“Blackpink” хамтлагийн Жисүгийн хуульч сүүлийн үед гарч буй гэр бүлтэй холбоотой маргаантай холбоотой цуурхлуудад хариу болгон албан ёсны мэдэгдэл гаргасан байна.
Дөрөвдүгээр сарын 16-нд Жисүгийн ах нэгэн эмэгтэй нэвтрүүлэгчийг бэлгийн дарамтанд оруулсан хэргээр баривчлагдсан гэх мэдээлэл цацагдсан. Мөн түүний эхнэр гэх нэгэн эмэгтэй “гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан” гэж мэдэгдсэн байна.
Тиймээс Жисүгийн өмгөөлөгч, уран бүтээлч болон компани уг асуудалтай ямар ч холбоогүй болохыг тодруулсан албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэл:
BLISSOO-г төлөөлж буй “Kim & Chang”-ийн өмгөөлөгч Ын Хён Хо байна.
Онлайн орчинд тарж буй мэдээллийн ихэнх нь баталгаажаагүй, илт худал мэдэгдэл юм.
Уран бүтээлч бага наснаасаа дадлагажигчийн амьдралаа эхэлж, олон жилийн турш гэр бүлээсээ тусдаа бие даан амьдарч ирсэн. Иймд тухайн хүний хувийн асуудлыг мэдэх, оролцох боломжгүй юм.
BLISSOO-г байгуулах бэлтгэл үе шатанд уран бүтээлч гэр бүлийн гишүүдээс тодорхой хэмжээнд зөвлөгөө, холбогдох талуудтай харилцахад дэмжлэг авсан нь үнэн. Гэвч тухайн үед ч, одоо ч гэр бүлийн гишүүд BLISSOO-оос ямар нэгэн цалин, урамшуулал аваагүй бөгөөд удирдлага, шийдвэр гаргалтад оролцож байгаагүй. Үүнээс хойш компани нь гэр бүлийн оролцоогүйгээр бүрэн бие даан үйл ажиллагаа явуулж байна.
Ялангуяа зарим хэвлэл мэдээлэл, онлайн орчинд гарч буй “тухайн хүн компанийн хамтран үүсгэн байгуулагч” эсвэл “BLISSOO-ийн удирдлагад багтдаг, эсвэл гүйцэтгэх захирал” гэх мэт мэдээлэл нь бүрэн худал болохыг онцлон мэдэгдэж байна. Тухайн хүн BLISSOO-той хууль эрх зүйн болон удирдлагын ямар ч холбоогүй.
Цаашлаад BLISSOO болон уран бүтээлч тухайн хүнд санхүүгийн болон хууль зүйн ямар ч дэмжлэг үзүүлээгүй бөгөөд цаашид ч үзүүлэх төлөвлөгөөгүй. Мөн уран бүтээлч энэ асуудалтай холбоотойгоор тухайн хүнтэй ямар ч харилцаа, оролцоо байхгүй.
Худал мэдээллийг үргэлжлүүлэн тараах, мөн уран бүтээлчийн нэр, дүр төрх, зургийг холбоогүй асуудалтай холбон ашиглах нь эрх зөрчсөн, гүтгэлэгт тооцогдоно.
Иймд манай хуулийн баг дараах үйлдлүүдийн эсрэг иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүхий л арга хэмжээг шуурхай авна гэдгийг хатуу анхааруулж байна:
- Худал мэдээлэл, гүтгэлэг агуулсан контент бүтээх, тараах
- Уран бүтээлчийн нэр, дүр төрх, зургийг холбоогүй асуудалд ашиглах
- Баталгаажаагүй, таамагт тулгуурласан мэдээлэл нийтлэх, түгээх” гэжээ.

