Баяр наадмын дуулиан тасраагүй энэ үеп нэрт орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатартай орчуулгын уран бүтээлийн талаар хийсэн ярилцлагаа уншигч та бүхэнд хүргэе.
– Таны орчуулсан «Сюэкө бүсгүй» зохиолоос сэдэвлэн Х ТҮЦ хамтлагийнхан «Сэрүүн хасын нууц» жүжиг тоглосон нь үзэгчдийн дунд чамгүй шуугиан тарьсан. Орчуулагчийн сэтгэгдэлийг сонсохгүй өнгөрч болохгүй…?
– ТҮЦ хамтлагийнхан 26 өдөр дараалан энэ жүжгийг тоглосон. Сайн зохиолтой сайн бүтээл байвал манай үзэгчид уйдахгүй үзээд байх юм байна гэдгийг цөөнгүй театр киноны уран бүтээлчдэд ойлгуулах шиг боллоо. Би нээлтэнд нь оролцсон. Тун дажгүй жүжиг болсон байна лээ. Нөгөө талаар манай драмын урлагийн уран бүтээлчид төдийгүй үзэгчид ч гэсэн тайзны сайн бүтээлээр цангаж явдаг юм байна гэдгийг ойлгосон болохоор энэ чиглэлээр хүч тавин ажиллах урам зориг төрлөө. Хамгийн гол нь уг жүжгээр дамжуулан монголын драмын урлагт Анужин, Цасжин нэртэй хоёр хөөрхөн бяцхан авьяастан танигдан тодорсонд дотроо их баяртай байгаа. Энэ хоёрын нас сэтгэхүйн онцлогт тохирсон мөртлөө үзэгчдийг байлдан дагуулахуйц өөр сайн бүтээл орчуулах бодолтой байгаа даа.
– Одоо ч бас сайн орчуулагч их дутагдаад байгаа цаг шүү дээ. Яг энэ үед энэхүү бүтээлийг орчуулж, олны хүртээл болгоход өөрийнхөө авьяас билгийг харамгүй зориулсан танд баярлалаа. Ойрын үед өөр ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
– 2004 онд Монголын сэдэвтэй хоёр роман дэлхий дахинд ихээхэн шуугиан тарьсаны нэг нь Хятадын нэрт бичгийн хүмүүн Зян Рун авгайн «Чонон сүлд», нөгөө нь Америкийн Афган гаралтай зохиолч Халед Хуссейний «Цаасан шувуу наадуулагч» хэмээх роман юм. Түүний нэг болох Афган гаралтай америк зохиолч Халед Хуссейнигийн «Цаасан шувуу наадуулагч» гэдэг романыг орчуулж уншигчдын хүртээл болголоо.
– Би “Чонон сүлд” романыг ёстой ууж байгаа юм шиг уншаад дуусгасан. Харин “Цаасан шувуу наадуулагч” романыг бол сонссоноос цаашгүй л юм байна. Төнд бас Монгол ахуй гарах уу?
– Тэр хол Америкад анх хэвлэгдсэн «Цаасан шувуу наадуулагч» романыг яахаараа Монголд хамаатуулах гэдэг билээ гэж зарим уншигч гайхаж магадгүй. Учир нь уг романд эртний эвдрээгүй сайхан монгол занг энэ хүртэл хадгалан үлдэж чадсан боловч үндэсний хувьд гадуурхагдан тарчлаж байгаа Хазара Монголчуудын амьдралыг гол баатар Хассан, Али, Санабар, Хомайро болон Сухрабаар төлөөлүүлэн сэтгэл шимширтэл дүрслэн харуулсан болохыг уншиж байх явцдаа төвөггүй олж мэдэх болно. Уг номыг орчуулж байх явцад Хазара Монголчууд төдийгүй Афганы голлох үндэстэн болох Пуштунчуудын хуулийг бус ёс заншил, нэр төр хүний жудгийг эрхэмлэдэг, худ ураг барилдахдаа цаад талынхаа удам судрыг онцгой анхаарч байгаа болон хонь мал нядлачихаад түүнээсээ айл саахалтынхандаа амсуулдаг зэргээс гадна хуушуур, шарсан мах, хуурай гамбир зэрэг хоол унднаас нь хүртэл яагаад ч юм бүү мэд нэг л танил дотно монгол амт үнэр ханхийх шиг санагдсан. Үүнд гайхаад байх зүйл огт үгүй юм. Бидний түүхийн сурах бичиг дээр хальт үзээд өнгөрдөг Хүннүчүүдийн гол өрсөлдөгч Юэшичүүд тэдэнд бут цохигдоод Дундад азийг тэр чигээр нь эзлэн суусан түүхтэй. Улмаар түүний халааг Сяньбичуудын нэгэн салаа болох Янда нар аваад гурван зууны турш буюу Лалын шашныг үүсэхийн өмнөхөн хүртэл арабын хойг, Умард Энэтхэгийг тэр чигээр нь эзэгнэж байсныг харамсалтай нь манай түүхийн ном сударт өгүүлсэн зүйл бараг байдаггүй билээ.
– Харамсалтай юм, бидний мэдэхгүй түүх, домог гарч ирэх бүрд битүүхэндээ хөндүүрлэж байдаг нь уран бүтээлчид, ялангуяа утга зохиолын хүрээнийхэн байдаг. Манайхан Афган, Хазара гээд ярихаар алан хядагчид, өлсгөлөн ядуу зүдүү л ард түмэн гэсэн нийтлэг ойлголттой байдаг. Таны орчуулсан номонд энэ тухай байна уу? Хазарачууд үнэхээр бидэнтэй элэг нэгтэй ахан дүүс маань мөн юм болов уу?
– Ний нуугүй хэлэхэд надад ч гэсэн тиймэрхүү төсөөлөл байсныг нуух юун. Харин номыг орчуулж байх явцад тэр бодол маань үндсээрээ өөрчлөгдсөн. Харин бүхэл бүтэн үндэстний нэр төрийг гутааж байгаа Талибанчуудын тухай уг номонд маш хурцаар шүүмжилсэн байгаа. Бидний сайн мэдэхээр Чингис хаан, Хулагу хааны үеэс үлдэж хоцорсон монголчууд Хазара нэрийн дор монгол үндэс угсаагаа хадгалан өнөөг хүрсэн нь маргашгүй атлаа гайхамшигтай сонин баримт юм. Тийм болохоор тэдний дунд монгол ёс заншил, ахуй соёлын гүн гүнзгий нөлөө байх нь ойлгомжтой хэрэг. Энэ ч утгаар би афган үндэсний хувцас өмсгөл зэргийг тэрлэг, дээл гэх мэтээр монгол уншигчдад дөхүү орчуулсныг бүү гайхаарай! Ер нь монголын дээл хувцасны соёл ази дорно дахинд маш том нөлөөтэй байсныг би өөрийн «Чонон сүлдийн нууц тайлал» номондоо нэлээд дэлгэрэнгүй оруулсныг та бүхэн удахгүй унших болно. Хазара гэдэг нь мянгат гэсэн утгатай Перс үг бөгөөд тэдний тухай Могулын Бабур хааны дурсамжинд анх дурьдагдсанаар дэлхий дахинд анх танигджээ. Тэдний үүх түүхтэй холбоо бүхий мэдээлэл «Цаасан шувуу наадуулагч» номонд цөөнгүй орсон байгаа.
– Та яагаад уг романыг орчуулъя гэж бодов? Ер нь таны гараас чамгүй чамбай бүтээлүүд гардаг. Уран бүтээлч, орчуулагч хүн сайн бүтээл олж орчуулахад хэр зэрэг хэцүү байдаг вэ?
– Би анх 2005 онд анх АНУ-д анх хөл тавихад энэ роман тэндхийн номын зах зээлийг ид байлдан дагуулж байсан. Тэр үед уг номын тухай ерөнхий төсөөлөлтэй болсон бөгөөд би уран бүтээлчийн хувьд Хятад, Япон, Солонгос зэрэг азийн томоохон улс орнуудын номын зах зээл дээр ямар бүтээл борлуулалт сайтай номын жагсаалтыг тэргүүлж байгааг байнга анхааралтай ажигладаг л даа. Гэтэл энэ ном миний мэдэхээр сүүлийн гурван жилийн турш жагсаалтыг тасралтгүй өнгөлж байгаа нь бүр ч их анхаарал татсан тул сонгож аваад орчуулсан маань энэ. Күнзийн сургаалд хүн гуч хүрээд тогтдог, дөч хүрээд төөрөгдлөөс ангижирдаг, тавь хүрээд тэнгэрийн бошгыг ухаардаг гэсэн үг байдаг. Өөрөөр хэлбэл энэ ертөнцөд юу бүтээх гэж ирсэнээ ойлгодог гэсэн үг юм. Миний хувьд тэнгэрийн бошгыг ухаардаг насаа давсан болохоор аль болохоор тулхтай, үлдэцтэй бүтээл гаргачих юмсан гэж хичээдэг болохоор тухайн бүтээлийг нэлээд удаан уншиж судласан гэх үү дээ? Нөгөө талаар уран бүтээлч хүн орчуулах сайн номын эрэлд хатаж явдаг гэвэл тэрэн шиг дэмий үг байхгүй болов уу? Учир нь сайн бүтээл гаргахын төлөө дэлхий дахинаараа эрэл хайгуул хийж, ажиллаж бүтээж байна. Хамгийн гол нь мэдээллийн далай мэт үерийн дундаас тэр бүхнийг сонгон олж хараад чанартай сайн орчуулах явдал л хамгаас илүү чухал юм.
– Надад таны шинэхэн бүтээл үнэхээр сонирхолтой санагдаад байна. «Цаасан шувуу наадуулагч» романы гол үйл явдал хэрхэн өрнөдөг вэ. Жаахан бүдүүлэгч гэсэн шифи л авах гээд байна л даа? Манай уншигчид ч гэсэн хүсч байгаа байх?
– Бололгүй яахав. Романд үерхэл нөхөрлөл, хайр дурлал, Афган хүмүүсийн харилцаа зэргээр дамжуулан урьд өмнө бидний хувьд огт танил бус байсан гивлүүрийн цаадахь гувай зүс мэт арабын соёлыг уншигчдад тодорхой сайхан нээж өгснөөрөө онцлогтой. Кабул хотын толгой баяны хүү Амирт эрх ямба, эд хөрөнгө гээд өнгөц харахад дутах гуцах юм огт үгүй боловч амин хувиа хичээсэн, дээрэнгүй, аймхай хулчгар нэгэн болох нь зохиолыг уншиж байх явцад ойлгогдоно. Энэ нь цаад утгаараа гэмээс ангид байдаггүй нь хүмүүний орчлонгийн араншин гэдгийг тодорхой харуулж байгаа хэрэг. Хүн ямар хувилгаан сахиулсан биш алдаа эндэлгүй хэн байх билээ? Хүмүүний эрхэм алдааг засахад буй гэж нангиадын эртний сургаалд өгүүлсэн байдагчлан Амир өөрийнхөө алдаа дутагдлыг олж хараад түүнтэй эвлэршгүй тэмцэж байгаа нь түүний яах аргагүй сайн тал юм. Харин түүний нөгөө талын эерэг баатар болох Хазара үндэстэн Хассан хэмээх жаалхүү өнчин өрөөсөн, эд хөрөнгө, эрх мэдэлгүй нэгэн боловч сайхан сэтгэл, эелдэг зөөлөн зан ааль, тусч чанар гээд хүний хайлан болсон нэгэн юм. «Эцсийн дүнд тэврээд төрдөггүй, аваад үхдэггүй алдар нэр, эд хөрөнгө, эрх ямба гэгч олдмол зүйл аж. Харин хүнийг үхэхэд нь ч сүнсийг цуг дагаад явдаг ганц зүйл байдаг нь хүн чанар, цэвэр ариун сэтгэл юм байна. Тэр нь миний хувьд тэнгэрт нисэж буй цаасан шувуу лугаа адил яасан хол оршном бэ?» гэдгийг Амир ойлгож түүнийг олж авахаар эргэлт буцалтгүй тэмцэж байгаа зам мөр нь хичнээн бэрх бартаатай атлаа, адал явдлаар дүүрэн болохыг манай уншигч олон унших явцдаа ойлгох нь дамжиггүй. Түүгээр зогсохгүй манай монгол уншигчид ч гэсэн Амир агьтай нэгэн адил өөрийн сэтгэлийн цээлд дүүлэн нисэх цаасан шувуугаа таньж түүн рүү алхам ойртоход энэ ном тус нэмэр болно гэдэгт би хувьдаа гүнээ итгэлтэй байгаа.
– Амир агь гэлээ та…?
– Амир агь гэж би зүгээр ч нэг амны зоргоор хэлсэнгүй. Эртний монгол хэлэнд баяд ноёдын хүүг агь, охиныг гэг гэдэг байсан юм. Хааны охиныг гүнж, харин хааны ах дүүсийн охиныг жүнж гэж нэрлэдэг байж. Манай монгол хэл гүнд нь ороод судлаад байвал үнэхээр гайхалтай баялаг хэл шүү дээ. Дээр дурьдсанчлан Перс хэлээр агь гэдгийг яг ядилхан дуудлагаар илэрхийлж байгаа болохыг тухайн зохиолыг англи хэл дээр уншсан хүмүүс ажигласан байх аа. Энэ романы өмнө талд манай нэрт орчуулагч, зохиолч Я.Ганбаатар сонирхолтой өмнөтгөл бичсэн байгаа. Сэтгэлийн торгон утсыг хөндөж тунгалаг нулимсыг мэлмэрүүлэхүйц энэ алдартай зохиол удахгүй манай уншигчдын ширээний ном болон хувирна гэдэгт итгэл дүүрэн байна. Товчоор хэлбэл уйлуулдаг жүжгийнхээ араас уйлуулдаг ном орчуулан гаргалаа гэж болно.
– Танд баяр хүргэе. Бид дунд сургуулийн сурагч байхаасаа л номтой нөхөрлөж, номоор дамжуулан ертөнцийг таньж мэдэж эхэлсэн. Харин одоо даяаршил гэж чимээгүй мөлжигч энэ бүхнийг минь үгүй хийгээд байгаад би хувь хүний зүгээс тийм ч таатай байдаггүй. Сайхан ном унших сайхан шүү. Та бас Хятдын олон ангид түүхэн кинонууд орчуулж байсныг мэдэх юм байна. Ойрын төлөвлөгөөнд чинь ямар уран бүтээл байгаа бол гээд л..? Кино, ном аль нь бол..?
– Би киноны орчуулгаар дамжуулан анх үзэгч түмэндээ танигдсан болохоор сэтгэлийн гүнд киноны орчуулгадаа үнэнч хэвээр байдаг. Даанч зав чөлөө тэр болгон олдож өгөхгүй юм. Гэхдээ «Хуаньжу гэг», «Чингис хаан» шиг сайн уран бүтээл байх юм бол орчуулж бололгүй яахав. Сүүлийн үед Хятад, азийн олон орон төдийгүй америк европод хүртэл «Жэньхуань хатан» гэдэг нэртэй олон ангит кино маш их шуугиан тарьж байна л даа. Түүнийг ойрын үед үзэгч түмэндээ хүргэхээр ажилдаа шуурхайлан ороод байна. ETV телевизээр гаргахаар урьдчилсан байдлаар тохирчихсон. Бас хоёр жилийн өмнө «Гурван улсын үлгэр» гэдэг эртний хятадын сонгодог романыг орчуулж байгаа тухайгаа танай сониноор дамжуулан уншигчдадаа дуулгаж байсан санагдаж байна. Тэр бүтээл маань гараас гараад одоо хянан тохиолдуулах шатандаа явж байгаа. Хятад, Солонгос, Тайланд, Япон зэрэг оронд энэ сонгодог роман маш алдартай л даа. Хятаддаа бол манай «Нууц товчоотой» адил гэсэн үг. Үнэндээ манай өвөг дээдэс дээрх улсуудаас хавьгүй эрт уг алдартай бүтээлийг худам монгол бичиг дээр буулгаад уншиж байсан түүхтэй юм. Гэхдээ гурван зуун жилийн өмнөх орчуулга гэдэг тухайн үед хэрэглэгдэж байсан олон үг хэллэг, зарим талаар найруулгаас өгсүүлээд өнөөгийн уншигчид тэр болгон ойлгохооргүй хэсэг чамгүй их болчихож дээ. Тийм болохоор энэ сайхан бүтээлийг орчуулж уншигчдынхаа хүртээл болгочих юмсан гэдэг чин хүслийг өвөрлөж явсан маань биеллээ олж байгаад их баяртай байна. Үүнээс гадна 2005 оны Хятад улсын шилдэг борлуулалттай номыг өнгөлсөн «Төвд банхар» нэрт романыг орчуулаад бараг дуусаж байна. Түүний өмнөх үгийг нэрт зохиолч Г.Аюурзана бичсэн байгаа. Хурц содон сонин үйл явдлаар дүүрэн энэ роман ч гэсэн удахгүй манай уншигчдын дуртай бүтээлийн нэг болно гэдэгт итгэл дүүрэн байна. Зун цагт уран зохиолын номын борлуулалт сайтай байдаг нь санаандгүй хэрэг биш. Манай оюутан сурагчид зуныхаа амралтыг үр бүтээлтэй өнгөрөөх нэг арга хэрэгсэл нь уран зохиолын ном унших явдал байдагтай холбоотой нь тодорхой. Тийм болохоор тэдний гар дээр ганц хоёр сайн ном тавьчих юмсан гэж чармайн ажиллаж байна даа.
– Ярилцахад үнэхээр сайхан байлаа. Таны цаашдын ажил уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе.
Н.Биндэръяа Эх сурвалж: dorgio.mn