Ер нь тэгээд унаад явъя гэсэн бол үнэндээ надад бариад өгөх мэдэлгүй байсан шүү дээ. Аав минь наадмын хүнс гэж Сүрэн бид хоёрт нэг нэг төгрөг өгөв. За ингээд бид гурав шинэ дээл өмсөж, сайхан морь унаад наадам руу явахад энэ хэвээрээ ертөнцийн хязгаарт ч хүрч чадмаар санагдаж билээ.
Тэнгэрт нэг ч үүлгүй бөгөөд хаашаа л харвал ногоон магнаг дэлгэсэн юм шиг газар харагдаад олон янзын сайхан үнэр хамар руу цоргиж байлаа. Ертөнц баясан мишээж, хүүхэдтэйгээ тоглож байгаа залуу эх шиг харагдаж байлаа. Удалгүй бид Харганатын голын бургас руу оров. Улиас моносын шуугих дуун элдвийн шувууны жиргэх дуу, голын урсах шуугиантай хослон байгаль бидэнд сайхнаа гайхуулах гэсэн шиг байв.
Сүрэн бид хоёр ам булаацалдан нутгийнхаа сайхныг магтав. -Ингээд жимс бүхэн болох цагт ямар сайхан гэж бодно гэж намайг хэлэхэд
-Түүнийг бодохтой зэрэг л арааны шүлс гардаг юм гэж Сүрэн хэлээд үнэхээр ч шүлс нь гарсан бололтой залгив.
-Танай эндхийн байгаль ч сайхан юм. Гэхдээ тусгүй юм их байна гэж Солонго хэлэхэд би угтан авч
-Жишээ нь гэж асуув.
-Танай энд бол үргэлж л адуугаа манах юм. Манай нутагт бол огт манадаггүй гэж Солонгын хэлэхэд Сүрэн
-Боохой гуай хаачсан газар вэ? гэж асуув.
-Манай тал нутгийнхан хангайхантай адил чоноо тахиж байдаггүй, харин хавар гөлөглөх үед нь талыг там, уулыг тал болтол нь хөөж байгаад устгаж орхидог гэж Солонго хошигнон хэлэв.
Энэ үгэнд үнэний хувь аргагүй л байсан тул би Солонготой маргаж чадсангүй. Манай хангайнхан чоноо эрхлүүлсээр байгаад эцэст нь тэд өвөр дэх юмы минь булааж авахад хүрч байгаа билээ. Ингээд бага залхуугаас их залхуу гэгчээр шөнө бүхэн адуугаа манаж өдөр бүхэн хонио дагаж явдаг нь үнэн.
-Гэхдээ л манай нутаг сайхан даа гэж Сүрэнгийн хэлэхэд Солонго толгойгий нь илбэн өхөөрдөн инээмсэглэж
-Төрсөн газрын хайрга зөөлөн гэв.
Бид гурав Харганатын голыг гатлах болов. Угаасаа тал газар өсөж ийм их ус үзээгүй Солонго ус гатлахаас айсан тул Сүрэн бид хоёр дундаа хийж гол руу оролоо. Солонгын морь бөөрөнхий чулуун дээр гишгээд хальтрахад тэр надаас барьж авахад би түүнийг чанга тэврэв. Сүүлд нь бид хоёулаа тэврэлдсэндээ болж ичив.
Гол гараад бид давхилаа. Эргэж харахад хэдэн өдрийн хурц наранд хатсан хуурай газар морины хөлд онгилогдон тоос татаад, биднийг гүйцэж ядсандаа хорсоод өөр хоорондоо зодолдож байгаа мэт бужигнан байв. Ингэж явсаар удалгүй бид наадам дээр очив.
Хөх ногоон, улаан зэрэг янз бүрийн хурц тод өнгөтэй дээлээ өмсөөд өнгө бүрийн зүсмийн тарган сайхан морьдоо унаад олноороо цуглаад байхад талын цэцгийн өнгө гологдон харагддаг.
Наадмын талбай бол яг л ийм талын цэцэгтэй өнгө булаацалдсан газар байв. Сумын наадам болоход баг бүр том майхан барьж, эсгий дэвсээд айраг сөгнөж, тэр багийн ардууд тэндээ очиж том хултай айргаа шимэн ууж аж амьдрал, алив нэгэн зүйлийн тухай хөхрөлдөн ярилцдаг. Бид гурав юуны урьд багийнхаа том эрээн майханд очиж айраг уув.
Би Солонго дүү хоёроо наадам руу явуулаад, өөрөө хүн хартай уулзаж ажил төрөл ярилцах хэрэгтэй гэж салж нэгдлийн гуанзанд оров. Тэгээд гуанзны ахлагч нь аавын найз хүн байсан тул хоёр цаг гаруй энд байж таван зуу гаруй хуушуур чимхэж орхиод шанд нь үдээс хойш ирж арван таван хуушуур ид гэж хэлээд явав.
Нөгөө хоёроо эрж явтал улаан булангийн өмнө олон хүн цуглараад алга ташиж байв. Очиж харвал Солонго шударга хөгжмөөр Учиртай гурван толгой-н Юндэн, Нансалмаа хоёрын хос дууны аялгууг маш чадамгай дарж тойрсон бүхэн шагшин магтаж байлаа. Биеэ үл мэдэг ганхуулан зүүн гараа дээш доош нь салхи шиг хурдан хөдөлгөн тоглож байгаа Солонгоос нүдээ салгаж чадахаа больсон манай сумын залуучууд бие биесээ Энэ согоо хаанаас гараад ирээв? Хэн гэдэг юм бэ? гэж асууж байв.
Би ч гэсэн нэг хэсэг хорвоо дээр шударга хөгжим барьсан Солонгоос өөр юм байдгийг мартаж гөлрөн зогсов. Солонго хөгжмийн аялгууг нам болгож нүдээ тормолзуулан инээмсэглээд
Сэтгэлийн амраг гэдэг чинь
Шижир алтнаас үнэтэй
Шилж түүнийг олоход
Шийдвэр зориг хэрэгтэй гээд дуулж эхлэв. Тойрон сонирхогчид нэг хэсэг нам болсноо өндөр нам бүдүүн нарийн хоолойгоор
Ижил хоёр шувуу шиг
Ижилдээд хоёулаа явъя даа хө
Ингэж нийлэхээс илүү
Жаргал хаанаас байдаг юм бэ? гээд дуулж гарлаа. Би ч бас аяархан хоолойгоор сэмхэн дуулав.
Дуу дуулсны дараа хэсэг зуур ямар ч чимээгүй болсноо гэнэт нижигнэн алга ташиж хөгжмөө тавиад боссон Солонгыг дахин дуулуулав. Хүмүүс улам нэмж ирсээр л байв. Ер нь ингээд байвал хэзээ ч эндээс явж чадахгүй, морь бөх харж ч чадахгүй тул би олны дундуур зүсэн орж тэр хоёрын дэргэд очоод
-Явж их насны морьд үзэх үү? гэсэнд Солонго эхэлсэн дуугаа дуусгаж хөгжмөө тавиад босоход нь хүмүүс нижигнүүлэн алга ташиж байв.
Залуучуудын атаархсан нүд над дээр тусаж би ёстой л гишгэх газраа олохгүй явж билээ.Бид гурав мордоод зэрэгцэн явж байтал манай багийн Дамдин гэдэг залуу давхин ирж Солонгын хажууд зэрэгцэн
-Та чинь алтан гургалдай шиг дуулдаг охин юм байна шүү. Танилцъя. Миний нэрийг Дамдин гэдэг гээд гараа өгөхөд нь Солонго үл мэдэг инээмсэглэн гараа өгч
-Миний нэр Солонго гэв.
-Яасан сайхан нэр вэ? Би таны чинь дахиад харж чадахгүй сайхан зүүд шиг алдах нь уу гэж сандарлаа шүү гэж Дамдин хэлж, өөрөө өөрийнхөө үгэнд баярлан чанга инээснээ Солонгын нутаг ус, ямар хэргээр манай нутагт ирсний нь асуув.
Солонгоос Дорж гуайнхыг нүүлгэхээр ирсний нь мэдээд,
-Чи чинь гайтай хүн байна даа гэхэд нь Солонго
-Яагаад? гэв.
-Яах юу байхав дээ. өөрөө ёстой л Солонго шиг үзэгдэж алга болон сэтгэл догдлуулахдаа бас манай нэг нүд хужирладаг хүүхнийг аваад явчих нь байна шүү дээ гэж хэлээд л тас тас инээв.Их насны морьд үзсэний дараа бид бөхийн талбай дээр ирж нилээд зогсов.
-Солонгоо! Манайх тэр харагдаж байгаа эрээн майхан, Өнөө орой бид хэдэн залуучууд шагай шүүрч тоглоно. Чи очоорой. Тэр майхан шүү гэж Дамдингийн хэлэхэд нь би түүнтэй барилдцаад л авмаар санагдаж байлаа.
-Би очиж чадахгүй гэж Солонго хэлэв.
-Тэгж танихгүй айлаар тэнэж явдаг эгч биш! гэж Сүрэнгийн хэлэхэд Дамдин янцаглан хөхөрч.
-Сүрэн чинь яасан том үгтэй болчихоов дээ. Нялх хүүхэд ингэж том улсын хэрэгт орж болдоггүй юм гэв.
-Чи том хүн юм уу? Тэгвэл том хүн чинь томоотой байдаг юм шүү гэж Сүрэнгийн хэлэхэд Солонго бид хоёр бахдан инээв.:
-Айхавтар хүүхэд вэ гээд Дамдин дуугүй болов.
Би Солонго Сүрэн хоёрт явж хоол идье гэснийг тэр хоёр зөвшөөрөв.Гэтэл нөгөө нойтон хамуу шиг Дамдин бас л салсангүй хамт явлаа. Замдаа Солонго, миний чихэнд Би хоёр төгрөгтэй бид гурав хоол идэж хүрэх үү? гэж шивнэн асуусанд
Зүгээр мөнгө хэрэггүй. Би захичихсан гэж хариу шивнэв. Бид зэл уяанаас морио уяад гуанзны хоол идэх газар нь болж байсан том эрээн майханд орж аятайхан газар эзлэн суув.
-Нөгөө хуушуураа өгөөрэй гэж би их мөнгөтэй хүн гуанзанд ороод хамгийн дээд зэргийн хоол захиалж байгаа юм шиг дуугаар хэлсэнд удсан ч үгүй тос нь дааварлан гялалзсан арван таван том хуушууртай таваг бидний өмнө бий болов.
-Аавын өгсөн нэг төгрөг чинь ийм олон хуушуур болдог юм уу? гэж Сүрэн асуухад нь би
-Миний дүү зүгээр л ид гэв.
Дамдин бидэнтэй зэрэгцэж суугаад хэдэн хуушуур авч мөн л нөгөө яриагаа үргэлжлүүлсээр идэж байв. Солонго Сүрэн хоёр, гурав гурвыг идээд цадав. Энэ том хуушуураас гурвыг иднэ гэдэг сайн идэж байгаа хэрэг билээ. Ингээд бүх юм сайхан дуусаж байтал балаг болж гуанзны ахлагч орж ирээд намайг харснаа
-Мань хүн хэдэн зуун хуушуур чимхэж, олсон олзоороо хүн дайлаад догь сууж байх шив дээ. Сайн байна. Эр хүн гэж хэлсэнд Дамдин чанга инээж
-Найз худалдаж авсан юм шиг л хашгираад байсан, хуруугаа элэгдтэл хуушуур хийж баймааж олсон хэрэг шив дээ гэв.
Нүүрнээс минь гал бутрах шиг болж бүх бие минь бадайраад би болдогсон бол газар руу цөмрөн ормоор санагдаж байв.
-Харин сайхан байхгүй юу. Ажил хийж олсон юм амттай гэж аав хэлдэг юм гэж дүү минь хэлсэнд
-Ёстой доо. Хөлөө явж, хөлсөө идэж байхгүй юу гээд Солонго бөхийж тавагтай хуушуураас аваад улам ч амтархан идлээ. Одоо Дамдин гонсойж, инээх цаг болсон авч би инээсэнгүй. Харин нэг сайн ширвэж орхив. Бид гурав хуушуураа барсангүй. Түүнийг Сүрэн эжийдээ өгнө гээд алчууртаа боож тэндээсээ мордож багийнхаа майханд очиж айраг ууж амарцгаав. Ингэж байхад Дамдин элдвийн юм чалчиж, заримдаа Солонгыг гижигдэх гэж оролдон, заримдаа бүдүүн хар гэзэгнээс нь татлан байхад миний уур цээжиндээ багтахгүй болж байв. Хэрэв Солонго байгаагүй бол би Дамдинтай аль хэдий нь барилцан авах байсан.
-За наадам руу явъя гээд Солонгын босоход бид цөм босов. Гэтэл Дамдин түүний гар дээрээс нь барьж авах гэж ухасхийхэд нь миний уур дэлбэрч, түүний мөрөн дээрээс шүүрэн авав.
Бид хоёрыг ингэж байхад Сүрэн Солонго хоёр майхнаас гараад далд оржээ.
-Яасан танхай амьтан бэ? гэж миний хэлэхэд Дамдин хүйтнээр инээмсэглэснээ
-Чи хардаж байна уу? гэв. Одоо бодоход надад Солонгыг харамлах сэтгэл байсан биз ээ. Гэвч тэр үед би түүнийгээ өөрөө мэдээгүй байсан. Бас тэгээд харамлах, хардах хоёр шал өөр шүү дээ. Харин танхай хүнд Солонгыг доромжлуулж яасан ч чадахгүй байсан нь үнэн юм. Энэ учраас Дамдингийн үг Солонгыг, Солонготой холбогдсон сэтгэлийн минь доромжилсон хамгийн муухай доромжлол мэт санагдав.
Ичихгүй юу чи гэж хэлээд Дамдингийн нүүр рүү бүх хүчээрээ хоёр дэлсээд гурав дахиад цохих гэтэл манай багийн өвгөн Чулуун орж ирсэнд түүнийг орхиж майхнаас гүйн гарлаа.
Бид гурав орой буцахдаа хоршоонд очиж наймаа хийлээ. Тэр хоёр дор нь хүнд тугалга цутгаснаас хааш нь харуулан тавивч заавал дээшээ харж зогсдог модон хүүхэд хоёрыг авлаа. Бусад үлдсэн мөнгөөрөө арван хоёр чихэр аваад гэрт үлдсэн хүмүүсдээ өгөхөөр зургаан чихэр үлдээгээд бусды нь өөрсдөө идэв.
Гурав.
Ниссэн шувуу ирдэг, ирсэн гийчин буцдаг гэж үг байдаг билээ. Удсан ч үгүй Солонгын аав рашаанаас буцаж ирээд, Дорж гуайнх нүүхээр бэлтгэж эхлэв. Солонго минь явна гэж бодоход хоолой дээр бөөн хар юм зангираад өнгөрүүлсэн нэг сарын сайхан явдал зүүд мэт бодогдож, заримдаа бачимдан уур хүрэх мэт боловч Солонгыг хараад бүх уур сарнидаг байв. Салахын ёс хийж сайхан эвтэй байснаа дурсан ярьж манай хоёр гэр бие биеэ урьж дайлав.
Ингээд Дорж гуайнх маргааш өглөө эрт ачаалах болж гэрээ буулган майхнаа барив. Тэр өдөр огт өвддөггүй аав минь гэнэт халуурч өглөөнөөс эхлэн хэвтэж байв. Аав минь түргэн амьсгаа авч байн байн цай нэхэж ууна. Нилээд хүнд бололтой байлаа.
Тэр орой адуу манах ээлж минийх байсан тул хэдий бухимдавч аргагүй болж, орой гүү тавьсны дараа цуваа аван гарах гэтэл аав минь өндийж
-Би өнөөдөр өөрөө адуу манана гэж хэлээд хүчлэн босоод тулганы хажууд байсан данхтай халуун цайнаас хийж уугаад хойноос нь хоёр аяга тараг идэв.
Аав нэг үг дуулавал түүнээсээ буцдаггүйг би сайн мэдэж байсан авч тэссэнгүй.
-Ааваа! Таны бие муу байна шүү дээ гэж хэлсэнд аав маань хариулалгүй босоод
-Аль тэр цув гэж миний барьж байсан цувыг аваад гарахад нь үнээгээ саагаад сүүгээ барин ирсэн эжий
-Үгүй чи чинь хэвтэхгүй хаачих нь вэ? гэхэд нь
-Хээр адуун дээр хоновол биед минь дээр байх гээд мориндоо уурга тулж мордох гэснээ ёо гэж дуу алдсан боловч биднийг дуулах вий гэсэн бололтой эргэж хараад, хүчлэн түргэн гэгч нь мордоод хатируулан алга болов. Бид гурав гэрийнхээ үүдэн дээр зэрэгцэн зогсоод аавынхаа хойноос далд ортол нь харлаа. Тэр орой манай гэрт Сүрэн, Солонго бид гурав орой болтол шагай тоглосон билээ. Гэтэл шөнө дундын өмнөхөн Сүрэн унтаж бид хоёр гарлаа. Хэвтсэн хонь, үхэр шүдээ хавиран хивж мөнгөн сар дээрээс гэрэлтүүлэн тэртээ саахалтын айлын нохойн дуу чихний үзүүрт ян ян гэж байв.
Бид хоёр хурганы хашаа түшиж нилээд дуугүй зогсох зуур би түүний гарыг чанга атгаж байв.
-Солонгоо! Чи намайг мартах уу? гэж би асуусанд Солонго
-Үгүй, хэзээ ч үгүй гэж шивнэн хэлэх зуур толгойгоо алгуур сэгсрэв.
-Бид хоёр бас л хэсэг зуур дуугүй байв. Энэ хооронд Солонго юу бодож байсныг мэдэхгүй. Харин би ямар арга хэрэглэж байгаад Солонгын нутагт очих вэ гэж түмэн юм сүвэгчлэн бодож байтал нэг сайн арга орж ирлээ.
-Солонгоо! Би отрын адуу аваад л танай нутагт очно. Яг Дорж гуайнх шиг л гэж хэлсэнд Солонго над руу харж инээмсэглэх мэт болоод
-Тэгвэл би байж л байна гэж хэлээд дээш харснаа алтан гадас гэв.
Би хариу дуугарсангүй. Солонго толгойгоо миний мөрөн дээр дэрлэн тавиад бид хоёр хөдлөлгүй удаан зогсов.
-Үүр цайж байна гэж Солонго шивнэн хэлээд миний гарт байсан гараа алгуурхан татаж аваад
-За орж унтъя. Баяртай гээд түргэн эргэж майхандаа орлоо.
Би гэртээ орж хэвтсэн боловч унтсангүй. Удалгүй эжий минь босож тогоо шанагаа хангинуулж эхлэв.
Бас Дорж гуайнх ч босоцгоож эхлэв бололтой.
Би босоод гэрийн хаяанд сууж нүүр гараа угааж байтал аав минь ирлээ. Түүний бие улам хүндэрсэн бололтой. Арай ядан явж гэрт ороод эжийгээр ороо засуулан хэвтээд
-Чи Доржийнхонд тусалж, малыг нь ялгаж өгөөд бас хамт явж гол гаргаж өг, буцахдаа сумын эмчийг уриад ирээрэй гэж надад хэлэхэд нь би намуухан боловч тод дуугаар
-Аав аа таны бие муу байгаа бол. . .гэтэл аав минь тасалж
-Зүгээр, зүгээр. Чи хэлснээр яваад л ир гэж хэлээд өөр яриа байхгүй гэсэн бололтой хана руу эргэв.
Хэдэн жилийн турш ижилдсэн малыг ялгах гэдэг хэцүү ажил билээ. Би салахын гашуудлыг өөрөө биеэрээ үзэж байгаа болохоор мал салгахад их хүчтэй орж чадсангүй. Гэвч Дорж гуай хадам аавтайгаа урт шилбүүрээр зад ороолгож байгаад салгаж орхив. Ингээд ачаа хөдлөхөд би Солонготой адуу туув. Яах яахын завдалгүй Харганатын голын эрэг дээр очоод мал шахаж гаргах гэж их ажил болов. Сум нэлээд өнгөрөөд би аргагүй хоцрох болж, бид мориноос буун өмнө өмнөөсөө харалцан зогсов.
-За та нар сайн сууж байгаарай гээд Солонго түргэн эргэж мориндоо мордох гэснээ өврөөсөө нөгөө наадам дээрээс худалдаж авсан модон хүүхдээ гаргаж над өгөөд урт гэгчийн санаа алдан баярлах, уйлах хоёр холилдсон нүдээр харж за баяртай гээд мордон давхин явахад нь би
-Сайн яваарай гэж зангирсан дуугаар хэлэв. Солонго явдал дундаа нэг эргэж харан инээмсэглэх мэт болсноо мориндоо ташуур өгч улам хурдлав. Өмнө зүг яаран нүүж байгаа хэсэг үүлний сүүдэр Солонгыг надаас нуух гэсэн юм шиг бид хоёрын дундуур орлоо.
-Явчихлаа гэж би шивнэн хэлээд морь руугаа харахад, Тийм явчихлаа гэсэн шиг толгойгоо хаялж байв.
www.URLAG.mn