Тэрбээр, оюутан байх цагаасаа л драмын жүжигчин болно хэмээн мөрөөдөж, туслах ажилтнаар ажилд орж байжээ. Анхандаа тоглох дүр өгөхгүй, тоож харахгүй байхад нь гарна даа гэж боддог байсан ч орхиж чадахгүй явсаар одоогийн энэ өндөрлөгт хүрсэн аж. УДЭТ гэдэг улсын байгууллага учраас би улсдаа хөдөлмөрлөж зүтгэж явна хэмээн саяхан нэгэн ярилцлагын үеэр онцлон ярьжээ.
Тэрбээр, “Г.Эрдэнэбилэг, Эби гэж өөрийгөө дэлдээд, миний карерь, миний мөнгө гээд “тоглолт” хийгээд өөрийнхөө ашиг сонирхлын төлөө би ажиллаагүй. Би улсынхаа төлөө ажиллаж, улсаас цалин авч, ард түмэнд үйлчилж байна” хэмээжээ. Түүний хувьд хамгийн сүүлд “Үргээлэг” уран сайхны киноны зураг авалтад орсон бөгөөд энэ кинонд Гадаадын иргэн харъяатын ажилтаны дүр бүтээсэн аж.
Манай өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлуудын нэг болсон гадаадаас хууль бусаар Хятад, Солонгос ажилчид ихээр орж ирж, үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс болж Барилга, уул уурхайн салбарт ямар их асуудал үүсч байгаа асуудлыг энэхүү уран сайхны кино үзүүлэх бөгөөд ирэх сарын дундуур нээлтээ хийхээр болсон байна. Г.Эрдэнэбилэгийн хувьд тоглосон бүх дүрдээ хайртай гэнэ.
Дүрийн талаар санал бодлоо хуваалцахдаа “Найруулагч нэг дүр өглөө, аа заза гээд тоглочихдог зүйл бол биш. Сүүлийн үед муулж хэлэх юм бол бэлэнчлээд, маш амархан, хурдан олонд танигдаж, нэр алдартай болж амьдрах гэсэн төсөөлөлд автсан залуус урлагийн салбарт их болжээ.
Би өөрийгөө нэг их юм судалсан, уншсан гэж байгаа юм биш. Одоо ч гэсэн өөрөө өөрийгөө чамлаад болоогүй гэж байгаа юмнууд зөндөө байна. Нэг кинонд тоглочихоод “Би энэ дүрийг бүтээсэн. Энэ дүрийг бүтээхдээ” гээд яриад байдаг. Дүр гэдэг чинь юу юм бэ. Үүнийг чинь бүтээхийн тулд энд асар олон шалгуур давж, найруулагчдын магтаал, зэмлэл хүртдэг. Чухам тэр дундаас дүрний өнцөг цухуйж харсандаа бид нар баярладаг юм.
Гадуур драмын театр босго өндөртэй гэдэг чинь энийг л хэлээд байгаа юм. Яг үнэндээ гадуур бол ямар ч хараа хяналтгүй. Хэн дуртай нь кино хийж, хэн дуртай нь жүжиг тавиад л түрээсийн төлөөд л явж байна. Гэвч заримыг үзсэн хүмүүс тэрнийг үзээд хайран мөнгө гээд харамсаад гарч байгаа нь даан ч харамсалтай” хэмээжээ.