Хүмүүс Жэйси Чаныг тэр бүр мэддэггүй. Гэхдээ түүний аав Жэки Чаныг бол андахгүй. Тэр ч байтугай ээж нь болох Тайванийн алдар жүжигчин Лин Фенжаогийн тухай сонссон хүн ч цөөнгүй. Харин энэхүү урлагийн оддын гэр бүлийн бахархал болсон цорын ганц хүү нь Жэйси Чан юм. Түүний төрсөн он нь тодорхойгүй байдаг. Эцэг эх хоёр нь 1983 онд гэрлэснийхээ дараах жил нь Жэйси Чаныг төрүүлсэн гэдэг. Гэхдээ чухамдаа Жэйси Чан 1982 онд мэндэлсэн гэх нь бий. Тухайн үеийн нийгмийн байдал, их гүрний бодлого зэрэг бяцхан Жэйсигийн төрсөн оныг өөрчлөх шалтгаан байсан бололтой.
Урлагийн гэр бүлээс гаралтай түүнд багаас нь барууны боловсрол олгожээ. Амьдралын хэв маяг нь нэлээд баруунжсан байна. Жэки Чан ганц хүүгээ чөлөөт нийгэмд өсөн торнихыг илүүд үзэж байсан гэдэг. Эцэг эх нь их гүрний харьяанд байдаг ч Жэйси Чаныг АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод өсгөжээ. Хүү нь багаасаа аавыгаа дагаж, киноны зураг авалтад явдаг байсан ч жүжигчин болохыг хүссэнгүй.
Жэйси Чан маш авьяаслаг нэгэн. Урлагийн тун гайхалтай мэдрэмжтэй. Дуучин, жүжигчин, ая зохиогч, үг зохиогч, гитарчин гэх мэт олон талын авьяастай.
Жэки хүүдээ өөрийн жүжигчин мэргэжлийг өвлүүлэхийг хүссэн боловч Жэйси татгалзжээ. Магадгүй 2004 онд “Ихрүүд-2”, 2005 онд “Хоёр залуу”, 2006 онд “Тэнгэрлэг хаан” зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн ч өөрийгөө жүжигчин болох хүн биш гэж бодсон бололтой. Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн онд “Давхар асуудал” нэртэй кинонд тоглосныхоо дараа “Дахин кинотой зууралдмааргүй байна” хэмээн хэвлэлээр мэдээлсэн. Гэвч Жэки Чан “Жэйсигийн юу хийж, яаж амьдралаа цаашид хэрхэн авч явах нь хамаагүй” хэмээн нэгэнтээ хэлж хүүгээ гомдоосон удаа бий. Жэки Чан “Би Билл Гэйтс биш шүү дээ” гэсэн гэдэг.
Жэйси Чаныг залхуу гэж хэвлэлүүд бичдэг. Харин эцэг нь түүнд 130 сая ам.долларын хөрөнгийг өв залгамжлуулах нь тодорхой болсон. Учир нь Жэки Чаны биеийн байдал сүүлийн жилүүдэд тааруу болж байгаа юм. Түүнийг хэвлэлээр “Нас барсан” мэтээр үе, үе бичдэгт их эмзэглэдэг тухайгаа Жэки Чан өөрөө ярьж байв. Холливудын нэрт жүжигчин Уилл Смитийн хүү Жэйдон “Каратэчин хүү” кинонд тоглож дэлхийд өөрийгөө нээсэн. Тухайн үед Жэки Чан хүүгээ зэмлэж, Жэйдонтой зүйрлэсэн нь эцэг хүүгийн харилцааг нэг хэсэг тааруухан болгосон гэдэг. Ямартай ч насны эцэст хүү нь байгаа хөрөнгөө үрэх биш, үржүүлж, сайн үйлсэд байнга тусалж дэмжиж байх талаар эцэг нь ихэд хүсдэг бололтой.
Тайваньд Жэйсигийн зохиосон дуунууд долоо хоног тутмын хөгжмийн чартуудыг тэргүүлдэг. Түүний анхны цомог 2004 онд “Жэйси” нэртэй гарч, дуу болон клипүүд багтсан нь нэлээд өвөрмөц болжээ. Улмаар 2008 онд “Аюулгүй аялал” нэртэй цомог гаргаснаар түүнийг хөгжимд илүү дурлуулсан аж. Ингээд 2010 онд “Будлиан” цомог нь олонд цацагдаж, дуунууд нь түүний нэрийг олонд танилцуулж байв.
Жэки Чаны хүү унаган англи хэлтэй, харин хятад хэлэндээ маруухан нэгэн. Харин түүний аав “Миний ярьсныг ойлгож байвал баярлалаа. Ойлгохгүй бол уучлаарай. Энэ бол Жэки Чаны англи хэл” гэж хошигнож байсан билээ. Жэйси хүү эцгийнхээ адил маш сайхан инээмсэглэдэг ч түүнийг инээж байхыг харсан хүн бол тун ховор. Байнга л чихэндээ хөгжим сонссон, хөнгөн чанарын хоол идэж явдаг нь Жэкид таалагддаг. Эцэг хүү хоёрын ялгаа нь ном, дуу хөгжим аж. Жэйси өсвөр насандаа фитнесээр хичээллэж байгаад орхисон. Өдгөө 30 гарсан ч 20-той мэт залуухан харагддаг нь Жэки Чаны зөвөлгөөний ач тус. Өглөө бүр буцалсан усаар нүүрээ угааж, арчдаггүй байдал нь “залуу хүний хувьд тун чухал” гэдгийг Жэйси тайлбарласан удаатай. Ер нь тун цэвэрч нэгэн. Нэг удаа Жэки хүүгийнхээ талаар “Би түүний ирээдүйн талаар ярих тоолонд бухимдчих гээд байдаг. Бага зэрэгийн залхуу байдал нь түүнийг зэмлэхэд хүргэдэг. Мэдээж эцэг хүн болгон өөрийн үр хүүхдүү төгс байлгахыг бодно шүү дээ. Би Уилл Смиттэй уулзаад “Би хүүг чинь үрчилж авч болох уу” хэмээн “Карате Жаал” киноны дараа хэлж байсан. Гэхдээ энэ бол хүүг минь улам л хүчтэй эцгийнхээ юу хүсээд байгааг ойлгоосой гэж бодсон учир хошигнож хэлсэн зүйл” хэмээн ярьжээ.
Жэйсигийн ээж, Жэкигийн эхнэр гарал үүсэл, жүжигчин хүний карьерийн хувьд нэлээд нууцлагдмал байсан. Бас маш дөлгөөн хүн. Жэки эхнэрийнхээ талаар олон нийтэд 1998 онд л анх зарлаж байсан түүхтэй. Ээжээсээ багагүй хугацаанд хол өссөн ч эцэг эх хоёртойгоо хүссэн үедээ хамт байдаг аж.
Жэки хүүгээсээ ганц л зүйл хүсдэг. Тэр нь түүний хандивийн сангийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх. Тиймээс Жэйси өнөөдөр “Лингнан их сургуулийн Жэки Чан заал”, “Жэки Чан их сургууль хоорондох тэмцээн уралдаан”, “Жэки Чаны гэр бүлийн нэгж”, “Жэки Чаны бүрэлдэхүүн Хүний хөгжлийн төв”, “Хонконгийн урлагийн академи”, “БНХАУ-ын Эрүүл мэндийн сан”, “Хонконгийн эрүүл мэндийн хандив сан”, “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр сан” зэрэг эдгээр байгууллагыг ихэд анхаарч тусалж дэмжиж байхыг хүсдэг юм байна. Мөн Жэки сүүлийн үед Жэйси хүүгээсээ ач, зээ хүсэх болсон аж.
Б.БААТАР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин