Урлагт хайртай дөрвөн залуу нэгдэн дэлхийн соёл иргэншлийн нэгэн том төлөөлөл болох Индианы урлагийн нэрт “Имайра” хамтлагийг эх орондоо урьжээ. Ингэснээр тус хамтлаг Монголд төдийгүй Ази тивд анх удаагаа тоглолтоо хийхээр болж байна. Уг тоглолтыг санаачлагч, зохион байгуулагч бизнесмен Б.Бадрахтай ярилцлаа.
-Яагаад заавал энэ хамтлагийг онцлон Монголчууддаа хүргэхийг зорьсон юм бэ?
-Бид ажлаар гадаадад явж байхдаа боломж таарвал тэнд болж буй шоу, тоглолтуудыг үзэж явдаг байсан. Тэгж яваад “Имайра” хамтлагийн тоглолтыг үзээд энэ сайхан хөгжмийг өөрсдөөрөө зогсохгүй Монголынхоо залуус, ард түмэндээ харуулчих юм сан гэж бодсон. Монголчууд амьд хөгжмийн тоглолт гэдгийг хязгаарлагдмал хүрээнд ойлгож явдагт харамсаж явдаг л даа. Тэгээд бид ярилцаж байгаад монголчууддаа үзүүлэхээр зориг шулуудан өөрсдөө сонирхлоороо авчирч байгаа учраас зардлыг нь төлөхөөр тохиролцон тодорхой хэмжээний тасалбар борлуулан тэр мөнгийг хамтлагийнханд гэрээ хийн өгье хэмээн зорьсон. Ингээд л ийм сайхан тоглолтыг хийхээр ярилцаж тохиролцож чадсан.
-“Имайра” хамтлагийнхантай анх яаж холбогдсон бэ?
-Бид тэдэнтэй Европын холбооны улсуудад тоглолт хийж явахад нь уулзаад санал тавьсан. Эхлээд тэднээс өндөр үнэтэй санал ирсэн. Монгол хүний юмыг тууштай хийх гэсэн зан байна. Тэдэнтэй эргэж холбогдон үнийг нь буулгах тал дээр харилцан ярилцаж, өөрсдийнхөө зорьж байсан үнээр тохиролцож чадсан. Үүндээ их урамшин тоглолтын бүх ажлыг өөрсдөө зохион байгуулан тун удахгүй үзэгчдэд хүргэх гэж байна.
-Хамтлагийнхан Монголд урих саналыг хэрхэн хүлээж авав?
-Тэд монголчуудтай угсаа гарал нэгтэй, далайгаар хуваагдахаас өмнө цуг байсан гэдгээрээ их сайхан хүлээж авсан. Өөрсдөө бол нүүдэлчин хүмүүс учраас нүүдэлчдийнхээ сайхан сэтгэлийг алдаагүй байна билээ. Жинхэнэ гайхамшиг гэдгийг Монголд үзүүлэхийн тулд л үүнийг хийхийг зорьсон. Өнөөдөр бидний хэл соёл дээрээ хүртэл алдаа гарч байгаад харамсах болсон. Хошин урлагийн тоглолт болсон ч үзэгчдийг байлдан дагуулж байна гээд л ярих юм. Энэ хамтлагийг бид үзэгчдийг байлдан дагуулах гэж биш гайхамшигтай тоглолтыг монголдоо анх удаа танилцуулах гэж урьсан. Үүгээрээ бахархаж байгаа. Бидний зүгээс монголчуудынхаа соёл урлаг, танин мэдэхүйн хөгжилд өчүүхэн ч болов хувь нэмэр оруулахыг хүссэн. Бид алийн болгон хүний гар харж, Соёлын яам мэднэ, энэ дарга, тэд л оруулж ирэх ёстой гэсэн гуйлгачин сэтгэлгээгээ таягдан хаях ёстой л доо.
-Тоглолтыг ард ажиллаж байгаа багаа танилцуулаач. Хэн хэн гэж хүмүүс байна аа?
-Манай баг их сонирхолтой бүтэцтэй баг байгаа шүү. Бид санаа сэтгэл нийлж, эх орноороо бахархсан залуус байдаг. Хуульч, өмгөөлөгч Т.Хонгор, инженер Т.Бямбатөгс, сэтгүүлч В.Есөнтөмөр тэгээд миний бие Б.Бадрах гэж хүн байна. Бидний дунд урлагийн мэргэжилтэй хүн нэг ч байхгүй. Зөвхөн агуу түүхтэй Монгол Улсын ард түмнийхээ танин мэдэхүй оюунд нь хөрөнгө оруулалт хийхээр бас нэгэн агуу түүхтэй улсыг авчирч танилцуулъя хэмээн сэтгэл нийлсэн юм.
-Энэ тоглолт зөвхөн шоу тоглолт бус танин мэдэхүй гээд олон талын ач холбогдолтой гэсэн шүү дээ?
-Индианчуудын бидэнд дэлгэх энэ тоглолт асар их ач холбогдолтой. Тэдний өмсөж байгаа хувцас, нүүрэндээ түрхэж буй будаг, түүний өгүүлэмжүүд гээд. Жишээ нь тэд нүүрний будгаа хүнтэй уулзахдаа, уурлахдаа, тайзнаа гарахдаа гээд олон утга санааг агуулсан дүрсүүдийг илэрхийлэн янз бүрээр сонгон хийдэг. Хувцас, хөгжмийн зэмсэгүүд нь бүгд л байгалиас гаралтай бүтээгдэхүүнүүдээр хийгддэгээрээ онцлог. Хэчнээн Европод хөгжмийн олон шинэ урсгал, жанрууд гарч ирж байгаа ч гэсэн тэд тэдгээр хөгжмөөс авахыг нь авч, өөрсдийнхөө уугуул хөгжмийн соёлтой хослуулан улам гайхамшигтай болгож чадсан нь тэдний бахархал юм даа. Хэдийгээр эх орон газар нутгаа харийн улсуудад колоничлогдон олон зуун жил болсон ч түүх, үндэсний урлагаа өдийг хүртэл авч үлдсэн нь тэдний бахархал. Тэднээс суралцах зүйл их бий.
-Энэ удаагийн тоглолтыг тэд ямар хөгжмийн зэмсгүүдээр хүргэх бол?
-Тэдний уран бүтээлдээ ашигладаг цуур л гэхэд бүдүүн нарийн нийлсэн 30 гаруй төрлийнх юм билээ. Түүнээс арав орчим гээд нийт бөмбөр бишгүүр нийлсэн 30 гаруй хөгжмийн зэмсгээр тэрхүү гайхамшигтай тоглолтыг эгшиглүүлнэ. Мөн гурван янзын ёслолын хувцастайгаа ирнэ. Энэ бол манайхны ойлгодогоор тоглолтын тайзны хувцас биш шүү. Тэр үндэсний хувцастайгаа эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. “Имайра” хамтлагийнхан тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүстэй өөрсдийн түүхээсээ хуваалцан хөгжим, бүжгийг гайхамшгийг дэлгэн мөн бүжгийн хөдөлгөөнүүдээсээ заан амьд харилцаа үүсгэх халуун дулаан уур амьсгалтай тоглолт болно гэдгийг онцлон хэлмээр байна.
-Үзэгчдэд энэ тоглолтоос үзэх, авах зүйл их бий гэсэн байх аа?
-Энэ тоглолтыг үзсэн хөгжим судлаачид хөгжмийнх нь уг гарлыг судлахад их зүйл гарч ирэх бол түүхийн хүмүүс хүрч ирэн энэ хүмүүс яаж ёс заншлаа авч үлдсэн, ямар гаралтай хүмүүс билээ гэдэг нь түүхийн ач холбогдолтой болоод явчихна. Тэр сайхан хувцас хэрэгслийг нь харахаар дизайнерууд маань ирээд үзчих хэрэгтэй. Энэ тоглолтыг үзэхийн зэрэгцээ судлах зүйлс их. Хүнд нэг юм үзүүлэхэд эндээс их юм аваад үлдлээ, ингэж ойлголоо шүү гэсэн тоглолт ойрын 20 жил бараг мартагдсан шахуу шүү. Сайхан гадаадын орчин үеийн тоглолт болж байгаа ч энэ тоглолтоос авах зүйл, ухаарах зүйл их бий.
-Ийм уугуул Индианчуудаас бүрдсэн хамтлаг одоо хэр олон байдаг бол?
-Европын холбооны улсад өмнө нь гудамж талбайд амьдрах гэсэн Индианчууд тоглолтоо хийдэг байсан. Тэр дундаас нэлээд хөрөнгө мөнгөтөй продюсерууд сайныг нь шилэн авч ивээн тэгтгэн тоглолтуудыг нь хийх болсноос хойш одоо бол ийм хамтлагууд ховордсон. Ардчилал гарснаар бидэнд олон сайхан боломжууд нээгдсэн шүү дээ. Зөвхөн яаманд бүгдийг даатгах бус бид өөрсдөө хил хязгааргүй зорчин гадны соёл урлагийн дээжээс эх орондоо авчран үзүүлэх боломж нээлттэй байна.
Г.Даша
Эх сурвалж: Eagle,mn