Монголын сонгодог урлагийг дэлхийд таниулж яваа залуусын нэг бол яах аргагүй балетчин Д.Одсүрэн. Германы “Theater and Philarmonie Thuringen” компанид бүжиглэдэг тэрбээр саяхан нэр хүндтэй Германы “Theater Oskar”-ын эзэн болсон. Эх орондоо ирээд байгаа Д.Одсүрэн тун удахгүй шинэхэн бүтээлээ багачуудад зориулан толилуулах гэж байна. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Таныг Германы “Theater Oskar”-ын эзэн болсон гэж хэвлэлээр бичиж байна. Танд баяр хүргэе!
-Баярлалаа. Өнгөрсөн 2012 онд театрын Оскар гэдэг ёслол болсон. Тус ёслолд зургаан орны бүжигчдээс миний нэр орчихсон байсан. Би шагнал авна гэж бодоогүй гэтэл “2012 оны шилдэг уран бүтээлч” гэсэн номинацийн эзнээр тодорч Оскарын эзэн болсон. Жижигхэн оскар өгдөг юм билээ.
-Мэдээж гадаад улсад Монголынхоо нэрийг гаргана гэдэг асар өндөр хариуцлага, харин та чадлаа.
-Хаана ч явсан Монгол Улсын, Монгол бүжигчин гэж ярьдаг болохоос биш өнөөдөр зүгээр Д.Одсүрэн бүжиглэлээ гэж хэлдэггүй. Гадаадад бүжиглэхэд бас нилээн өрсөлдөөнтэй. Цэвэр урлаг гэдгийг хөгжүүлж ирсэн түүхтэй улс гүрэн учир Монголыг төлөөлөөд явах бас хүнд шүү. Эх орондоо байгаа юм шиг эрх чөлөөтэй байж болохгүй. Миний нэг үйл хөдлөл Монголын нэр болж гарна гэдэг утгаараа, Монголынхоо нэрийг муугаар гаргахгүйн тулд хичээдэг. Эх орныхоо тухай сайнаар гаргахыг хүсч, сэтгэл зүрхээ зориулж явдаг.
-Таныг бас саяхан дэлхийн хэмжээний томоохон тоглолтод оролцож, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан гэж сонссон?
-Тийм ээ, 2013 оны зургадугаар сард “Poeten Virtuosen charaktere” гала тоглолтыг болсон. Энэ гала тоглолтод Германд үйл ажиллагаа явуулж байгаа бүх балетын компаниудын шилдэг, залуу, онцгой, сонин содон бүжигчдийг урьсан байсан. Би өөрийгөө энэ тоглолтод орно гэж ерөөсөө бодоогүй. Энэ гала тоглолтын талаарх сурталчилгаа Германы бүх хотуудаар цацагдаж байсан. Би сурталчилгааг нь үзээд “wow ямар гоё тоглолт вэ” гэж бодож байсан. Гэтэл миний нэр ороод дөрөв, таван сарын өмнө гэрээг нь хийсэн байсан.
-Шилдгүүд цугласан гала тоглолтод үзэгчдэд таны барих бэлэг юу байсан бол?
-Энэ тоглолтод маш том одод ирсэн байсан. Би энэ гала тоглолтод өөрийн балетын компанийн даргийн тавьсан “Энэ би” гэсэн 7 минутын бүжгийг бүжиглэсэн. Бүжиглэж дуусаад тоглолтын дараах үдэшлэгт оролцоход маш олон компани санал тавьдаг юм билээ. Ази хүнийг ингэж хүний сэтгэлийг унатал, өгстөл хөдөлгөж, сэтгэлээрээ амьдралыг тайзан дээр харуулж байна гэхэд гайхаж байна гэж байсан. Тэр тусмаа намайг Монгол хүн гэдгийг мэдээд маш их гайхсан шүү. Би жирийн амьдралаас уналт, өсөлтийг авч, тайзны амьдрал руу оруулж амьдруулдаг. Түүнээс би урлагийн амьдралаар амьдардаг хүн биш гэж боддог юм. Тиймээс ч үзэгдэд их хүрсэн байх.
-Тэр тайзан дээр гарч байна гэж бодохоор таны өмнөөс сэтгэл догдлоод байх юм?
-Би айсан. Маш их айсан. Яагаад гэхээр миний өмнө Парисын од дэлхийн шилдэг бүжигчдийн нэг бүжиглэсэн. Үнэхээр их айсан шүү. Намайг яаж хүлээж авах бол. Би чинь бүх хүмүүсийн мэддэг хүн биш шүү дээ. Тэр тусмаа Ази, Монгол хүн. Европт урлаг гэдэг зүйл айхтар хөгжсөн. Солонгос, Япон, Америк шиг бизнесээр урлагийг ярьдаггүй. Улсаас тэтгэлэг авч байж урлаг нь хөгждөг. Америк Япон шиг тоглолтоороо мөнгө олдог, бизнесийг чиг хандлагатай биш цэвэр урлаг, чансааг харуулсан тоглолт. Миний олон жил энэ урлагийг сурсан цаг хугацаа, мэргэжлийн хэмжээнд эзэмшсэн гэх тэр нэр хүнд, сурсан бүхэн, миний хүсч мөрөөдөж байсан бүхэн нүдний урдуур гүйх шиг л болсон. За ёстой юу сурсан, юу хийх ёстой, энэ дүрдээ орох ёстой гээд маш их зүйл толгойд орж ирсэн. Биднийг өдөр сургуулилт хийлгүүлсэн. Найман цаг машинаар явж байгаад шууд хүрч ирээд тайзан дээр сургуулилт хийгээд орой нь тайзан дээр гарсан. Тайзан дээр бүжиглэхэд би тэр бүх айдсаа "Миний Монгол орон, монголчууд өнөөдөр намайг энд бүжиглэж байгааг мэдсэн бол дэмжих байсан. Тиймээс энэ үзэгчдийг уйлтал, бахархтал бүжиглэх ёстой” гэж өөрийгөө зоригжуулж байсан. Түүнээс зүгээр нэг тэмцээн биш, манай компанийн тоглолт биш шүү дээ.
-Мэдээж монголчууд танаар бахархаж байгаа, харин одоо та юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Одоо Монголдоо амраад л байна. Есдүгээр сарын дундуур буцна. Бас зүгээр амрахыг хүссэнгүй ээ. Би ингэж боддог юм. Манай Монголын сонгодог урлаг гэдэг бол гайхалтай урлаг байхгүй юу. Тэр натур бүжиг. Гайхалтай. Монгол сонгодог урлагаа монголчууд илүү хөгжүүлээсэй гэж хүсдэг. Монголын сонгодог урлаг дэлхийн зах зээлд гарахаас биш зөвхөн Италийн юм уу Францын сонгодог урлагийг Монголд оруулж ирж яах юм бэ. Тэр чинь угаасаа дэлхийн бүх улсад байгаа ш дээ. Би сая Португалын бүжиг дэглээчийг Монголд авчирч, монголын урлагийг үзүүлсэн. Гэтэл тэр хүн үнэхээр их гайхсан, биширсэн. Байгалийн дуу чимээ, үйл хөдлөлөөс үүссэн тэр урлагийг хараад цааш хөгжүүлэхэд их юм шаардагдана, гэхдээ суурь нь байна гэхчилэн гоё зүйлсийг ярьж байсан. Тиймээс би тэр хүнтэй хамтраад Монголын урлагт тодорхой хэмжээний шат ахиулах зүйл хийх гэж үзсэн л дээ. Одоохондоо төлөвлөгөөгөө хийгээд явж байна. Гайгүй бүтэх байх гэж бодож байна.
-Ингэхэд таны багшийн тухайд асуухгүй өнгөрч болохгүй нь?
-Манай багш бол Д.Дашлхагва гэж гайхалтай хүн бий. Миний багш Орост сургууль төгссөн. Зүгээр байж байгаад багш болчихсон гэж өөрөө хэлдэг юм. Манай багш гадаадад бүжиглэж байгаад Монголдоо ирсэн байсан. Тэгээд хөгжим бүжгийн коллежийн гадаа машин нь эвдрээд засах гээд байж байсан тэр өдрөөс эхлэн багш болчихсон гэдэг. Монголын түүхэнд манай багш үлдэнэ гэж би боддог юм. Орост төгссөн Монгол бүжигчид олон байдаг. Тэгэхэд Дашлхагва гэдэг хүний хийсэн хамгийн том зүйл нь Монголд сонгодог урлагаар хүүхдүүдийг төгсгөж, тэр хүүхдүүд нь гадны улсад сургууль төгссөн юм шиг чадвартай байгаа нь маш том гавьяа юм уу гэж боддог.
-Таныг хүүхдэд зориулсан бүжиг тавих гэж байгаа гэсэн, ажил хэр явж байна?
-Би Номин-Эрдэнэ захиралтай “Щелкунчик” балетын сургуультай хамтран хүүхдэд зориулсан нео-классик балет тавьж байна. Тэр хүн их юм үзэж, харсан төдийгүй, мэргэжлийн сургууль төгссөн, үнэхээр чанартай сургуулийг бий болгосон байна лээ. Тэр ч утгаар нь би хамтран ажиллаж байгаа. Бид хамтран П.И.Чайковскийн “Хун” гэдэг нэртэй жижигхэн бүжгэн жүжиг тавьж байна. Нео-Классик суурьтай хүүхдэд зориулсан бүтээл. П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын хөгжим дээр мөн дүрүүдээр нэрлэсэн гэхдээ арай өөр түүх, өөр өрнөлтэй.
-Өрнөлийн тухайд? Сонирхолтой санагдаж байна.
-Одетта охин гэртээ ганцаараа цонхоор харж сууж байгаад аавдаа нууран дээр очиж, гадаа гарч эрх чөлөөг мэдрэмээр байна гэхэд аав нь үгүйсгэнэ. Хүүхдүүд уйлж байгаад унтчихдаг ш дээ. Одетта охин аавдаа гомдож, уйлсаар нэг л мэдэхэд гүн нойронд автана. Тэр охин зүүдэндээ хунгийн сүрэгт хун болон нисч байгаад өөрийнхөө ирээдүй болох хүнтэй уулзаж, эрх чөлөө гэдэг зүйлийг зүүдэндээ мэдэрдэг. Хүн гэдэг шувуу шиг эрх чөлөөтэй явах ёстой гэдгийг зүүдэндээ ойлгоод сэрсэн Одетта охин аавыгаа орж ирэхэд миний хүсэл мөрөөдөл цонхны цаана байна гэдгийг хэлж байгаагаар бүжгээр харуулна даа.
-Хүүхдүүд удаан тэвчээртэй сууж чаддагүй шүү дээ, балет хэдий хэр хугацаанд үргэлжлэх бол?
-Хүүхдэд зориулсан учир 45 минут үргэлжилнэ. Би ингэж бүжиг тавина гэж бодож байгаагүй. Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдэд илүү эрч хүч аваасай гэсэндээ энэ жүжгийг тавихаар зориг гаргасан.
-Тоглолт хэдэнд болох вэ?
-Есдүгээр сарын 7-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн их тайзан дээр болно. Хүүхдүүдэд зориулсан болохоор бүх хүнд нээлттэй гэж хэлмээр байна.