Би ажлаа тарж ирээд хоол хийж эхэлтэл манай сонгино дуусчихжээ. Хөршийнхөөсөө л гуйхаас аргагүй. Намайг Цэндмаа гуайнд ороход дээд сургуульд сурдаг бага охин нь чихээ таглан ном уншиж ээж нь юм индүүдэж байв.
Хоёр тэрсхэн хүүтэй манайх гэж айлд зурагттай зэрэгцэн хүүхдийн дуу хадан чих дөжрөм чимээтэй байдгийн дэргэд эднийх номын сан шиг л нам гүм байх нь аятайхан. Тэгээд ч шүүгээ дүүрэн номтойг яана. Намайг оронгуут гэрийн эзэгтэй хийж байсан юмаа орхин босч "Суугаач миний дүү. Аяга цай уу. Чихэр ид" хэмээн сайхан загнаж, гал тогооны өрөөнөөсөө хоёр том сонгино авчирч өгөв. Тэднийд сууж энэ аятайхан зантай авгайтай ганц хоёр үг солин саатмаар байвч гал дээр хоол тавьчихсан, бас хоёр "дайсан"-даа санаа зовох зэрэгцээд дараа л нэг тухтай айлчлах ам өгч яаран гарч билээ. Манайх хотын захын хуучин байшинд амьдрах болсоор нилээд хэдэн сар өнгөрчээ. Хотын төвд тохитой угсармал байранд амьдарч дассан надад энд нүүж ирсэн эхний нэг сар үнэхээр хэцүү байж билээ. Шавар шохой нь холторч унаад, гаднаас нь харахад хүчтэй үлээхэд нураад уначихмаар харагдах энэ навсархай байшинг эргэн тойрныхон нь "бранк байшин" гэж нэрлэнэ. Галладаг зуухтай, хонгилынхоо мухарт хориод айл дундаа ганц жорлон, хүйтэн усны цорготой, чийг ханхалсан ийм оромжинд амьдарна гэдэг өнгөрсөн зуунд ирчихсэн мэт цухал төрүүлдэг юм. Энд амьдардаг хүмүүс гэж хятадын оёдлын үйлдвэрийн оёдолчин, тэтгэврийн хөгшчүүд, ажилгүйчүүд гээд дандаа ядарсан эмзэг давхаргынхан. Манай хажуугийн хоёр өрөөнд суудаг Цэндмаа гуайгаас бусад хөршүүдтэйгээ би нэг л дотносч чадахгүй байлаа.
Нөхөр маань Солонгост ажил хийж амьдралаа дээшлүүлэхээр явахдаа байраа барьцаалан зээл авснаас л бүх юм эхэлсэн. Очоод л ганц хоёрхон сарын дотор зээлээ төлчихнө гээд явсан хүн чинь ажил олдохгүй байна хэмээн хэдэн сарыг өнгөрөөгөөд, дараа нь бөөр нь өвдлөө гэж хэвтээд ард нь үлдсэн бид гуравт мөнгө төгрөг гавьтай явуулж чадсангүй жил тойрчихсон юм. Ингээд өндөр хүүтэй зээлнээс гарахын тулд байраа зарж энд нүүж ирсэн. Амьдралаа дээшлүүлэх гэсэн биш нэг шатаар доошлуулан хотын захын энэ хуучин байшингийн хоёр өрөө оромжинд амьдрах болсон нь энэ. Манай хөршүүдээс хамгийн аятайхан айл нь Цэндмаа авгайнх санагдана. Дээд сургуульд туслах багшаар ажилладаг энэ авгай том болсон хоёр сайхан охинтой. Харин нөхөр ньяасныг бүү мэд. Нас барсан юмуу гэтэл гэрт нь зул, зураг хөрөг үзэгддэггүй өөрөө ч тэр тухай үл ярина.
Намайг заримдаа элдэвт бухимдахад тайвшруулан "Зүгээр ээ миний дүү, чам шиг боловсролтой хүн юу алзахав. Эрүүл саруул байхад нэг л өдөр амьдрал сайхан болоод л ирнэ" хэмэээн намуухан дуугаар ярина.
Нээрээ л амьдрал сайхан болох байлгүй гэсэн горьдлого л намайг зоригжуулдаг байлаа. Түүнээс биш хотын захаас хар эрт хоёр хүүгээ хөтлөн автобусанд суун хотын төвд цэцэрлэгт нь өгөөд ажилдаа хожигдолгүй очих гэж бас нэг автобусанд сууна. Тэгээд ажлын өдөр дөнгөж эхэлж байхад л би хэдийнээ сульдаж гүйцсэн амьтан есөн цагтай уралдсаар амьсгаадан очно. Орой нь хүүхдүүдээ цэцэрлэгээс заавал оройтож аваад манаач өвгөнд нь загнуулна. Тэгээд дэлгүүрээр орж хүнсээ цуглуулаад тор дүүрэн юмтай, хоёр хүүгээ хөтлөн автобусанд чихэлдсээр ертөнцийн мухарт байх хуучин байшиндаа ирэхэд хамар сэтлэм хахуун үнэрт чийг ханхлан угтана. Тавтай, гуравтай, хоёр бандийн тоглох, хашгиралдах чимээнд хоол хийсээр орой болгоно. Үүнийг над шиг дөнгөж хорин долоотой залуу бүсгүйн амьдрал гэхэд хэцүү.
Гэвч хүн зовлонд дасдаг юм болохоор амьдраад л байлаа. Энд нүүж ирээд хагас жил боллоо. Хавар ирэхэд хүний сэтгэл бага ч гэсэн тэнийдэг бол энд нэг л бишээ. Манай энд явган хүний ч, машиний ч зам гэж цас хайлмагц шавар шавхайд нь гутлын өсгий шигдэн нэгшмэл муухай үнэр ханхална. Байшингаас гараад, суух ганц модон сандал ч үгүй тул хоёр хүүд минь тоглох битгий хэл хөөцөлдөөд гүйх тохмын чинээ ч тэгш талбай үгүй нь бухимдал төрүүлнэ. Нөхрөөс гавьтай мөнгө төгрөг ирэхгүй байлаа. Урьдын адил Цэндмаа эгчтэй хааяа хууч хөөрч бухимдлаа тайлдаг хэвээрээ. Хараад байтал тэдний том охин нь шөнө их оройтож ирэх бөгөөд ээж, дүү хоёртойгоо заримдаа нилээд ширүүн харьцах нь нимгэн хананы цаанаас дуулдана. Ер нь тэднийх анх танилцахад санагдсан шигээ тийм ч амгалан тайван айл биш гэдэг нь мэдэгдэж эхэллээ. Нэг орой хоёр хүүгээ унтуулчихаад ном уншиж хэвттэл гадаа эрэгтэй эмэгтэй хоёр хүн хэрэлдэж гарлаа. Цонхоор харвал Цэндмаа эгчийн том охин жийпнээс буугаад "Fuck you. Муу гичийний хүү" гэхчлэн чанга чанга хараасаар орц руугаа орж хаалга тасхийлгэх нь дуулдав.
Өндөр нуруу, урт хөлтэй, сүмбэ шиг л гоолигхон биетэй, задгай хүрэн үс намируулсан тэр охин хааяа тааралдахаараа гуниглангуй харцтай гоё нүдээрээ инээмсэглэн мэндлээд л зөрдөг сөн. Уг нь харах бүрт нүд баясгам сайхан бүсгүй. Бодоод байхад ээж нь бага охин Сарангаа л анагаахад сурдаг гэж ярихаас биш Нарангийнхаа тухай бараг ам нээдэггүй нь ямар учиртайг одоо л гадарлаж эхэллээ. Харамсалтай юм. Тийм сайн ээжийн ийм сайхан охин ингэж явах гэж дээ. Би санаа алдаад гэрлээ унтраалаа.
Хэд хоногийн дараа гадаа бас л бөөн дуу шуу болж манай байрныхан тэр аяараа л сэрцгээсэн биз. Цонхоор хартал Наранг хоёр залуу татаж чангаан баахан хэл ам болж байгаад нам болж машиндаа суун одоцгоов. Цаг шөнийн 00 өнгөрч байлаа. Энэ удаа хэрүүл гэрт нь үргэлжлэв. Бодвол ээж нь "Улс амьтнаас зовоход яадаг юм" гэсэн бололтой Нарангийн дуу хадаад явчихав.
-Та нарын сайн сайхан нэр төрийг би бузарлаад байна уу? Аргагүй ээ, та хоёр чинь над шиг бузар амьтад биш, тэгэхээс яахав. Хоёулаа эрдэм номын мөр хөөсөн, ёс суртахуун ярьсан, хүнд яавал сайн сайхан харагдах вэ гэж ядсан улсууд. Гэхдээ миний авчирсан бузар мөнгөөр амьдардагтаа ичихгүй ээ. Би энэ өмхий нүхнээс чинь яваад өгч чаднаа. Тэгэхдээ би муу, муухай ч гэсэн та хоёрыг далан мянган төгрөгөөр яаж амьдрах юм гэж өрөвдөх сэтгэл гэж байдаг юм. Ээж ээ, та намайг энэ хажуугийн хүүхэнд юу гэж ярьсан бэ. Яачихсан хүүхэд ийм байдаг юм. Сайн сайхан хүн болгох гэж яаж ч улайгаад дийлдэхгүй юм гээд л бөөн зовлон тоочсон уу? Эсвэл өөрийнхөө ярьдгаар боловсролтой сайхан хүний дүр үзүүлэх гээд ядаж байна уу? Алив Сараа босоод ир. Би хүйтэн юм уумаар байна. Юундаа муухай хараав. Би чиний төлбөрийг төлдөггүй юу. Чи амьдралын ухаан суухгүй бол анагаахын дээд төгсөөд эмчийн диплом өвөрлөөд л сайхан амьдарна гэвэл гонж мэдэв үү? гэхчлэн баахан агсам тавьж байгаад чимээгүй боллоо.
Маргааш нь ажил тарсны дараа Цэндмаа эгч хэдэн хуушуур барьсаар манайд гэмшингүй царайлан орж ирлээ. Тэгээд миний хийж өгсөн цайг оочлон санаа алдаж:
-Өчигдөр манай охин хашгичаад та нарыг унтуулсангүй юу? Эгч нь уучлал гуйх гэж явна. Хүүхдийн биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй юм даа. Уг нь энэ жил их сургууль төгсч байх ёстой хүүхэд. Сургуулиа хаячихаад замаа алдаж байна. Багадаа сайн л охин байсан. Эгч нь энэ хүүхдийг эрдэм номтой сайн хүн болгох гээд дийлсэнгүй хэмээн зовлон ярилаа. Надтай л адилхан эх хүн муу үр хүүхдээсээ болж энэлж зовж яваад нь би өрөвдөж байсан ч хэлэх юм олдохгүй сонсож суулаа. Ер нь ч би хүнд элдвийг зөвлөж цэцэрхээд байх дургүй хүн л дээ. Нөгөө талаар охинд нь бүх бурууг өгч болохгүй мэт санагдаад байсан юм. Тэгээд ч хүнийг зовлонгоо ярихад нь дуугүй л сонсох шиг их дэмжлэг байдаггүйг би мэдэх юм чинь. Тэр манайд нилээд удаан сууж хоёр хүүг минь өхөөрдөж байгаад овоо тайвшраад гарлаа.
Зуны эхээр нэг орой бага хүү маань гэнэт хүчтэй халуурч сандаргав. Түргэн дуудаж үзүүлээд эм тариа авах хэрэгтэй байлаа. Ийм л үед би тэсвэрлэшгүй ганцаарддаг байв. Энэ байрныхнаас хамгийн дотно ганц хөршийнхөөсөө тусламж гуйхаар орлоо. Цэндмаа эгч гэртээ байсангүй. Элсэлтийн шалгалтын комисст орчихсон гэртээ бараг ирэхгүй байгаа гэж бага охин нь хэллээ. Хүүхдийн эмэнд яваад өгөөч гэж би түүнээс гуйлаа. Маргааш шалгалттай болохоор одоо интернэтэд суух гэж байна, завтай бол яваад л өгмөөр байна хэмээн Сараа эвтэйхэн татгалзав. Намайг гэр лүүгээ орох гэж байтал Наран ирж яваад тааралдлаа. Мэндлээд зөрөх гэснээ:
-Миний дүү хоёр хүүг минь харж байхгүй юу. Бага маань халуураад эм тариа авах хэрэгтэй байна гэхэд тэр нүүр рүүгээ орж ирсэн үсээ хумин арагш шидээд:
-Тэгэлгүй яахав. Харин та хүүхдүүтэйгээ үлдсэн нь дээр байх. Би хувцсаа соличихоод очъё. гэж уриалгахан хэлэхэд нь сэтгэл амсхийгээд ирлээ.
Хэдхэн хормын дараа тэр өндөр өсгийтэй гутал бариу дэгжин цуваа сольж, пүүз, жинсэн хүрэмтэй орж ирээд эмийн жор, мөнгө аваад яаран гарч одлоо. Тэр эмийн сангаас ирээд ч гэртээ орсонгүй. Том хүүг хооллон унтуулах зэргээр үүр цайтал хамт сууж хань болсонд нь би яаж талархахаа мэдэхгүй баярлаж билээ.
Хоёр хүүг унтсан хойно тэр надтай хамт цайлж суухдаа миний нүд рүү эгцлэн ширтэж:
-Эртүүд би агсам тавиад та нарыг унтуулаагүй бол уучлаарай. Би буруу замаар будаа тээж яваа хүн гэдгээ мэднэ. Гэхдээ . . . гээд санаа алдсанаа үсээ чихнийхээ араар хавчуулаад:
-Ээж намайг муу охин л гэдэг юм. Би хоёрдугаар курст ортлоо их сайн хүн байх гэж их хичээсэн. Үнэхээр их хичээсэн. Би оюутны илтгэлийн уралдаануудад дандаа шалгарч байсан. Бүх шалгалтуудаа дандаа онц өгч байсан. Ээж намайг эрдэм номтой л хүн болох юм бол сайхан амьдарна гэж сургадаг байлаа. Өөрөө ч дээд сургуульд насаараа туслах багш хийж байгаагаараа бахархдаг юм. Гэхдээ бидэн шиг ядуу хүмүүст эрдэм ном сурснаар аз жаргал ирнэ гэж үү? Энэ чинь надад бараг доромжлол юм шиг санагддаг юм. Би улс төр судлаачийн ангид сурч байсан болохоор философи нилээд сонирхдог. "А бодомж А баримттайгаа дүйж байвал үнэн" гэдэг биз дээ? гэснээ яриагаа таслан над руу харж:
-Миний яриа танд яршигтай санагдаагүй биз дээ? гэхэд нь би:
-Үгүй ээ. Яалаа гэж. Маргааш тэгээд ч амралтын өдөр юм чинь. Би хааяа ч гэсэн ингэж ярилцаж суух дуртай гэхэд тэр инээж:
-Тан шиг ийм сайн сонсогчтой бол яриад л баймаар байдаг юм. Би юу гэж ярьж байлаа. Аа тийм. Тэгэхээр "Наран их эрдэмтэй хүн болбол сайхан амьдарна" гэдгийг А бодомж гэе. Гэтэл би их сургуулийг улстөр судлаачаар төгсөөд юу хийх вэ? Намайг заавал магистр төгсч байж багшлахыг зөвшөөрнө гэсэн. Тэр их мөнгө нь надад байхгүй. Тэгээд ч багшлаад сайндаа л ээжээс арай илүү цалин авах юм биз дээ? За тэгвэл ямар нэг намын аппаратад ажилд оръё гэтэл цалин багатай, тэгээд шалиг дарга нарынх нь зугаа гаргагч л болох юм байна лээ. Энэ тэгээд сайхан амьдрал мөн үү?
Тэгэхээр А бодомж А баримтаар батлагдахгүй нь. Ингээд л би сургуулиа хаячихсан. Тэгээд ч намайг гуравдугаар курсэд ороход Сараа бас арваа төгссөн. Хоёр оюутан охин ээжийн далан мянган төгрөгөөр хооллож, хувцаслаж, унаанд сууж, унаанд сууж, ном дэвтрээ авч их эрдмийн оройд хүрнэ гэдэг жинхэнэ үл гүйцэлдэх мөрөөдөл байсан. Энийг ээж мэддэг мөртөө л эрдэм сур, эрдэм сур гэнэ. Өөрөө тэр сайхан сургууль дээрээ ямар байдалтай ажилладаг гээч.
Гүзээлж хамар нь улайчихсан, хоцрогдсон хэдэн бэртэгчин өвгөн багш нарыг тэр доктор, энэ профессороо гээд л долигоноод цайг нь зөөж, архийг нь хундагалаад л, лекцийг нь хуулж өгөөд л яг л шивэгчин шиг. Тэгээд түүнийгээ мэдэхгүй, эрдэм номтой, боловсролтой хүмүүстэй ажиллах сайхан гэж ярина. Ой гутмаар. Та манай аавыг хаана байдаг бол гэж гайхдаг биз, тиймүү? Тэр чинь Сарааг төрөхөд хүү биш гэж голоод бид гурвыг хаяад явчихсан юм. Ээж маань амьдралын ямар ч ухаангүй хүн. Тэгэхэд л бүсээ чангалаад амьдралаа өөд татах, сургуулиас өөр газарт ажиллах боломж хайх байсан юм. Ядахнаа л Сараа бид хоёрт ажил сургаагүй. Ном унш, ном унш л гэнэ. Би сургуулиа хаячихаад солонгос айлд гэрийн үйлчлэгч хийж байхдаа харин хоол хийж, талх барьж, кимчи хүртэл дарж сурсан. тэр айлынхыг буцсаны дараа би нэг бааранд стриптиз үзүүлдэг болсон. Цалингийнх нь ахиуг бодоод л тэр. Тэгээд нуух юу байхав, гайгүй мөнгөтэй хүмүүс татаж чангаахаар нь үгүй гэхээ больсон. Шөнө бүхэн хоногоор арван мянга гээд зогсч байдаг янхан болоогүй л дээ. Та битгий тэгж бодоорой. Тэгэхдээ ингэж яваадаа би мэдээж их гутардаг. Тэглээ гээд яах юм, ном уншихаас өөр юм мэдэхгүй дүүгээ, сарын цалин нь хоолондоо ч хүрэхгүй мөртлөө сохроор эрдэм ном шүтсэн ээжийгээ яах юм бэ? Яая гэхэв. тэр хоёр миний муу муухайг гайхаад л олж ирсэн мөнгийг минь идэж, өмсч байгаа хүмүүс. Энэ байр энд амьдардаг хүмүүс, энэ ядуу хүмүүс, шавар шавхайтай гудамж, бид хоёрыг хаяж явснаасаа хойш ганц удаа "Яаж байна" гэж асуугаагүй эцгээ бодохоор ой гутдаг юм.
Сараа сайн охин. Тэгээд яаж байна, хажуу айлынх нь хүний хүүхэд нь өвдчихөөд байхад шалгалттай гээд л яваад өгч байгаа юм. Өөрөө эмч болох хүн шдээ.
Эмч хүний энэрэнгүй сэтгэлийг тэр номноос олж авах юм уу бүү мэд. Төрсөн дүү минь Дамдинсүрэн гуайн зохиолд гардаг "Гологдсон хүүхэн" байхгүй юу. Бид хоёр орчин үеийн гологдсон хүүхнүүд гээд ширээг гараараа үрчин суулаа.
Надад хэлэх үг олдсонгүй. Худлаа сургаал хэлэлтэй биш. Надад түүний яриа их юм бодогдуулсан юм. Тэр инээмсэглээд:
-Сэтгэлээ онгойтол ярих сайхан юмаа. Танд л гэж хэлэхэд энэ байшин тан шиг хүний байх газар биш шүү. Нөхрийнхөө явуулсан мөнгийг цуглуулж байгаад энэ оромжноос л хурдхан нүүгээрэй. Энд үлдэх юм бол бидэн шиг шаарлагдсан хүмүүсийн нэг болно доо гэчихээд гараад явсан юм. Түүнийг муу охин гэж бодож байсандаа би их л ичиж билээ.
Хүүгийн маань халуун буугаад хөлс нь бурзайчихсан хөөрхөн унтаж байлаа.
www.URLAG.mn