МЗЭ-ийн шагналт яруу найрагч, "Болор цом"-ын эзэн А.Эрдэнэ-Очир Бүгд найрамдах Македон улсын Струга хотноо болох дэлхийн яруу найргийн 53 дугаар их наадамд оролцохоор болжээ. Өмнө нь энэ наадамд манай улсаас яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Г.Аюурзана, Дан.Нямаа, Ц.Бавуудорж, зохиолч Б.Золбаяр, нэрт гүүш Ж.Гэндэндарам, “Болор цом” наадмын тэргүүн шагналт, модернист яруу найрагч Б.Галсансүх нар оролцож байсан юм.
Харин энэ удаа А.Эрдэнэ-Очир оролцож, орон орны яруу найрагчдад зориулан англи, монгол хэлээр шүлгээ уншиж сонирхуулах гэнэ. Тэрбээр тус наадамд оролцох урилгыг өнгөрсөн долдугаар сард хүлээн авчээ. Тус наадмыг зохион байгуулагчдын зүгээс А.Эрдэнэ-Очирыг өөрийн намтар болон таван шүлгээ англи, франц хэлээр хөрвүүлж, ирэхийг хүссэн байна. Мөн сүүлд хэвлүүлсэн уран бүтээлийг нь номын үзэсгэлэнд тавихаар болжээ.
Дэлхийн яруу найргийн наадам энэ сарын 21-25-ны өдрүүдэд болно. Дэлхийн яруу найрагчдын их чуулган нь орон орны яруу найрагчдын дундаас авьяас чадвараараа ялгарч чадсан “Алтан титэм”-ийн эзнийг тодруулдаг аж.
Ийнхүү “Алтан титэм” хүртсэн найрагч өөрийн нэрэмжит модоо Струга хотын “яруу найргийн цэцэрлэгт хүрээлэн”-д тарьдаг юм байна. Тэрхүү цэцэрлэгт Андрей Вознесенский, Аллэн Гинзбэрг, Иосиф Бродский, Нобелийн шагналт зохиолч Шиймус Хээни, Томас Транстрүмэр нарын тарьсан модод өдгөө ч өтгөн саглагар навчсаараа намрын зөөлөн салхийг хөглөж, найраг шүлгийн онгод хөгжөөн байдаг гэнэ.
www.URLAG.mn