“Хайр аа, би чамайг санаж үхэх нь ээ. Ядаж байхад яасан ч их түгжээтэй юм. Автобусанд бараг цаг бөглөрч байна. Чи минь юу хийж байна. Хайр нь одоохон очлоо. Үнсье, хайртай шүү. Bye.”
Дөнгөж сая ингэж ярьж байсан охиноос нүдэнд дулаахан өвөө суудал тавихыг хүсэв. Охин босох нь бослоо. Өвгөн “Баярлалаа хүүхээ” гээд суудалд сууж амжаагүй байхад харин миний чихийг “Зайлциймаа. Хөгширснөө юундаа гайхуулдийн…” гэж амандаа үглэх охины үг дэлсэв. Хөх хүрээ татсан нүд нь олзуурхан баярлаж суудал руу дөхсөнийг харсан хүний хувьд тэр өвөөг би ямар их өрөвдөв өө.
… Хайран чиг “хайр аа” гэдэг үг… Тийм эрхэм үг ингэж чиг үнэгүйдэх гэж дээ.
Уншигч тантай энэ удаа хэн хүний амнаас элбэг сонстох болсон энэ нандин үгийн жинхэнэ утгыг хайсан санаашралаараа дахин нэг уулзая.
Жихүүн
Хүмүүний сэтгэл энэ нийгэм хоёр ав адилхан хуйсгануур. Тэнгэрийн араншин мэт янз бүр. Бороог асгаж, цутгаж, шаагиулж байгаагүй юм шиг ангуулж цангуулж хатаана. Нараар ээж. шарж, дулаацуулж байгаагүй юм шиг хайрч, жиндээж хөлдөөнө.
Өглөө гэрээсээ гарахдаа “ хайртай” гэж эхнэрээ үнсээд гарсан захирал ажил дээрээ ирээд ажилтнуудруугаа арслан мэт архирч мэдэх, хүйтэн…
Унтаж байгаа хүүгээ өхөөрдөн үнэрлэж “сэрээчихвий” гэж гэтэж гарсан эмч ээж тасагтаа ирээд өвчтөнрүү хямсаганаж бас омогдож мэдэх, ширүүн…
Залуус хүүхдийн цовоо инээдэнд уяран ажлаасаа гарч ирсэн багш эзэгтэй гэртээ ирээд архины эхүүн үнэрт нүд нь хорсон, нулимс цийлэгнэж мэдэх, гашуун…
Санаж, сэмэрч, үгүйлж, дутаж учирсан амраг хань нь гундааж, гомдоож, илүүдэж мэдэх, үнэн…
“Эх орны минь газар шороо, эрдэнэ болсон толгод минь” хэмээн сэнтийд заларсан “зангиатнууд”, “эхнэр минь, хэтэвч минь хэмжээтэй, суудал минь хугацаатай” хэмээн “өндрөөс буух”-даа бэлдэн уурхай банкалж мэдэх, өрөвдөм….
Сэхүүн
Бурханы зурсан гоо үзэсгэлэн байтал өөрөө урласан мэт хүүхнүүд бардам. Ээжээс тасарсан амь байтал хаднаас ургасан мэт залуус сагсуу. Тэнгэрээр услуулж, газраар тэтгүүлж ургасан байтал өөрсдөө ургасан мэт цэцэгс хээнцэр. Өндөгнөөс гарч ниссэн байтал өндрөөс өдөлсөн мэт жигүүртэн ихэмсэг. Сэтгэлээс ивлэсэн байтал салхинаас цуглуулсан мэт хайр жиндүү. Өвгөдөөс өвлөсөн нутаг минь байтал өрнөдөөс тээвэрлэсэн мэт баярхуу. Заримдаа ч…
Ялгуун
Цэцэг цэцэгсийн сайхнаар өнгөө нэмж газар дэлхий нэг л нялхамсуу. Цэнгэл цэнгэлийн дээдээр хуршиж хүмүүний сэтгэл нэг л элгэмсүү. Баяр баярын дээдээр амташч багачуудын харц нэг л энхрий. Хайр хайрын сайхнаар гоёж хүүхнүүдийн алхаа нэг л цэмцгэр. Ухаан ухааны дээдээр бяр сууж эрчүүлийн хийморь нэг л тэнгэрлэг. Зөв зөөлөн ардынхаа сэтгэлд тэгширч Монголын минь тал нэг л цайдам…
Намуун
Жаргал ноцоосон гэрийн хойморт аргамжсан нархан ээжийн бүүвэйнд нойрсоно, тийм л амгалан эх орон минь. Наадамд зодоглосон эрчүүд дэвжээ хотолзтол дэвнэ, тийм л омголон хийморь минь. Саран авхай ододтой ижилсэж өнгө сүлсэн Монголын минь шөнийн тэнгэр тогтуун, тийм л уужуу ард түмэн минь. Салхин өөрөө чагнаархаж хүслээ шивнэсэн татлага, тийм л уярам хуурын эгшиг минь….
Ус мэт…
Гэрээсээ ханиа үнсэж гарсан тэр сэтгэлээр ажлаа бас ажилтнаа ч хүндэлж мэдэрдэг бол, хүүгээ харж элгэмссэн тэр сэтгэлээр бусдыг бас ойлгодог бол, залуу үеийн инээдэнд цовоожсон тэр харцыг нь ухаалаг нөхрүүд мөнхөлдөг бол, ундарсан их сэтгэлийн галаа эцэст нь хүртэл манаж бөхөөдгүй бол, нутаг шороогоо гэсэн сэтгэлээ нимгэн түрийвчиндээ захируулдаггүй бол хүмүүний нийгэмд солиорол, хийрхэл ноёлж, сэтгэлийн гүнд гоморхол, цөхрөл хуралдахгүй төгс хайрыг мэдэрч жаргахгүй юу.
Баяр гуниг ээлжилж, сэтгэлийн зөрчил үерлэж байдаг дотоод ертөнц минь амгалан бол хүйтэн халуун ээлжилдэг гадаад ертөнцдөө бид амгалан аж төрж болох биш үү.
Хайр дурлал гэгч мөнхийн оршихуй. Ганцхан зуны настай цэцэг шиг залуу насандаа нуулгүй зарлаж, гадагшаа цацаж хайрлана. Гангар шаазан шиг инээд нь томоожихын цагт зарлалгүй нууж, дотогшоо огшиж хайрлана. Хайруу өвлийн цас тэргүүнд нь малгайлахын цагт хав дарж өөдөө өмөлзөж хайрлана.
Хэнийг ч хэзээ ч уярааж битүүхэн гуниг, цагаахан жаргалд автуулж байдаг хайрын үнэ цэнэ дэндүү их ээ, хүмүүс минь.
Уулыг нурааж, тэнгэрт тулсан цамхаг босголоо ч хайргүй бол хов хоосон. Эрхэсийг судалж мэргэдийг ичээсэн ч хайргүй бол хув худлаа. Буян өглөгөөр суварга босгосон ч хайргүй бол хөв хөндий.
Хэн дуртай нь хаа дуртай газраа хэлээд байдаг ХАЙРаа гэдэг үг жинхэнэ сэтгэлээс чинь гарсан бол явсан газар болгондоо гэрэлтэж, уулзсан хүн бүрээ инээлгэж, ажилласан салбар бүртээ амжилтанд хүрэх байсан. Дээдсийн өмнө бялдуугүй, ядуусын дэргэд бардамгүй, өтгөсийн үгэнд бухимдалгүй, нялхасын уйлаанд бачимдахгүй байх байсаан.
Ямар саванд хийсэн ч савны зоргоор хэлбэрээ олж тогтдог, ямар хатууг ялгалгүй дэвтээж, мөлийлгөж байдаг, асгасны зоргоор гоожиж, урсгасны зоргоор өөрөө цэвэршиж байдаг, бүхий л бохирыг шүүж, бүхий л хатууг зөөллөдөг, ямар ч нөхцөлгүй оргилох яг л ус мэт биенээ хайрлахсан.
Хайрласан шиг хайрлаж, дурласан шиг дурлаж, жаргасан шиг жаргаж чадахгүйн шалтгааныг хүмүүн та өөрөө амирлуулж чаддаггүй нь бүр хуурамч…
Сэтгэлийн энгээр хайр тань хэмжигдэж, хайрын энгээр хорвоо хэмжигдэхийн учрыг өөрөөсөө хайж, авах хайрын жаргалыг горилох биш, өгөх хайрын жаргалыг амтлахсан даа хүмүүс минь.
Ч. Өлзийням