Өнөөдөр удам залгасан уран бүтээлч, Гавьяат жүжигчин С.Ариунбямбын мэндэлсэн өдөр. Монголын тайз, дэлгэцийн урлагийн тод сод уран бүтээлч С.Ариунбямба СУИС-ийг 2000 онд төгсөж, ажлын гараагаа аавынхаа ажиллаж байсан Дундговь аймгийн Төв халх дуулалт жүжгийн театраас эхэлжээ. Тэрбээр тайзнаа “Худалч эхнэр” жүжгийн Уильям, “Гэрлэх гэсэн нь” жүжгийн Кочкарев гэх зэрэг дэлхийн болон Монголын 50 гаруй сонгодог жүжгүүдэд гол болон туслах дүрүүдэд тоглосон байдаг. Харин дэлгэцийн уран бүтээлийн гараагаа 2002 онд “Гашуун аялгуу” кинонд тоглосноор эхэлж, улмаар “Ану хатан” түүхэн уран сайхны киноны Данжила баатрын дүрээр үзэгчдийн эчнээ танил болж, өнөөдрийг хүртэл 30 гаруй дэлгэцийн уран бүтээлд тогложээ.
Өнгөрсөн жил тэрбээр “Mongol stunt team”-ийн “В1 давхар” адал явдалт уран сайхны кино, “Хурд” хамтлагийн 30 жилийн ойдоо зориулан “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэсэн бүтээсэн “Бүсгүй” уянгын драмын кино, “Ai production”-ы “Тэг цэг үйлдэл” сэтгэлзүйн триллер уран сайхны киноны гол дүрээр үзэгчилтэй уулзсан юм. Харин тун удахгүй буюу хоёрдугаар сарын 26-наас түүний гол дүрд нь тоглосон, найруулагч Б.Гарамхандын “Нийгмийн дайсан” уран сайхны кино бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болох гэж байна.

