Залуу уран бүтээлч Н.Цэвэлмаагийн “СЭТГЭЛИЙН ЧИМЭЭ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Маршал арт галерейд 2014 оны 08.29-09 сарын 09-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах гэж байна. Дүрслэх урлагийн түүхэнд уран бүтээлчид түүxийн цаг үе бүxэнд суурь уран зураг, реализмын чиглэлийг баримталж уран бүтээлч болсон замналтай байдаг бөгөөд залуу уран бүтээлч Н.Цэвэлмаа суурь уран зургийг эрхэмлэдэг юм.
2010 онд СУИС-ын Дүрслэх урлагийн сургуулийг дүүргэснээс хойш дүрслэх урлагийн салбарт хүчээ сорьж яваа уран бүтээлч юм. Аливаа уран бүтээлч өөрийн зургандаа дүрслэгдэх бүхнийг өөрөө үзэхийг эрмэлзэж байдаг. Тийм ч учраас зураач бүсгүй “Балет”-ын урлагийг судлан, хичээллэж шимтсээр түүний бүтээлийн сэдвийн ихэнхи хувийг “Балет” эзэлдэг бөгөөд гэгээлэг, уян зөөлөн, гоо сайхан зүйлийг илэрхийлэхийг зорьдог.
Хүнд ховорхон заяадаг эл авьяасын уян налархай хэрнээ бас эгзэгтэй хэсэг зураач бүсгүйн бүтээх онгодыг хөглөсөөр 2010 онд “Сонгодог” нэртэй үзэсгэлэн гаргасан бөгөөд энэ удаагийн “Сэтгэлийн чимээ” үзэсгэлэн нь түүний 2 дахь бие даасан үзэсгэлэн юм. Уг үзэсгэлэнд бидний зайлшгүй эзэмших ёстой хөдөлмөрч, уйгагүй, шаргуу зүтгэлийн тухай зураач маань бүтээлч сэтгэлгээгээр хандан уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлсэн 30 орчим хөрөг зургуудаас бүрджээ.
Хөрөг зураг нь сэтгэлгээний баялаг байдлаараа амьдарлын баяр баясгалан, нарийн нандин бүхнийг зураач өөрийнхөөрөө ойлгож хүний зан араншин, бодол, санаа, мэдрэмжийг уг байгаа хүнд өөрөө хэрхэн хандаж байгаагаа оруулж өгдөг онцлогтой билээ. Тийм ч учраас түүний хөргийн баатрууд мэргэжлээрээ болон ажлын талбартаа тэргүүлэгчид, баялаг туршлагын эзэд байдаг. Чухамхүү тэднээс үлгэр авахыг бүтээлээрээ дамжуулан та бидэнд зөвлөх мэт санагдана мөн охид бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдлийг шингээсэн уянгын зохиомжууд нь Н.Цэвэлмаагийн зохиосон хайрын тухай шүлгүүд мэт илэрхийлэгджээ.
Оргилуун хүсэл, дэврүүн мөрөөдлөөр жигүүрлэсэн залуу зураач бүсгүйн бүтээлүүд амьдралыг хичнээн хайрладагийг илтгэхийн хамт, хорвоо ертөнцийг сайн сайхнаар дүүргэхийн тулд хүн бүхэн хувь нэмрээ оруулахыг үзэгч биднээс уриалж байна. Уран бүтээлч бүсгүйн Дүрслэх урлагийн суурь уран зургийн төлөөх сэтгэлийн чимээг түүний бүтээлүүдээс сонсоцгооё.
Үзэсгэлэнгийн нээлт: 2014 оны 08 сарын 29-ны 17:00 цагт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99178247 утаснаас лавлана уу.