УИХ-ын 2012 оны сонгуулиар Ардчилсан намынхан “Таван А” нэртэй товч, тодорхой мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн сонгуульд ялсан. Үүний нэг “А” нь “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөр юм. Хэдийгээр Шинэчлэлийн Засгийн газар иргэдэд таалагдсан, тулгамдаад байсан олон асуудлыг шийдсэн ч аль ч Засгийн газар иргэн бүртээ ажил олж өгөх боломжгүй билээ. Тиймдээ ч аль болох олныг хамарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Түүнийг нь хэр зөв, далайцтай зохион байгуулснаас шалтгаалан ажилтай иргэний тоо өсдөг учиртай. Харин энэ удаад Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж гэдэг байгууллага энэ ажлыг тусад нь бие даан авч чиглэсэн зорилго, тусгай хөтөлбөр бүхий үе шаттайгаар зохион байгуулж байна.
Залуучуудын хөдөлмөрийн төв бирж энэ зуны тухайд л гэхэд Монгол орны 21 аймаг, 331 сумын нийт 1324 залуучуудыг ажлын байраар хангасан байх юм. Үүнд сонирхолтой олон арга хэлбэрийг ашиглажээ. Эдгээрээс зөвхөн “Сумын залуус” төслийн “Дөрвөн бэрх” багийн үйл ажиллагааг сонирхож үзлээ. Нийслэлийн их, дээд сургууль, коллежд суралцдаг оюутнууд зуны амралтаараа төрөлх сумандаа очиж нутгийн залуусаа сэргээж хамтдаа ажиллаж боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Энэхүү төсөл нь долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилж англи хэл, математик, мэдээлэл зүйн сургалт, бизнесийн удирдлага, үйлдвэрлэлийн менежмент, эрүүл мэндийн сургалт зэргийг явуулжээ. Энэ хугацаандаа “Залуучуудын зөвлөл” байгуулаад нутгийн залуустайгаа хамтран дээхнэ үед илгээлтийн эзэд яаж бужигнадаг, бас ажлыг гялалзуулдаг байсан, түүнд багтаагүй залуус нэр хүнд, сэтгэл санааны хувьд хэрхэн сэргэдэг байсан тэр уур амьсгалыг сэргээн сэдрээсэн аж.
Шинэ цагийн илгээлтийн эзэд энэ хугацаанд “Хариу нэхээгүй тус” аяныг зохион байгуулж нутгийн зон олондоо туслах, нийгэмд идэвхтэй амьдрах, хөдөлмөр эрхлэх онолын чиг баримжаа олж авсан талаар уг төсөлд хамрагдсан залуус ярьж байна. Үнэн хэрэгтээ ахмадуудын ярьдагчлан эцэг эхийн буянт мал хөрөнгийг зарж үрж их, дээд сургууль төгсөж гоё мэргэжлийн үнэмлэх, диплом өвөртөлж, ромбоо “авдрандаа” хадгалж байгаа олон залуус орон нутагт аж төрж байгаа нь нууц биш. Энэ нь тэр залуусын ч буруу биш. Төрөөс, залуучуудын төв байгууллагаас энэ талаар тэдэнд хүрэх, сэтгэлийг нь хөдөлгөх, өөрийгөө үл чамлан мөр зэрэгцэн алхах товчхондоо зоригжуулах дорвитой зүйл хийж чадаагүйтэй холбоотой. Иймд албан газрын хаалга тогшсоор залхсан залуус нутаг усаа бараадаж, хамгийн сайн мэдэх, өсөх бага наснаас мэдрэмжээрээ сурсан малаа өсгөж ижий аавдаа туслая гэсэн нь тухайн үедээ тэдний хувьд хамгийн зөв алхам байсан биз ээ.
Тэгвэл одоо нөхцөл байдал өөр болж Залуучуудын хөдөлмөрийн төв бирж гэдэг байгууллага эгээ л социализмын үеийнх шиг “Хаана ажилгүй залуу иргэн байна вэ” гэдгийг эрэн сурвалжилж зорин очиж “Та Монгол Улсад хэрэгтэй хүн шүү. Эх орон чинь таныг дуудаж эрж хайж байна” гэдгийг ойлгуулж эхэллээ. Хэдийгээр шинэ ажил бүхэн анхаарал татахын сацуу хардлага төрүүлж хэл ам дагуулдаг ч нэгэн үеэ бодвол Залуучуудын хөдөлмөрийн төв биржийнхэн яагаад өөрсдийг нь “тайван суулгахгүй” байгааг залуус ойлгож хамтран ажиллаж эхэлсэн байна.
Дээр дурьдсан “Сумын залуус” төслийн “Дөрвөн бэрх” багийн тухайд баг тус бүр дөрвөн гишүүнтэй. Өнөөх дөрвөн гишүүн буюу “дөрвөн бэрх” нь тойргийн журмаар 14 хоногоор ээлжилж багаа ахалдаг. Багийн ахлагч ээлжит хугацаандаа хамт олноо удирдана. Шинэ санаачилга гарган багаа зохион байгуулна. Гишүүдийнхээ эрүүл мэнд, аюулгүй ажиллагаага хангана. Тэр ч байтугай ажилд нь саад гарвал Сумын Засаг даргад мэдээлж туслалцаа хүсэж шийдвэрлүүлдэг аж. Ингээд 14 хоноод “багийн ахлагчийн албаа” дараагийн гишүүнд шилжүүлэхийн өмнө юу хийж амжуулсан талаарх тайлангаа Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-д хүргүүлдэг байна.
“Дөрвөн бэрх”-ийн багт хэн дуртай нь багтаад байхгүй. Багийн ахлагчийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг байх, ажлаа долоо хоногоор төлөвлөж хуваарийн дагуу чанартай гүйцэтгэх байх гэх зэрэг ажил хэрэгч шалгууруудыг хангасан байх ёстой. Цаашилбал согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, багийн бусад гишүүд болон нийт төсөлд хамрагсдадаа тулгарсан бэрхшээлийг хамтдаа даван туулах, орчин цагийнхаар бол “багаар ажиллах чадвар”-тай байх, энгийнээр бол хүнлэг байх учиртай. Энэ нь ч “Дөрвөн бэрх”-ийнхэн бол архи дарснаас ангид, хүнлэг, боловсон харилцаатай тухайн нутаг усандаа ёс зүйтэй залуусын “бөөгнөрөл” гэж харагдуулдаг талаар нутгийн ахмадууд ярьж байна.
Ирэх есдүгээр сарын эхээр тэд өнгөрсөн хоёр сарын хугацаанд хийсэн ажлаа дүгнэнэ. Хэдэн хүнд англи хэл зааж, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэв, жижиг ч болов бизнес хийж амьдралд хөлөө олох гэж яваа нэгэндээ сонсож дуулсан “номын дуу”, онолын мэдлэгээрээ бага ч болов хандив өгч чадсан эсэхээ ярилцаж дүгнэлт хийх юм. Энэ бүх үйл ажиллагаа нь улс төрийн нам болон шашны ямар нэг байгууллагын явуулдаг үйл ажиллагаанаас ангид байх бөгөөд харин Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж нягт холбоотой хамтран ажиллах юм.
Та бүхэн санаж байгаа бол, тэр тусмаа хааяа эргэн дурсах дуртай бол “Моторын дуу”, “Загийн алим” гээд залуусын хүчээр хийж бүтээдэг олон ажлыг түүхэнд мөнхөлсөн байдаг. Түүний нэгэн адил шинэ цагийн “илгээлт”-ийнхэн буюу Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн залуу хүн бүрт хүрч ажиллах гэсэн энэ ажил хэрхэн давалгаалж, нийгэмд өөрчлөлт авчирч, “том ах” нарын яриад байгаа “Ажилтай, орлоготой монгол хүн”- ий тоог ажилтай, идэвхтэй залуу хүмүүсээр дүүргэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Гэхдээ менежментийн хувьд шинэлэг, орчин цагийн болон дэлхий нийтийн залуусаа сэргээдэг, нийгмийн сайн сайханд уриалдаг, ажлын байраар хангадаг тэрхүү “сонгодог” чиг хандлагыг үндэснийхээ уламжлалт онцлогтой холбох гэсэн оролдлого нь эхнээсээ тун гэгээлэг төдийгүй ирээдүйтэй харагдсаныг нуух юун.