“BTS” хамтлаг АНУ-ын хамгийн алдартай жигнэмэгийн брэнд “Oreo”-той хамтарч ажиллаж байна. 100 гаруй жилийн настай “Oreo” брэнд хязгаарлагдмал тоогоор гаргаж буй шинэ бүтээгдэхүүнээ “BTS”-тэй хамтран сурталчилснаар дэлхий нийтийн анхаарлыг илүү их татаж, борлуулалтаа өсгөх юм. Нөгөө талаас энэ хамтын ажиллагаа нь “BTS”-д ч ашигтай.
Зургадугаар сарын 1-нээс худалдаанд гарах “BTS” жигнэмэгийг дэлхийн 80 гаруй оронд худалдаалах бөгөөд Өмнөд Солонгосын алдартай гудамжны хоол болох “hotteok”-ны амттай. Энэ нь гурилан зуурмаг дотор бор элсэн чихэр, шанцай, самар хийж хавтгайлаад тосонд шарж хийдэг шарвин маягийн хоол юм. Харин гадаад үзэмжийн тухайд гүн үзмэн ягаан өнгөтэй. Энэ нь “BTS”-ийн шүтэн бишрэгчдийн бүлэг болох “ARMY”-ийн бэлгэдэл өнгө юм.
Жигнэмэгүүд дээр 13 төрлийн сийлбэр зураг бий. Долоон төрөл дээр нь хамтлагийн долоон гишүүний нэрийг сийлсэн байна. Мөн гурван төрөл нь нэг дор бүрдэж байж, нэг дүрс үүсгэнэ.




