Бид өөрийн хийсэн үйл, нисваанисынхаа эрхээр таглаатай саванд хийсэн зөгий мэт тэр л савнаасаа гарч чадалгүйгээр буяныхаа эрхээр тэнгэрийн оронд, буяны үрээ бараад нүгэл хилэнцээ даваад ирэхээр доод гурван муу заяанд унаж, атаа хорслын нисваанис арвидсанаар асурид, хармын нисваанисаар бирдэд гэх мэт төрөлд шидэгдсээр энэ орчлон хорвоод хэмжээлшгүй олон галвыг өнгөөрөөсөн байдаг ажгуу. Ингэж олон төрлийг дамжихдаа урьд өөрийн хийсэн үйл, нисваанисын шүтэн барилдлагаараа зургаан зүйлтэй эх, үр, садан, дайсан, нөхөр болон ээлжилж, үүнийгээ үйл түйтгэрээсээ болоод дараагийн төрлөө авахад өмнөх төрөлдөө ямар зовлон эдэлж, хэнтэй садагнаж байснаа санахгүйгээр дахин муу, сайн үйлээ ээлжилж үйлдсээр байдаг хэмээдэг тул энэ орчлонгийн зургаан зүйлийн эргүүлгээс гэтлэн гарах нь бид жинхэнэ амар амгаланг олох цорын ганц зам болох юмсанжээ.
Read More