Театр урын сан дахь жүжгээ сэргээн толилуулах нь цаг үеийн ач холбогдолтой байх нь олонтоо. Анх 1996 онд УДЭТ-ын тайзнаа “Тамын дурлал” нэртэйгээр үзэгчдэд хүрч байсан жүжиг өдгөө уран бүтээлчдийн баг, бүрэлдэхүүнээ шинэчлээд “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” болон эргэн иржээ. Ийм нэгэн уран бүтээл төв театрын тайзнаа дахин “амилав”. Дүрд тоглох жүжигчдийн бүрэлдэхүүнийг өнгөрсөн сард зарласан.
…Энд би чамайг хүлээнэ
Эргэж ирэхэд чинь нулимсаа нуухгүй
Хайлаас модны дор чамайг хүлээнэ
Хагацал гэдэгт итгэхгүй сууна…
хэмээгээд “Т.Сэргэлэн, О.Долгор нарын хамтрал гуравдугаар сарын 5-нд” гэж УДЭТ-аас анх мэдээлж байлаа. Жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Ганхуяг, бүжиг, хөдөлгөөний найруулагчаар Г.Ган-Очир ажилласан. Нобелийн шагналт, Америкийн жүжгийн зохиолч Южин О’Нилийн 1924 онд бичсэн “Desire under the elms” хэмээх жүжгийг монгол үзэгчид үзэх юм. Түүний зохиолуудад Грекийн эмгэнэлт жүжгийн хэв маяг, америк мөрөөдөл ба түүнийг тойрсон материализм, анги хоорондын ялгаа гүнзгий ажиглагддаг. “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” бол энэ бүгдийг шингээсэн, хөндөх санаа, агуулга тун өргөн бүхий бүтээл.
Ахимаг насны фермер эр Эфрайм Кэбот 76 настай, нас биед хүрсэн гурван хүүтэй. Эл дүрд “өндөр” гэгдэх Гавьяат жүжигчин М.Түвшинхүү тоглосон. Хөвгүүн Симеон Кэботод Б.Баттогтох, Питер Кэботод залуу жүжигчин Н.Мөнх-Эрдэнэ, Эбин Кэботод Т.Сэргэлэн нар ажилласан. Хөвгүүд эцэгтээ дургүй, бүр үзэн яддаг. Тэд эцгийнхээ бий болгосон эдлэн газрыг өөрсдөө эзэмших хүсэлтэй. Эфрайм Кэбот бол хахир хатуу, цэвдэг нэгэн. Тэрбээр нэгэн өдөр Абби Патнам хэмээх залуухан эмэгтэйтэй гэрлэдэг. Харамсалтай нь, бүсгүй эр нөхрийнхөө эдлэн газар, эд хөрөнгийг өөрийн болгохын тулд л хуримласан аж. Харин Эфраймын бага хүү Эбин, бүсгүй хоёр бие биедээ дурладаг нь уг зохиолын зангилаа юм.
Соёлын тэргүүний ажилтан О.Долгорын хувьд театрт ирээд гурван жил болж буй. Гол дүрд тоглож, өөрийгөө бүрэн нээн харуулах боломж түүнд энд хүртэл хараахан тохиогоогүй явсан юм. “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийн Абби Патнамын дүрд ажиллахаар болсон нь театрт ирснээс хойш түүний анхны гол дүр. Тиймээс ч үзэгчийн хувьд өндөр хүлээлт үүсгэх нь гарцаагүй. Тэр их “эмзэг” хүн шиг ээ. Уран бүтээлчид далай их авьяас заяасан ч бай, бүтээж чадахгүй, зохихгүй дүр гэж байдаг. О.Долгорын гүнд үгээр зүйрлэмгүй “их сайхан” эмэгтэй бий. Тэгэхээр Абби Патнамд яг тохирно гэсэн үг. Жүжгийн хувьд гол дүр бол ноён нуруу.
О.Долгорыг үзсэний хувьд хэдэн зүйл заавал хэлэх хэрэгтэй. Түүний дуу хоолой тайзны гэхээс илүү орчуулгын киноны жүжигчин шиг. Уянгалаг, бас тод. Харин Абби түүнийг ингэж өөрчлөв үү, эсвэл тэр хэтэрхий хичээчхэв үү. Жүжгийн турш тас тас инээсэн, “хийссэн” хүн харагдлаа. Түүнчлэн Абби Эбинд дурлаж, түүнд хайраа илэрхийлэх хэсэг бүр тоомжиргүй, хөнгөмсгөөс эхлээд төгсгөл рүүгээ нухацтай, жинхэнэ болж байсан нь дүрийнхээ жинхэнэ мөн чанарыг харуулах гэсэн жүжигчний арга барил байсан гэж таамаглав.
Т.Сэргэлэн үзэгчдэд нэгэнт хүлээлт үүсгэж чаддаг болсон уран бүтээлч. Өөртөө итгэлгүй, эцэгтээ дотоод хонзонтой боловч өр нинжин түүний бусдыг хайрлах сэтгэлийг Абби “нээдэг”. Тэр яг л ийм хөвгүүн байсаар жүжиг дууссан. Жүжгийн ноён нуруу, зангилаа нь Эбин биш, Эфрайм Кэбот байв. Гавьяат жүжигчин М.Түвшинхүү дүрээ чадварлаг бүтээлээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө эл цолыг хүртсэн. Түүнээ энэ жүжгээр “хамгаалчихлаа”. Жүжиг эхэлснээсээ хойш 80 орчим минутын дараа завсарлахад суудлаасаа босох үзэгч бүрийг тогтонгуй ажсан юм. Театрын үе үеийн ахмад жүжигчид, урлагийнхан, СУИС-ийнхан, шүүмжлэгчид цуглажээ. Тэдний дунд 1996 оны Абби Патнам буюу О.Энхтуул харагдлаа.
Танхимаас гарч харвал “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” гэж бичсэн самбарын өмнө голдуу эмэгтэйчүүд зургаа авхуулах ба түүн рүү нар жаргаж буй шиг зөөлөн шаргал гэрэл тусгажээ. Эгц эргэж харвал боодолтой өвсөөр морины жүчээнд байгаа мэт орчин бүрдүүлсэн байв. Уран бүтээлийн баг, бүрэлдэхүүнд хэн буйгаас үл хамаараад тогтож, шүүж үзэх нь хэрсүү үзэгчийн мөн чанар. Гэр бүлийн хурцадмал зөрчил, шунал хүсэл, нүгэл, шийтгэл, Абби, Эбин хоёрын дунд хайр бий юү, шунал бий юү гэдгийг эл сонгодог модерн драмаас үзээрэй.
Эх сурвалж: “ӨНӨӨДӨР” сонин