Японы алдартай зохиолч Хигашино Кэйго хорт хавдрын улмаас 68 насандаа таалал төгссөн тухай түүний бүтээлийг хэвлэн нийтлэгчид мэдээлжээ. Тэрбээр энэ сарын 23-нд таалал төгссөн байна.
Детектив зохиолын “хаан” гэгддэг Хигашино Кэйго 1958 оны хоёрдугаар сарын 4-нд Осака мужид төрсөн бөгөөд мужийнхаа их сургуулийг инженер мэргэжлээр төгсжээ.
1985 онд 27 настайдаа, мэргэжлээрээ ажиллаж байхдаа туурвисан “Хокаго” (Хичээлийн дараа) романаараа зохиолчийн гараагаа эхлүүлсэн байна. Уг бүтээл нь Японы адал явдалт зохиолын нэрт төлөөлөгч Эдогава Рампогийн нэрэмжит шагналыг хүртжээ.
Тэрбээр адал явдалт төрлөөр олон бүтээл туурвиж алдаршжээ. 1998 онд анх хэвлэгдсэн “Мөрдөгч Галилей” цувралын гол дүрийн баатар нь суут физикч байдаг бөгөөд эзэмшсэн мэдлэг, ухаанаа гэмт хэргийг илрүүлдэг. Тус цувралын “Сэжигтэн X-ийн үнэнч байдал” (“Сэжигтэн X-ийн золиос” нэрээр мөн хэвлэгдсэн) ном нь 2006 онд Японы утга зохиолын нэр хүндтэй Наокигийн шагналыг хүртсэн байна.
Хигашино зохиолынхоо үйл явдлыг санаанд оромгүй эргэлтээр өрнүүлж, дүрүүдийн сэтгэл зүйг гүнзгий гарган дүрсэлдгээрээ алдаршсан зохиолч байв.
Түүний бестселлер бүтээлүүдийн тоонд “Шөнө дундын наран доорх зугаалга” (мөн “Шөнө дундын нар” нэрээр хэвлэгдэж байсан) зохиол, “Мөрдөгч Кага” болон “Багт наадам” цувралууд нь зүй ёсоор багтдаг.
Хэвлэн нийтлэгчдийн мэдээлснээр, Хигашино нийт 106 ном туурвисан бөгөөд түүний хамгийн сүүлчийн бүтээл ирэх наймдугаар сарын 5-нд хэвлэгдэх ажээ. Түүний бүтээлүүд зөвхөн Японд гэхэд 109 сая орчим хувь хэвлэгдэж, дэлхийн 41 улс, бүс нутагт орчуулагдан гарсан байна.

