Японд 2021 онд нээлтээ хийсэн “A Witch’s Life in Mongol” нэртэй цуврал манга бүтээлээр санаа авсан “Jaadugar: A Witch in Mongolia” цуврал хүүхэлдэйг ирэх сард олны хүртээл болгохоор төлөвлөж буй.
Тэгвэл уг цувралыг бүтээж байгаа “Cyber Agent” агентлагаас цувралд дуу оруулсан хүмүүсийн нэрсийг өнгөрсөн Баасан гарагт зарласан байна. Цувралд Катаонами дэвжээний монгол бөхчүүд болох Тамаваши Б.Мөнх-Оргил, Тамашохо Э.Энхманлай нар дуу оруулсан аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, Б.Мөнх-Оргил Чингис хааны дүрд, Э.Энхманлай монгол цэргийн дүрд дуу хоолойгоо мөнхөлжээ. Мөн тэдний яриаг англи хадмал орчуулгаар хүргэхээ агентлагаас мэдэгдсэн юм.
Уг бүтээл Японд долдугаар сарын 4-нөөс цацагдаж эхэлнэ. Эхний хоёр анги нэг цаг гаруй үргэлжлэхээр төлөвлөсөн байна.

