Эрт дээр үеэс хүн төрөлхтөн янз бүрийн аргаар бясалгал хийж гэгээрч, ариусаж ирсэн тухай ном сударт бичсэн байдаг боловч үүнийг бид хэрэгжүүлж ирсэн нь ховор юм. Харин одоо үед бясалгалын тухай хүмүүс ихээр ярьж хийх болсон нь гайхамшигтай алхам юм.
Миний хувьд “сайхан амьдралын төлөө ур чадвар”-ыг эрүүл байх чадвар гэж тодорхойлоод энэ ур чадварыг бясалгалаар олж авна гэж үзэж байна.
Нэгэн удаа надад "Шри шри амьдрах ухаан бясалгал"-ын хичээлд явах нөхцөл бүрдсэн нь надад их аз завшаан болсон юм.
"Шри, шри амьдрах ухаан" бясалгалын үндсэн курс зургаа хоног хичээллэдэг. Зургаа хоногийн хичээл 60 хоногийн хичээл шиг өгөөжтэй байлаа. Хичээл дуусаж 60 хоногийн дасгалаа гэртээ үргэлжлүүлэн хийлээ. Дасгалаа хийхийн тулд өдөр бүр 30 минут л зарцуулна. Миний жин хасагдаж, бие эрүүлжлээ.
Дахин хичээлд сууж, давтан хэд хэдэн курст суулаа. Гэвч хичээл бүрээс нэг зүйлийг сурч мэдэж, хичээл бүр намайг өөрчилж эрүүл чийрэг болгож байгааг мэдэрсэн юм. Би сүүлийн 10 жил эмнэлэгт хэвтээгүй, эмчид үзүүлээгүй гэхэд болно. Эндээс би олон зүйлийг ухаарч, хүний эрүүл мэнд, аз жаргал өөрт нь байдаг өөрөөс нь шалтгаалдаг гэдгийг ойлгож мэдсэн юм.
Хүн ертөнцөд яах гэж ирсэн, яагаад ирсэн, юу хийж бүтээх ёстой энэ бүхнийг би сургуульд суралцаж , ном зохиол уншиж судлаж явсан атлаа мэдээгүй л явсан байлаа.
Энэ хичээлээс би амьдралын агуу гайхамшгийг, ялангуяа “би,,-ийн гайхамшиг”-ийг сайтар ойлгосон. Хүн өвдөж болно, гэхдээ өвчин тусна гэдэг нь миний дотоод сэтгэлээс шалтгаалдаг гэдгийг хатуу ухаарч мэдэрсэн.
Дараа нь би бясалгалын дээд курсын хичээлд суулаа. Тэнд бид олуулаа байсан. Тэндээс л би өөрийгөө олж, өөрийгөө улам илүү мэдэх болсон юм. Жинхэнэ амар амгалан, аз жаргал гэдгийг олж мэдэрсэн. Би дахин төрсөн мэт байлаа. Эргэн тойронд бүх хүн инээмсэглэж, хөөр баяртай байцгаана.
Тэнд хэн ч хэнийг муу хэлэхгүй, хэн ч хэрүүл шуугиан дэгдээхгүй байх нь сонин сайхан. Амьдралдаа хүн бүхэн олон сургууль номонд явж байсан боловч ийм сонин гайхамшигтай сургалтад сууж явсангүй. Энэ нь надад диваажин гэдэг л ийм байдаг болов уу гэж бодогдож байлаа.
Миний багш гэж нэг сайхан эмэгтэй бий. Эх дэлхийтэй адил сайхан нэртэй. Ёстой жинхэнэ багш хүн. Хүнийг хайрлаж, хүний төлөө байж чаддаг нэгэн. Уг нь сургуулийн багш нар бүгд ийм баймаарсан. Тэгвэл бид их хөрөнгө, их цаг хүчийг олно доо. Энэ эрдэм, ухааныг багш бүхэн эзэмшээсэй гэж туйлаас их хүснэм.
Амар амгалан, эрүүл саруул байна гэдэг хүний амьдралын хамгийн гайхамшиг юм гэдгийг би бие сэтгэлээрээ ухаарч мэдэрсэн тэр цаг мөч бол “Амьдрах ухаан бясалгалын дээд курс” байв.
Хүн өөрийгөө ер мэддэггүй, мэдэх гэж мэрийдэггүй юм байна. Гэтэл бид нар өөр шинжлэх ухааныг судалж ихэнх цаг хугацааг авсан байх юм.
Дээд бясалгалыг багш минь их сайхан газар зохион байгуулсан нь бидэнд илүү сайхныг ухааруулахад дөхөм болсон юм.
Бясалгалын хичээлийн дуу хураах өдрүүд эхэллээ. Хэнтэй ч юу ч ярихгүй, ганцхан дотроо өөртэйгээ л ярих ёстой. Би ганцаараа жижигхэн горхины хажууд суух дуртай байлаа.
Тэгэхэд миний дотоод сэтгэлийн нүд нээгдэж орчлон ертөнц хэчнээн баян, тансаг болохыг харж, ус, горхины хоржигнох дуу, моддын навчис сэрчигнэх, шувуудын жиргэх баясгалант дуу энэ бүгд намайг амар амгалангийн ертөнцөд аваачиж, өөрөө өөртэйгээ ярих, өөрийгөө шинжих боломж өгч байв. Би маш аз жаргалтай байлаа.
Өөртэйгээ бүтэн гурван өдөр ярьсан. Өөрийгөө шүүн тунгааж, өөрийгөө илүү ихээр хайрласан. Би урьд нь өөрийгөө ингэж хайрлаж байгаагүй санагдаж байсан. Энэ тухай ярихаар бясалгал хийхийн сайхныг үзээгүй хүн ойлгоход хэцүү.
Нээрээ л нүдээ нээж, чихээ онгойлгон дэлхий ертөнцийг өөрөөр харах болсон. Энэ өдрүүд миний амьдралын хамгийн тэмдэглэлт, мартагдашгүй сайхан өдрүүд байлаа.
Бясалгал хийгээд биеэ мэдэрч байхдаа сэтгэл минь хов хоосон атлаа зах хязгааргүй эрх чөлөөт ертөнцөөр аялдаг. Зах хязгааргүй уудам орон зайд чөлөөтэй байх гэдэг ямар их амар амгалан,аз жаргал гэдгийг үгээр илэрхийлэхэд ч бэрх.
Бясалгалын хичээлд суусан хүн үнэхээр өөрчлөгдөж, аз жаргалтай нэгэн болж хувирдаг. Тэр чанараараа ердийн хүмүүсээс ялгаатай болно. Зүйрлэж хэлбэл уулын оргилд гарсан хүн илүү алсыг харж чадаж байхад, харин уулын бэлд байгаа хүн ойр тойрноо харах төдийтэй адил.
Бясалгалд явсан хүн агуу болдог. Тэр ч утгаараа ердийн амьдрал дунд өөрийн амар амгалангаа эдэлж аз жаргалтай эрүүл байж чаддаг. Энэ бүх сайхныг бусдад хэлж дуулгахсан, тэр амар амгалан, аз жаргалыг мэдрүүлэхсэн гэж их яарч байлаа. Эхлээд миний ярьсныг хүмүүс төдийлөн ойлгохгүй байлаа. Би хүмүүст дахин дахин ярьсаар л байсан. Тэгээд охиноо, дараа нь нөхрөө, хамт ажилладаг хүмүүсээ, найз нөхдөө энэ хичээлд суулгаж чадсан юм.
Тиймээ, хүмүүс минь Шри шри амьдрах ухаан бясалгалын хичээлд сууж, эрүүл, аз жаргалтай байх эрдмийг суралцаарай. Энэ бол ямар нэг шашин биш. Таныг үргэлж залуу, эрүүл, амар амгалан, аз жаргалтай байхад чинь туслах энгийн арга юм.
Бясалгал гээч биеийн болон сэтгэл зүрхний дасгалыг дэлхийн ямар ч улс орны хэн ч хийж болно. Дэлхийн хүн бүхэн бясалгал хийдэг бол бидний амьдарч байгаа цэнхэрхэн дэлхий хэчнээн эрүүл, бүрэн бүтэн байхсан билээ. Ийм л учраас дэлхий ертөнцийн өөрчлөлтөнд нийцнэ гэж бодож байна.
Бясалгалын хичээлийн гайхалтай үр дүнг би биеэрээ, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө мэдэрч ухаарсан учраас хүмүүст энэ тухай зоригтой хэлж чадна. Энэ бол өөртөө илүү их хөрөнгө оруулалт хийж мөнгө, цаг хугацаа, хүч шаардахгүй, өөрөө өөрийгөө эрүүл, аз жаргалтай болгох эрдэм ухааныг заадаг сургууль юм.
Бясалгалын хичээлд суухад ерөөсөө бичүүлж тэмдэглүүлэхгүйгээр сонсоод биеэрээ дасгал хөдөлгөөн хийж оролцдог онцлогтой. Суралцагч бид зүгээр л сонсоно, харин дасгалуудыг биечлэн хийж сурна.
Би энэ хичээлд сууснаар өвчин зовлонгүй, сэтгэл санааны стрессгүй аз жаргалтай байх ур чадварыг эзэмшсэн азтай хүн болсон.
Булган аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн Ц.Уранцэцэг
2013.09.25