тиймдээ ч “ээж нар бол айхтар улс. Хүзүү хаашаа толгойгоо тийшээ. Эхийнхээ үгэнд орж байх ёстой” гэх. Гэхдээ үүнд бас хязгаар бий гэж тэр ярина. Үзэл бодлоосоо бусдыг сонсоно. Бас ертөнц дээр амьдрах энэ хуулийг ээжээс сонсоно гэж ярьдаг.
Эх орондоо дэндүү хайртай гэх түүний үг ингэж цээжээ дэлддэг зарим нэгнээс шал ондоо. Уран бүтээлийн тоглолтоор дэлхийн олон орноор хөндлөн гулд тэнэж явсан ч сэтгэлийн үзүүрт эх орноо гэх сэтгэл дандаа л явсан гэдэг ч тэр бүр энэ тухайгаа олонд дэлгээд байсан нь цөөхөн аж. Нарсанд төдийгүй наранд ч бухимдах юм зөндөө байна. Эх орон маань хөгжих хэрэгтэй. Бидний хөгжил удаан байна гэж эгдүүцэх энүүхэнд. Үзэл бодлоо бусдад хүргэх ёстой учраас хоолойгоо ашиглаж байгаа. Тэрнээс биш өөрийн бодолгүй, өөрөө зохиодоггүй жирийн нэг дуучин бол өөр юм гэж олон жилийн өмнө ярьж байсныг тод санаж байна. Тэр үед “Харанга”-ын “Ертөнцийн өнгө” тоглолт болох гэж байсан юм. Энэ бол одоогоос долоо найман жилийн өмнө гэсэн үг л дээ. Хатанбаатарын гэхээсээ илүү “Харанга”-ын гэж овоглох Соёлын тэргүүний ажилтан Х. Лхагвасүрэн Монголын рок попын ертөнцөд цэргээс ирсэн жаахан хүү байхдаа л орж ирсэн. Амьдралынхаа ихэнх хугацааг тайзан дээр өнгөрөөсөн ч Лхагваагаар овоглосон ганцхан цомогтой. Дэндүү даруу ч юм шиг. Гэхдээ түүний гаргасан “Харангын Лхагва” цомог одоо ч хитэд байнга дээгүүрт жагсаж байна. Түүний зохиосон “Дурлал”, “Гэрэлт орчлон”, “Он жилүүд”, “Бүсгүй заяа” зэрэг олон дуунууд Лхагвааг сонсох дуртай олныг цаг хугацаанаас үл хамааран байлдан дагуулсаар л байна. Рок попын хамт олон нь түүнийг жинхэнэ мужик эр гэж үнэлдэг юм билээ. Аатай омголон энэ эрийн хоолойн чадал, олонд үнэлэгдсэн дуунуудад фенүүд нь хайртай учраас түүнд хир халдаах тун дургүй. Тийм ээ тэр цуцашгүй хоолойтой. Үүнийг батлах мэт урлагийн олон нөхөд нь дуу нэгтэйгээр дахин давтагдахгүй авьяасын эзэн гэж үнэлдэг юм билээ. Ийнхүү Толин хулаар эхлэн үзэглэсэн тэмдэглэл маань Харангын Лхагваагаар санаандгүй атал үргэлжилж орхилоо.
Та бүхэн сайхан наадаарай…
www.URLAG.mn