Английн нэрт зохиолч О.Уайльд 1855 онд Ирландийн Дублин хотноо англо-ирланд гэр бүлд төржээ. Дублиний коллежид сурч байхдаа авьяас чадвараараа шалгаран Оксфордын Их Сургуульд тэтгэлгээр суралцан төгссөн байна.
Хайр энэрэл, хүмүүнлэг үзэл гүн бат шингэсэн “Аз жаргалтай Ханхүү” зохиол бол Уайльдийн анхны хүүрнэл зохиолуудын нэг юм. Ер түүний бүх зохиолуудад нэвт шингэсэн байдаг зүйл нь хувиа бодохын эсрэг бүх нийтийн сайн сайханд тэмүүлэх үзэл санаа билээ. Уламжлалт дарлал мөлжлөг, ядуурал хоосролын эсрэг, эрээ цээргүй ёс суртахуунгүй байдлын эсрэг тууштай тэмцэгч тэрбээр өөрөө туйлын чөлөөт сэтгэлгээтэй нэгэн байж…
Эмзэг хурц мэдрэмж, эелдэг зөөлөн сэтгэл, оргилуун хүсэл мөрөөдөл, өргөн дэлгэр мэдлэг, гялалзсан их авьяас билгийн зэрэгцээ үзэсгэлэн гоо зүс царайг хувь заяа түүнд харамгүй хайрласан гэдэг. Гэсэн ч тэр хэрээрээ хайр дурлалын гашуун дурсамж, ер бусын адармаатай, зөрчилтэй хүнд хэцүү амьдрал туулжээ. Нэгэн үе нэр алдрын оргилд заларч, нэгэн үе сэтгэлийн гүн хямралд автан, шоронд хүртэл сууж, уран бүтээлээсээ ч дайжин, хүмүүсээс зугтан, ядуу зүдүү амьдарсан байдаг.
Тэрбээр уран зохиол, философи, шинжлэх ухаан, гоо зүй, улс төрийн чиглэлээр шүлэг яруу найраг, драм, дуурь, тууж, роман, өгүүллэг, үлгэр, шүүмж судлал, эссэ зэрэг бүхий л төрлөөр олон арван бүтээл бичсэн байна. Бараг бичсэн тууж, өгүүллэг, зохиол бүхэн нь сонгодог бүтээл болсон юм. “Саломэ”, “Зүтгэлийн мөн чанар” зэрэг драмын бүтээл, “Аз жаргалтай хан хүү”, “Дориан Грэйн хөрөг”, “Оддын хүү” зэрэг олон зохиол бүтээлүүд нь өнөө хэр дэлхийн сонгодог зохиолын тэргүүнд хүндтэй байрыг эзлэх бөгөөд хүүхэд багачуудад зориулсан үлгэр-өгүүллэгүүдийг нь 100 гаруй жилийн турш дэлхийн олон оронд хэдэн сая хувиар хэвлэн уншиж ирсэн байна.
Дэлхийн хүүхдийн шилмэл зохиолын “ЭРДЭНЭСИЙН САН-108” цувралаар “Аз жаргалтай ханхүү” ном нь хэвлэгдсэн билээ. Уг номд багтсан “Аз жаргалтай хан хүү”, “Гургалдай ба сарнай”, “Аварга биет, жаал хүү хоёр”, “Оддын хүү” үлгэр-өгүүллэгүүдэд ч мөн хүний аз жаргалын үндэс нь хайр энэрэл байдаг болохыг уран сайхнаар нотолсон юм.
Энэ удаад олноо ихэд алдаршсан “Кентервилийн хий үзэгдэл”, “Залуу хаан”, “Гайхамшигт галт сум” зохиолыг нь нэгтгэн ном болгон "Хөхдэвтэр" хэвлэлийн газраас хэвлэв.
Б.Номинчимэд