“Сэргэлэн охин Ян Сун” цувралын Хан Китэйгийн дүрээр монголчуудад танигдсан жүжигчин Жан Хёг Монголд зочлоод нутаг буцжээ. Тэрээр БНСУ-ын KBS телевизийн бүтээж буй түүхэн олон ангит киноны зураг авалтаар Монголд ирээд, өчигдөр зураг авалтаа дуусгажээ. Мөн дэлхийн адууны өдрийг тохиолдуулан “Монгол адууны диваажин НҮТББ”-ын тэргүүн Б.Наранбадрахтай хамтран адууны тухай ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон байна. Тус нэвтрүүлэг тавдугаар сарын нэгнээс үзэгчдэд хүрэх аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталсан. Тогтоолын дагуу энэхүү өдрийг долоодугаар сарын 11-ний өдөр дэлхийн улс орнууд анх удаа Монголд тэмдэглэнэ. Энэ хүрээнд 10 мянган морьтны ёслолын жагсаалаас эхлээд олон үйл ажиллагааг Хүй долоон худагт зохион байгуулагдах юм.
Уг жагсаалд Солонгосын алдарт жүжигчин Жан Хёг оролцох юм. Түүний хувьд анх манай улсад 16 жилийн өмнө хөл тавьж байсан бол сүүлд 2023 онд “Хүргэлт ирлээ” шоу, 2025 онд К-Мега тоглолтод оролцохоор ирж байсан юм. Тэрбээр мянгатын баатрын дүрээр энэхүү жагсаалд жагсах юм байна. Жагсаалд Жан Хёгоос гадна өөр тив, дэлхийд алдартай хүмүүс морины элч төлөөлөгч болж уг парадад оролцох аж.

