Уйлаад суух эр хүний нулимс зүрх даган урсах нь хоолой зангируулна
Учирлаад хэлэх үгээ гомдолтойгоо залгин байгаа түүний харц гунигтай
Уул шиг нөмөртэй эр хүний нулимс сэтгэл сэмлэхэд санаашрал нөмөрлөө
Уртаар санаа алдан мэгшин байгааг нь харах тоолонд уйтгарт автлаа…
Амьдралыг тэр үзэн ядаагүй гомдсон зүрхний хязгаар нь хил давсных
Авааль гэргийгээ тэвчихээ байж цээжээ даран мэгших нь тэр байлаа
Аргагүй гомдсон түүний нулимс ямар их харуусал дагуулан урсаа бол
Аашиндаа баригдсан эхнэрүүд эрээ цээртэй баймаарсан даа…
Үүлний сиймхийгээр тусах нарны туяа шиг итгэл зуурдынх хүмүүс минь
Үрдээ хорогдох эр хүний сэтгэл хадаг шиг сэмрээд ирэхэд хэцүү шүү
Үгүйсгэж болохгүй үнэнтэй нүүр тулаад ирэхийн цагт ойлговч оройтно
Үүргэвчиндээ хувцасаа хийгээд эргэж харалгүй явдаг эр хүн хатуу шүү…
Харамсаж халаглаад хичнээн гуйвч сэтгэл нь эргэдгүй эр хүнийг
Хайрыг нь дааж явах тийм амар биш болохоор эхнэрүүд минь
Хүний сайхан бүстэй үрийг хүндлэн дээдэлж аалиндаа зөөллөж
Хатуу ширүүн зангаар дайрч давшилахаа азнаарай хүүхнүүд минь…
Сайхан эр хүнийг уйлуулан байгаа муухай монгол эхнэр болохгүй юмсан
Санчигны үсэндээ буурал суутал цайгаа хуваах тийм л эхнэр байхсан
Сайн муу нь тэнцүүхэн хослон байгаа хүний амьдралыг аргадаж
Санаа алдуулан харуусалд хөтлөхгүй тийм л эхнэрүүд болохсондоо…
Гаднаа хатуу ширүүн эр хүний сэтгэл хүүхэд шиг зөөлөн байдаг юмаа
Гэр бүлээ сэтгэлдээ тээн зүтгэн яваа түүнийг ойлгож хайрлаарай
Гадаа гандаж хүйтэнд хөрөх тэд байхгүй бол гэр эзгүйрч хүйт даана
Гэргий болсон хүүхнүүд минь гарын хоолоо харамгүй хийж өгөөрэй…
Амьдралын төлөө зүтгэн байгаа тэднийг бид дэмжин туслахгүй бол
Амьсгал нь давхцаад гомдол нь дүүрээд ирдэг нь гарцаагүй үнэн
Ажилдаа түүртэн аашлах хүмүүс дунд толгой эргэн ядраад ирэхэд нь
Аяга цайг нь дөхүүлээд аргадаж зөөллөх итгэл өгөх хүч нь бид шүү дээ..
Толины өмнө эргэлдэх зав гаргадаг мөртлөө эхнэрүүд бид чинь үнэндээ
Төрүүлсэн үрсийнхээ эцгийг халамжлах цагаа багасгаад байна уу даа
Тэрүүхэндээ дуугаа хураах эр хүн чимээгүй дотроо л гомдон байдаг юм
Тэрийг нь ойлгохгүй бол бүстэй хүн бүсээ алдуурч хол явдаг юм шүү…
Хэрүүлийн алим хувааж хазлах хэмжээ ихэдвэл хор болон хувирна
Хэрээс хэтэрсэн зүйл шаардаад байвал нөхрүүдэд минь зовлон болно
Хайр, халамж, хардалт бүрийнхээ тунг нь тааруулж чадвал бүсгүй минь
Хатан ухааны титэм харагдахгүй ч тэргүүнд гийгээд ирдгийг ажаарай…
.Кана.Б