Бороо орохоор сэтгэл нэг л гунигтай болчихдог. Гэхдээ тэр гуниг яагаад ч юм хачин сайхан "амттай", бүр дахин дахин санаа алдмаар санагдуулдаг нь сонин.Эрхэм уншигчиддаа "бороотой" шүлгүүдээс түүвэрлэн хүргэж байна.
А.Эрдэнэ-Очир: Тавдугаар сарын бороо
Гэзэгний үсээ сэгсэрч бороон дор хаврын охид зогсоно
Гоо сайхныг нь тэнгэр таалах мэт бороо зөөлхөн шивэрнэ
Өөртэй минь адил гуньж чаддаг охины тухай
Өөрт минь илүү сайхныг нээх мэт бороо шивэрнэ
Яг одоо би чиний нэрийг тэнгэрт хашгирч
Ягаахан усан хөшгийг цуу татан аянга болмоор байна
Тэгэхэд чи хэн рүү ус дуслуулан гүйж
Тэврүүлэхдээ нойтон цээжээ яаж наах бол оо!
Б.Баясгалан: Хотын дээрх тэнгэрийг хэн ингэтлээ гомдоочихоод…
***
Хотын дээрх тэнгэрийг хэн ингэтлээ гомдоочихоод
Хорин хоног тасралтгүй бороогоор уйлдаг байна аа
Гуниж дуслуулсан нулимсыг нь алгандаа тосч хөнтөрчихөөд
Гурван хоног би чинь согтуу юм шиг л алхаллаа
Үнэ хямдтай гоёлын шаахай бидний гунигийг даасангүй
Үүл болоод солонгын тухай үглэж дуулаад ч сонссонгүй
Норсон гэзэг, гандмал шүхэр, чихарсан нойтон савлуур л
Ноднин жилийн тэнэгхэн дурлалын тунгалаг шаналлыг сэдрээнэ дээ
Үргэлжийн бүүдгэр бүхэнд ингэтлээн адгаж дасчихаад
Үүр цайхад нар мандчихсан байвал үхмээр л санагдах байх даа.
2008.06.25
Л.Өлзийтөгс: …
Чичигнэсэн залуу навчис…
Бороо орж байна
Хавар яг урьдынхаараа
Хайрламаар, үргэлж шинээрээ
Бороо орж байна
Тунгалаг залуухан өдөр
Моносын ягаан цэцэг
Туяарсан моддын үнэр
Бороо орж байна
Норсон гутлын чимээнээс
Хүүхэд нас сонсогдоод
Нов нойтон сэтгэл
Бороо орж байна
Аньсага, уруулнаас урсах
Нулимс ч юм уу, бороо ч юм уу…
Ахиад нэг хаврыг үзэхсэн
Бие минь урсаж байна
Л.Өлзийтөгс: Харанхуйн бороо
Зарим нь бүлээн, зарим нь хүйтэн бороон дуслууд
Нүд уруул дээр минь чимээтэй, чимээгүй үнсэлнэ
Заримдаа үнэн, заримдаа худал ертөнцийн
Ер нэгэн шөнөөс ер нэгэн бороо дусална
Сар үгүй атал нойтон дусал бүр гэрэлтэж
Од үгүй атал орчлон бүхэлдээ гялалзана
Хуруу гараас минь тэнгэр дусагнаж
Хувцас өмсгөлөөс харанхуй бөнжигнөнө
*
Э.Бүжинлхам: Уучлаарай хайр минь
Уучлаарай хайр минь,
Цор ганц солонгын туяат минь
Урд шөнө би бороонд,
Чамд хадгалсан уруулаа өгчихлөө
Чиний минь хүрэх гээд,
Хүрч чадаагүй байсан хацрын минь гэгээг
Чийгт борооны дусал,
Үүлсийн бүрэнхийтэй цуг
Шөнөжин сүүдэрлэж хонолоо…
Гав ганцхан минь, чамайг би яг өнөөдөр л
Гарт минь гав гинжээ зүүж, зүрхтэйгээ холбоно гэж
Тэсэн ядаж, би нүцгэн моддын дор
Тэнгэрийн нулимстай цуг чамайг харуулдан зогссон
Гэтэл тэр бороо надад ухаангүй дурлачихаад
Гэнэн инээмсэглэл, чиний зүрхний тамгыг надаас арилгаж
Энгэрт минь, чиний хамгийн дуртай
Өөрийнхөө үнэрийг шингээхэд нь ч
Ингээд л борооны үнэртэй болчихвол,
Чамайгаа яг ирнэ дээ гэж би бодсон…
Үүр цайтал, чамайг хүлээн би бороонд үнсүүлээгүй
Үсний ширхэг бүрт минь тэр нэр өгсөн ч
Дуслаараа титэм хэлхэж зүүлгэсэн ч
Духан дээрээ үнсүүлээгүй, гэзгээ би задгайлаагүй…
Үнэнч салхи л надад чамайг
Өөр бүсгүйн цээжинд
Солонгын өнгөөрөө
Үнсэлтийнхээ хээг
Зураглан буйг чинь л хэлмэгц
Өглөө болоход л би борооны гэргий болчихсон
Өглөө болмогц л би борооны гэргий болчихсон.
Р.Эмүжин : Өдөр, шөнийн туршид бороо …
Өдөр, шөнийн туршид бороо шивэрлээ
Өмссөн хувцас, өр зүрх минь шал нойтон
Өрөөлийн өвөрт гээсэн аз жаргал минь
Өнөө хаана төөрснийг
Хэн мэднэ, мэдээд ч яах юм.
2001.04.11. УБ
Ц.Дэлгэрмаа : Бороо далимдуулж зөндөө уйлсан
***
Хамгийн сүүлд чамтай
Харц тулгарсан минь
Хаа ч билээ…
Хар нүд чинь
Халгисан булгийн ус шиг
Гүн рүүгээ гуниг нь улам яргасан
Танихгүй юм шиг харцаар удаан гэгч ширтсэн
Цэцгийн үндэс дэвтээж
Цэв хүйтэн бороо шиврээд л…
Хөдлөх ч дургүй уруулыг чинь
Хөхөртөл нь шавшсан…
Дэргэдүүр чинь би өнгөрөхдөө
Дэлхийгээр нэг хашгирмаар байсан ч
Болохгүй юм шиг бодолдоо хүлүүлчихээд
Бороо далимдуулж зөндөө уйлсан
Чи хэвээрээ л…
Цэвдэг хүйтэн, хөшөө мэт
Сүлбэх мэт харц чинь л амьтай
Сүүдэр мэт чимээгүй шаналантай
Шаналанг чинь цуучин
Шалбааг туучин алхалсан
Шалба норсон зүрх минь л хөөрхий…
Золгүй хайрыг минь чи
Зовлонд тэгж дасгасан
Уйлчихсан нүдтэй намайг бүү хэл
Уймраа орчлонг ч ер тоолгүй одсон
Чиний нүдийг
Уйтгарын эдлэнд сүүлчийн удаа ширтсэн минь
Урьд билүү, эсвэл…
2003 он
С.Начин: БОРОО
Бороо дусагнаад л тэгсэн хэрнээ
Нэг л гуниглангуй
Нулимсаа хатамжилсан эрх хүүхэд шиг
Бүр тийм л гэсэн шиг ганц хоёрхон дусал
Хаяад л….
Яг миний зүрхний түг түг хийх цохилт шиг
Ялгуухан алгуурхан асгараач
Ямар үед нь ороод, хэдийд нь цурхирдагаа
Яг одоо хэлээд өгөөч
Асгараач…..
Г.Баяр: Бороо л ороосой
Бороо л ороосой
Ижийн минь тэрлэгний өнгө шиг
Нэг л дулаахан бороо л ороосой
Бороо л ороосой
Өвсний толгой дээр сүү асгачихсан юм шиг
Нэг л сайхан бороо л ороосой
Бороо л ороосой
Голын усанд уруулаа дүрэн зогсох морь шиг
Солонгоор инээсэн бороо л ороосой
Бороо л ороосой
Сарны туяанд, бүсгүй хүн даашинзаа
Тайлах шиг
Тийм л тув, тунгалаг бороо л ороосой
Бороо л ороосой
Нозоорон буй цагны зүүнд хавчуулагдсан нарны зовхи шиг
Бодол хөндүүрлэсэн бороо л ороосой
Бороо л ороосой
Нойтон болжмор тооноор орж ирээд,
Миний орны хөлд суух шиг
Аяс намуухан бороо л ороосой
Бороо л ороосой
Нүгэлд хорсож улайссан нүдний хирийг угаачихмаар
Бурханы нулимс шиг бороо л ороосой
Бороо л ороосой…
Г.Лхагвадулам: Навчсаас дуслах борооны сүүлч…
Навчсаас дуслах борооны сүүлч-
Надад одоо юу ч хэрэггүй.
Түлхэж орхисон учралд харуусч
Түүний өмнөөс нүдгүй нь уйлна.
Чийгтэй нойтон хөрсөн дээр алхахад
Чиний зүрхэн дээр гишгэлж буй мэт
Сэтгэгдэл төрөөд буруугаа мэдрэхэд
Сэржигнэх чимээ нь цаанаа л зэмлэлтэй
Мэгшсэн навчис хойноос ширтэнэ,
Миний алсан хайрын сүнс шиг.
М.Хангал: Дүнсгэр өглөө
Өчигдөр л төрсөн нутагт минь асгарч байсан
Цэнхэр бороо
Өнөөдөр цонхыг минь угааж байна.
Цэвэрхэн цонхоор өглөөг угтах ийм дүнсгэр гэдгийг
Огт сануулгагүй мэдрэх гунигтай юм.
Цэцгийн шилбэ шиг турьхан бүсгүй
Шүхэртээ түүртсээр шаахайгаа норгочихлоо.
Гарч замчлахаас нэгэнт хоцорсон хойно…
Гудамж туулахыг нь хүлээж сууя даа.
н. Заяа : Бороо орж байна
Гадаа бороо орж байна
Гал хайрын цэцэрлэгт чамтайгаа би сууж байна
Ганц нэгээрээ хундаганд орсон дуслуудыг
Гэзэгний чинь үнэрээр дарууланхан би ууж байна
Улаан шороо норж байна
Ургаа моддын дор чамтай би сууж байна
Уусан дарсандаа бус өөрийн чинь үнэрт согтоод
Усан бороонд норон норон бидэн хоёр сууж байна
Би айж байна
Битгий л зүүд байгаасай гэж дотроо гуйн залбирч байна
Халхын үзэмж Монгол бүсгүйд сэтгэл зүрхээн өгчихөөд
Хайрлан дурлаад эцэст нь хагацахаас би айж байна
Бороонд нэвт норсон нимгэн цамцны чинь цаанаас
Бие чинь гэрэлтээд сэтгэлийг минь гижигдээд
Дурлал гээч дарсыг дундаа тавиад ууж байна
Дур хайрандаа хөлчүүрэн цэцэрлэгт хамт сууж байна
Гадаа бороо орж байна
Гал хайрын цэцэрлэгт чамтайгаа би сууж байна
www.URLAG.mn