Үрчийсэн жижигхэн улаан нүүртэй, нүд ам нь хаана байгаа нь үл анзаарагдам нярай охиныг тэр удаан харав. Яагаад ч юм нүдээ нээж хараасай гэж өөрийн эрхгүй хүсэж байлаа. Өлгийг нь задлаж, өөрийнх нь эрхий хуруутай чацуу гарыг нь атгаж үзэв. Дөнгөж төрсөн нялх охин амаа ангалзуулан, толгойгоо хоёр тийшээ савчиж, хэл нь булталзан, төрөлхийн рефлексээрээ хөхөө хайн, толгойгоо савчина. “Сайн явж ирэв үү? Та” хэмээн зөөлөн дуугарах бүсгүй түүнийг шуналтайгаар харж нүдэнд нь үл итгэл тодорсон ч, сэтгэлд нь горьдлого найдвар төрсөөр байгааг нууж чадахгүй байлаа. Арчаагүй жижигхэн, амь нь хаана байна гэмээр дорой тэр амьтан өөрийнх нь ээж гэж гэдэгт тэр итгэж чадахгүй, тэгсэн хэрнээ далдын нэг аргамжаагаар холбогдсон юм шиг холдож чадахгүй байгаагаа бүсгүй анзаарав. Гурван жилийн өмнө тэр ээжээсээ хагацсан. Хамгийн хайртай хүнээ алдахад л хамгийн гашуун нулимасны амтыг хүн мэдэрдэг юм байна гэдгийг тэр үед л зүрх сэтгэлээрээ мэдэрсэн. Ээждээ тунирхаж, эрхлэж ядаж, зөндөө их уйлж байсан ч хагацлын нулимс, уй гуниг гэдэг хэтэрхий гашуун, бас хэтэрхий хатууг тэр өөрийн биеэр туулж гарсан. Бас гурван жилийн өмнө тэр санахын зовлонг өөрийн биеэр амссан. Хэзээ ч эргэж үл ирэх хүнийг үгүйлэн санаж, үнсүүлж зүүдлэн, бэтгэртлээ хүлээж, бодолдоо амьд байгаа гэж төсөөлөхийг хүссэн.
Харин өнөөдөр түүний амьдралыг гараараа босгосон ачтан, түүний биеийг цусаараа, ясаараа бүрдүүлсэн тэр хүн, хамгийн гол нь хэзээ ч зовлонгийн өмнө бууж өгч байгаагүй шаргуу, дайчин, зоргоороо омголон, эрх дураараа бардам, дайчин хэрнээ эмзэг зөөлхөн сэтгэлтэй тэр хүн жижигхэн өлгийд мээм хайн ангалзаж байна гэдэгт бүсгүй итгэх гэсэн боловч нэг л болсонгүй.
Гэвч “Ээж чинь эргэж төрнө. Хамгийн бага охин дүүд чинь эргэж ирнэ” гэсэн үг бүсгүйн сэтгэлийг чангааж, улаан нялзрай охиныг тэр удаан харав. Жижигхэн шантгар хамар, шөмбөгөр эрүүг нь харах тусам ээжтэй нь улам адилхан харагдахад тэр нүдээ анилаа. Хөхөө хайн сарвалзах бяцхан охины гар бүсгүйн хурууг барьж, өөр рүүгээ татах шиг болоход түүний сэтгэлд хурж байсан эргэлзээ ор мөргүй хийсэн арилж, бүсгүй нярай охиныг гар дээрээ өргөн хацар дээр нь зөөлхөн үнслээ.
“Тиймээ. Тэр эргээд ирж, намайг таньж байна. Эргэлзэж, тээнэгэлзэж байгааг минь мэдээд миний гараас барин өөр рүүгээ татаж байна” гэсэн бодол бүсгүйн тархинд харваж, тэр нярай охиныг хайрлаж, өрөвдсөндөө, бас түүнийг хүлээж байснаа мэдрэхэд нулимс нүдийг нь бүрхээд ирэв. Эрхийн чинээхэн нялх жаахан охиныг ээж минь эргэж төрсөн юм шүү хэмээн хайрлах тусам сэтгэлд нь шивэрч байсан гунигийн манан сарниж байгааг тэр мэдэрч байлаа.
Хөөрхий хүмүүний амьдрал цааш үргэлжилнэ. Үл тасрах гурван цагийн хэлхээнд хүмүүний горьдлого найдвар хэзээ ч үл тасарна. Намайг нулимстай үдэх охидууд минь, хэн нэгнийг баяр хөөр болон угтаж авна.
Хайр хэзээ ч үл тасарна.
“Хөх эгшиг” өгүүллэгийн номоос…