АНУ-ын реппер Эминем Австралийн усны хувцасны “Swim Shady” брэндийн эсрэг зарга үүсгэжээ. Тэрбээр “Swim Shady” гэдэг нэрийг “Slim Shady” гэх реп нэртэй нь хэтэрхий төстэй байна гэж үзсэн. Эминем өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын Патент болон барааны тэмдгийн газарт өргөдөл гаргаж, “Swim Shady” брэндэд олгосон барааны тэмдгийг цуцлахыг шаарджээ. АНУ-ын хуулиар тус компани ирэх долоо хоног гэхэд өргөдөлд хариу өгөх ёстой.
Австралийн брэндийг Эминемтэй холбоо хамааралтай мэт харагдаж, төөрөгдөл үүсгэсэн гэж буруутгаж байна.
Харин “Swim Shady” брэнд бууж өгөхгүй, өөрсдийн үнэт оюуны өмчөө хамгаална гэж мэдэгдэв. Тус компани 2023 оны есдүгээр сард энэ нэрээ бүртгүүлсэн бөгөөд 2024 оноос зах зээлд албан ёсоор бүтээгдэхүүнээ нийлүүлжээ. Брэндийн анхны нэр нь “Slim Shade” байсан ч энэ оны эхээр “Swim Shady” гэсэн барааны тэмдгийг АНУ-д бүртгүүлжээ.
“Swim Shady” брэнд нь далайн эрэгт ашигладаг зөөврийн нарны шүхэр, усны хувцас хэрэгсэл хийдэг цүнх болон бусад дагалдах хэрэгслийг борлуулдаг.
Эминемийн хувьд ижил нэртэй цомгоо гаргасныхаа дараа буюу 1999 онд “Slim Shady” гэсэн нэрийг АНУ-д бүртгүүлсэн. Гэхдээ Австралид тус нэрээ энэ оны нэгдүгээр сард л бүртгүүлсэн аж.

