Уянгалаг, намуухан хоолойгоор олон хит дууг олны хүртээл болгож, 1990-ээд оны сүүлчээс Орост төдийгүй олон улсад танигдсан үзэсгэлэнт дуучин бол Алсу.
Алсу буюу Алсу Ралифовна Абрамова 1983 онд Татарстаны Бугульма тосгонд төржээ. Түүний Алсу хэмээх нэр нь “Сарнайн ус” гэсэн утгатай аж.
1999 онд Алсу 16-хан настайдаа өөрийн анхны “Зимний сон” дууг гаргаж, эл дуу нь цацагдсан даруйдаа хит болж байв. Харин тэрбээр анхны цомгоо өөрийн нэрээр “Алсу” хэмээн нэрлэж, 1999 онд гаргажээ. 2000 онд тэрбээр “Евровидение” дуулаачдын олон улсын уралдаанд Оросыг төлөөлөн оролцож, “Solo” уран бүтээлээрээ дэд байрт шалгарч байв. Ингэж Орост төдийгүй олон улсад танигдсан тэрбээр 2001 онд англи хэлээр “Alsou” цомог гаргаж, 2002 онд “Мне приснилась осень”, “2003 онд “19”, 2008 онд “Самое главное” цомгуудыг орос хэлээр, 2006 онд “Inspired” цомгийг англи хэлээр гарган сонсогчдын хүртээл болгосон. Мөн өөрийн төрөлх татар хэлээрх “Tugan Tel” цомгийг 2008 онд гаргажээ.
Тэрбээр сүүлд 2023 онд “Скучаю вопреки”, 2024 онд “Я учусь не бояться”, энэ оны гуравдугаар сард “Чужая” нэртэй синглээ олны хүртээл болгоод буй.
“Зимний сон”, “Иногда”, “Весна”, “Небо”, “Осень” зэрэг олон хит дууны эзэн Алсу энэ тавдугаар сарын 17-нд Монголд анх удаа тоглолтоо хийх гэж байна. “АСА арена”-д болох эл тоглолтыг “DD entertainment” зохион байгуулах ажээ.