Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Их зохиолч Горькийн намтар уран бүтээл
Утга зохиол

Их зохиолч Горькийн намтар уран бүтээл

Урлаг Урлаг26/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Maxim_Gorky8213672862012-05-04-13-03[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Горький М. А. /1868-1936/

Социалист реализмын утга зохиолыг үндэслэгч, орос зөвлөлтийн их зохиолч, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Максим Горький / жинхэнэ нэр нь Алексей Максимович Пешков / Оросын Доод Новгород хотод ажилчны гэр бүлд төржээ.

Гурван настайдаа эцэггүй, 11 настайдаа эхгүй болж өнчирсөн Алексей Пешков орох оронгүй тэнэмэл ядуугаар амь зуух болжээ. Энэ амьдралынхаа тухай хожим “Бага нас”, “Хүмүүсийн дунд”, “Миний их сургууль” гэдэг гурамсан тууждаа өгүүлсэн байдаг. Мөн “Миний замын хань”, “Коновалов”, “Хүн төрлөө”, “Анхны дурлалын тухай” зэрэг олон зохиолоо М.Горький үзсэн харсан дээрээ сэдэвлэн бичжээ.

“Ямар хүмүүс намайг хүрээлж байна” гэдгийг мэдэхийн тулд Орос орноор хөндлөн гулд, явган нүцгэн аялан хэсүүчлэв. Тохиолдлын хүнд хүчир ажил хийж мөнгө олж амиа тэжээхийн хамт, хувьсгальчидтай танилцан хаант засагт хардагдаж шорон гянданд орж явав. Ингэснээр амьдралын “их сургууль” төгсчээ.

М.Горький 1893 оноос эхлэн утга зохиолыг дагнан оролдох болж шинэ зуун гарахад Орос орон төдийгүй гадаадад ихэд алдаршсан зохиолч болжээ. “Бид бүх зохиолчдыг жигнүүрийн нэг таваг дээр зогсооход ганц Горький нөгөө таваг дээр зогсоод жин дарж байна” гэж яруу найрагч А.А.Блок тэр үед бичиж байв.

Дэвшилт зохиолч бичиж, хувьсгалт ажилд оролцсоны учир хаант засгийн шорон гянданд олон удаа орж явсан М.Горький 1905 онд дөрөв дахь удаагаа баривчлагдаж Петропавловскийн гянданд хоригдов. Үзэл санааны гал дөлийг шоронгийн ханаар халхлан унтрааж үл чадна. Энэ үед их зохиолч “Нарны хүүхдүүд” гэдэг зохиолоо бичжээ. М.Горькийг суллахыг шаардсан хөдөлгөөн Орос болон олон оронд өрнөсөн учир түүний бие түмэн рублийн барьцаатай суллагджээ.

“Шонхорын дуун”, “Салхич шувууны дуун” зохиолдоо тэмцлийн жаргал, тэмцлийн бахархалыг магтан дуулсан юм. В.И.Ленин “Их шуурганы өмнөхөн” гэдэг өгүүллээ хувьсгалт зөгнөлч “Салхич шувууны”, “Их шуурга хөдөлбөл нижигнэн хөдөлтүгэй” гэдэг үгээр төгсгөж байв.

“Шаарлагдсан хүмүүс” жүжигт хүн зөвхөн санаачлагч биш тэмцэгч болсон цагт “Хүн гэдэг нэр үлэмж бахтай сонсогдоно” гэсэн санааг гаргаж тавьжээ. Мөн эрх чөлөө, гэрэл гэгээний төлөө идэвхитэй тэмцэгч “Данко” зэрэг баатруудын дүрийг М.Горький романтик аргыг реализмтай хослуулан бүтээсэн билээ. Тэрээр бараг бүх уран бүтээлдээ “Өөдрөг амьдралын амилал”, “ Бэртэгчин амьдралын мөхөл” гэсэн үндсэн гол хоёр сэдвийг боловсруулах гэж ажиллаж байлаа.

Хэрэв хүн өөрийн хувь заяаг ард олныхоо хувь заяа, эрх чөлөөний тэмцэл, зол жаргалтай холбовол “Хүн” гэдэг их нэрээр нэрлэгдэн дахин төрж амьдарсан хэрэг гэж тэр номлож байлаа. М.Горькийн ийм сэдэвт зохиолын нэг нь ажилчин түмний амьдралын сурах бичиг болсон “Эх” роман юм. Уг зохиолд жирийн эх хүн нийгмийн болон гэр орны уйтан явцуу амьдралыг ойлгож, төрүүлсэн үрээ хайрлах жирийн энэрэлээс хальж, хүүгийнхээ хувьсгалт үйл хэргийг талархан, улмаар өөрөө энэ хэрэгт амь насаа төрүүлэхээр итгэл төгс орж байгаа үйл явдал гардгийг бид мэднэ. Хэрэв хүн өөрийнхөө хувь заяаг түмэн олныхоо хувь заяа , түүхийн хүчит урсгалаас салангид үзвэл тэр хүн бэртэгчин болж, амьдралаа мөхөөж байгаа хэрэг юм. Ийм сэдвээр “Дэмий хүний намтар”, “Матвей Кожемякиний амьдрал”, “Окуров хот” болон хожим “Клим Самгины амьдрал” романаа бичжээ.

Бодит үнэн урлагийг юуны өмнө реалист аргаар бүтээж болно гэж тэр үзэж байв. Гэхдээ тэр ихэвчлэн романтик хандлагатай урлагийг үнэлдэг байв. Реалист Романтик урлагт социалист реализм гэж түүнийг нэрлэсэн шинэ урлагийн эх булаг байгааг гярхай олж үзжээ. Тэгээд ч түүний уран бүтээл социалист ертөнцийг үзэх үзэл, хувьсгалт энэрэнгүй үзэл, намч ардач шинжийг реалист дүрслэлтэй холбож чадсан юм.

Зөвлөлтийн зохиолчдыг өсөж хөгжихөд туслах талаар их хүч гаргаж ажиллаж байлаа. К.А.Федин, Л.М.Леонов, В.В.Иванов, А.С.Макаренко, М.М.Зошенко, М.В.Исаковский ….. бусад олон зохиолчид М.Горькийн тусламж зөвлөгөөнөөр уран бүтээлийнхээ замыг эхэлжээ.

….Москва хотын Качаловын гудамжинд эргэн тойронд нь агч мод, туулайн бөөр, улиангар, алимны мод битүү ургасан хоёр давхар байшин бий. Тэр байшинд зөвлөлтийн зохиолчдын хорооны анхны дарга М.Горький 1931-1936 онд амьдарч байжээ. Их зохиолч энд “Достигаев гэх мэтийн хүмүүс”, “Сомов гэх мэтийн хүмүүс” жүжгүүдээ бичиж, “Клим Самгины амьдрал” романаа дуусгахаар чармайж байв. Эндээс тэр даян дэлхийн сэхээтнүүдийг фашизм, дайны аюулын эсрэг дайчин холбоонд нэгдэхийг уриалан “Соёлын мастер та нар чухам хэний талд байна вэ” гэж хилэгнэн асууж байлаа. Тэр байшинд их зохиолч таалал төгсчээ.

Гэвч түүний үйл амьдрал 1936 онд тасалдан зогсоогүй бөгөөд соёлт хүн төрөлхтний зүрх сэтгэлд уран бүтээлээрээ мөнх оршиж байна.

М.Горький монголчуудын хайртай зохиолчдын нэг байв. Түүний уран бүтээлээс манай зохиолчид суралцаж, их зохиолчидтой бичиг захиагаар харилцан сургамж зөвлөгөө авч байлаа.

1925 онд манай уран бүтээлийн сэхээтнүүд түүний зөвлөсөн “идэвхитэй зарчмын номлол” монголын утаг зохиолын хөгжилд үнэлж баршгүй нөлөө үзүүлсэн байна.

Түүний зохиолын гурван боть “Эх” роман, бусад олон бүтээл нь манай уншигчдын ширээний ном болж, жүжгүүдийг нь монголын театрын тайзан дээр тоглосоор байна.

“….Номд дурлавал амьдралыг тань хөнгөвчилж, үйл явдлын учрыг олоход тань нөхөрсөгөөр туслана. Ном таныг өөрийгөө болон өрөөл бусдыг хүндэтгэхэд сургаж, энх тунх байдал, хүнийг хайрлан үзэх сэтгэл, оюун ухааныг чинь жигүүрлэж өгнө” гэж М.Горький залууст гэрээсэлжээ.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Туурайн төвөргөөн” ном уншигчдад хүрлээ

23/02/2026
Утга зохиол Урлаг

Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар М.Батбаярыг сонгожээ

16/02/2026
Утга зохиол Урлаг

Тугалхүүгийн Баасансүрэн Монгол Улсын Ардын багш цол хүртлээ

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесийг “халтар” нөхрөөсөө салахыг уриалж эхэлжээ

25/02/2026

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026

Монголын сийлбэрчид мөнгөн медаль гардлаа

25/02/2026

“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

25/02/2026

Луврын музейн захирал огцорчээ

25/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.