Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»Монголын тайзнаа “Хунт нуур” балет “мэндэлсэн”-ий 50 жилийн ой тохиож байна
Балет

Монголын тайзнаа “Хунт нуур” балет “мэндэлсэн”-ий 50 жилийн ой тохиож байна

Урлаг Урлаг20/05/2025Шинэчлэгдсэн:20/05/2025Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хунт нуур” балет Монголын тайзнаа мэндэлсний хагас зуун жилийн ой энэ онд тохиож байна. Тодруулбал, уг балетыг 1975 оны зургаадугаар сарын 28-нд Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, балетмейстер Б.Жамъяндагвын дэглэлтээр толилуулж байсан юм. Удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Чулуун, хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Зууны манлай балетчин, Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг Э.Оюунбат, Ротбардын дүрийг Гавьяат жүжигчин Н.Баатар, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар амилуулжээ. Улсын дуурь бүжгийн эрдмийн театр түүхт 60 жилийнхээ ойд зориулж, 2023 оны хоёрдугаар сарын 13, 14-нд “Хунт нуур” балетыг анх удаа 32 хунтайгаар толилуулж сонгодог урлагийн түүхийн хуудаснаа нэгэн тод мөр үлдээсэн билээ.

50 жилийн ойд зориулж, ОХУ-ын Буриадын театрын 60 уран бүтээлчидтэй хамтран зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 32 хунтайгаар үзэгчдийн хүртээл болгохоор театрын уран бүтээлчид бэлтгэл ажилдаа оржээ.

“Хунт нуур” балетын либретто

Нэгдүгээр бүлэг

Нэгдүгээр үзэгдэл

Шилтгээний ойролцоох цэцэрлэгт ханхүү Зигфридийн насанд хүрсний баярыг тэмдэглэхээр үеийн нөхөд нь цугларчээ. Ханхүүд баяр хүргэхээр нутгийн хүүхнүүд ч ирнэ. Үнэнч нөхөр Алиа салбадай үсрэн дүүлж, зочдыг баясгана. Ханхүүгийн хүмүүжүүлэгч өвгөн Вольфганг жавхаалаг агаад хөгжилтэй. Хайрт хүүгийнхээ насанд хүрсний найранд оролцохоор хатан ээж ч ирнэ. Авхайг хүндэлсэн залуус хөгжилтэй бүжгээ хийж, Алиа салбадай ч эргэн үсрэн, инээлгэн баясгана. Орой болж хатан авхай явахдаа хүүдээ маргааш найран дээр амраг ханиа сонгож авахыг сануулна. Зигфрид бодолд орно. Хэнд ч дурлаж үзээгүй ханхүү ийнхүү уйтгарласан биз ээ. Огторгуйд хунгийн сүрэг ниснэ. Угийн анд дуртай Зигфрид буугаа авч хоёр найзын хамт явцгаана.

Хоёрдугаар үзэгдэл

Сартай шөнө эзгүй хээр тал, алс тэртээд нуурын ус цэлэлзэн аймшигт хадан хавцал ёрдойн харагдана. Сүрэг хун нууранд хөвж явна. Хамгийн сүүлд толгой дээрээ титэмт хун хөвөх нь Ротбартын ид шидэнд автсан Одетта байлаа. Ханхүү Зигфрид хоёр найзын хамт титэмт хунг буудахаар завдсан боловч амжсангүй. Зигфрид ганцаар үлдэж хунг сахихаар шийднэ. Гэнэт хадан хавцал гэрэлтэн, титэмт хун залуу бүсгүй болон гарч ирээд уйтгартайяа бүжиглэнэ. Бүсгүйн гоо үзэсгэлэнд сэтгэл нь эзэмдэгдсэн Зигфрид үсрэн гарч хүүхний замыг хаан зогсоно. Ханхүү айж сандарсан бүсүйг тайвшруулж, түүнд ямар нэг хор хүргэхгүйгээ батална. Одетта өөрийн гунигт түүхээ ярина. Одетта ба түүний хүрээлэн буй хүүхнүүд нь хорон санаат Ротбартын илбэнд өртөгдөн хохирогсод байлаа. Өдөр нь бүгд хун шувуу болж, зөвхөн шөнийн цагаар хадан хясааны дэргэд хүүхнүүд болон хувирдаг хувь тавилантай байжээ. Бүх насаараа хэн нэгэн хүн Одеттад дурлах хүртэл энэ явдал үргэлжлэх ёстой байлаа. Харин тэр хүн өөр хэнд ч дурлаагүй байх ёстой. Гэтэл хадан хясаа гэрэлтэн шидэт хар шувуу Отеттаг Зигфридээс салган авч олон хүүхнийг илбэдэн гаргана. Ханхүү тэдний дунд Одеттыгаа эрж хайвч олсонгүй. Энэ үед Одетта дахин гарч ирэх нь үнэхээр үзэсгэлэнтэй. Зигфрид, Одетта хоёр харилцан бие, биедээ үнэнч хайр сэтгэлээ илчилцгээнэ. Үүр хаяарч Одетта өөрийн дурлалт хүнтэйгээ салах ёс гүйцэтгэн найз хүүхнүүдийнхээ хамт хадан хавцал руу далд орно. Арга нь барагдсан Зигфрид нуурын хөвөөнд уйтгарлан хоцорно.

Хоёрдугаар бүлэг

Гуравдугаар үзэгдэл

Шилтгээнд найр болж байна. Ханхүү Зигфрид хатан ээжийн хамт зочдыг хүлээн авч байна. Польш, Неаполь зэрэг олон орны зочид дараа дараалан ирж тус тусын бүжгээ хийцгээн, аав ээж нар нь охидуудаа танилцуулна. Тэнд хүрэлцэн ирсэн хүүхнүүдийн нэг нь ч Зигфридийн зүрх сэтгэлийг хөдөлгөж чадсангүй. Түүнд ганцхан Одетта л бодогдоно. Бүрээ дуугарч шинэ зочид ирж байгааг мэдэгдэнэ. Хорон санаат Ротбарт Испанийн цэргийн жанжин болон хувирч өөрийн охин Оделлия болон Испани хүүхнүүдийг дагуулан ирнэ. Ротбарт испани хүүхнүүдээр Зигфридийн сэтгэлийг татах гэсэн боловч чадсангүй. Ротбарт өөрийн охин Оделлияг бүжиглүүлнэ. Оделлия, Одеттатай үнэхээр адилхан болон хувирч чадсан тул Зигфрид хайрт бүсгүйгээ гэж эндүүрэн түүнд үнэнч хайрын сэтгэлтэйгээ тангараглана. Ротбарт яаравчлан тэр хоёрыг адислахыг завдтал гэнэт цонх гэрэлтэн бүхний анхаарлыг татна. Хорон санаат Ротбартын арганд хайрт хүнээ орчих вий хэмээн Одетта нисэн ирсэн нь тэр ажээ. Зигфрид мэхлэгдсэнээ сая ойлгож, Одеттагаас уучлалт гуйн аз жаргалынхаа төлөө тэмцэхээр нуурын зүг гүйнэ.

Гуравдугаар бүлэг

Дөрөвдүгээр үзэгдэл

Зэлүүд хээр тал. Шөнө хүүхнүүд болон хувирсан хунгууд Одеттаг сэтгэл зовон хүлээнэ. Ашгүй Одетта ч ирнэ. Тэрээр Зигфрид өөр хүнд хайртай болсныг ярьж, үхэхээс өөр замгүй болсноо гуниглан өгүүлэхэд хүүхнүүд, найз бүсгүйгээ тайтгаруулахыг оролдоно. Гэтэл шидэт Ротбарт бүх хунг хадан хавцалд оруулахаар хөөхөд амжиж ирсэн Зигфрид, Одеттыг хүчлэн барьж үлдээнэ. Ханхүү өөрийн эрхгүй хийсэн бүх буруугаа хүлээн, уучлал гуйсан боловч Одеттын сэтгэл эргэшгүй байна. Ротбарт Зигфридийг усанд живүүлэн алахаар нуурын усыг үерлүүлнэ. Ханхүү давалгаатай тэмцэлдэн хүч нь барагдах мөчид үнэнч Одетта хадан хясаанаас үсрэн Зигфридийн гар дээр унана. Хагацашгүй дурлалын эрчинд үерийн ус намдаж, өштөн дайсан дарагдан амраг хос жаргалын замдаа ороход хорвоо ертөнц тэр аяараа баяр хүргэх мэт наран мишээн мандана.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025
Балет Урлаг

ФОТО: УДБЭТ-ын бүтээл А.Аданы “Жизель” балетаас

12/05/2025
Балет Урлаг

Балетын сургуулийн бахархалт өдөр болно

01/05/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

20/05/2025

ФОТО: Бүжигчин М.Бямбаагийн “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.