Сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрийн хуучин номын дэлгүүрүүдэд төрөл бүрийн номыг бөөнөөр нь худалдан авах ер бусын захиалга нэмэгдэх болжээ. Хоорондоо сэдэв, төрөл жанрын ямар ч холбоогүй номуудыг их хэмжээгээр захиалж байгаа нь эдгээр худалдан авалтын цаана хиймэл оюуны компаниуд байж болзошгүй гэх хардлагыг төрүүлээд байна.
Их Британийн хуучин номын салбарын томоохон компаниудын нэг “Barter Books”-ийн хамтран эзэмшигч Стюарт Мэнли 30 жилийн турш энэ салбарт ажиллахдаа хуучин номын эрэлт ийм өндөр түвшинд хүрч байсныг өмнө нь харж байгаагүй гэжээ.
Хуучин номын эрэлт ийнхүү огцом нэмэгдсэнийг хиймэл оюуны загваруудыг сургахад шаардлагатай асар их хэмжээний өгөгдөлтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, компаниуд биет номыг худалдан авч, сканнердан дижитал хэлбэрт шилжүүлж, агуулгыг нь хиймэл оюуны сургалтын өгөгдөл болгон ашиглаж байж болзошгүй юм.
Эл хандлага “Anthropic” компанитай холбоотой шүүхийн баримтуудаас ч ил болсон байна. Тус компани “Claude” хиймэл оюуны загвараа сургах зорилгоор биет номыг сканнердаж байсан бөгөөд уг ажлыг компанийн дотоодод “Project Panama” хэмээн нэрлэж байжээ.
“404 Media”-ийн судалгаагаар “Amazon”-ын ажилтнууд номын ISBN буюу олон улсын стандарт дугаарыг сканнердаж байсан нь тогтоогджээ. Үүнээс үүдэн хиймэл оюуны компаниуд ISBN дугаарыг ашиглан номын сангуудыг системтэйгээр шалгаж, шаардлагатай бүтээлүүдээ хайж байж болзошгүй гэх таамаг гарсан байна.
Ийм төрлийн ер бусын захиалга зөвхөн Их Британид ажиглагдаагүй байна. Нидерландын “De Vries” номын дэлгүүрийн эзэн Питер де Врис ч үүнтэй төстэй захиалга хүлээн авчээ. Тэрбээр эхэндээ уг цахим шууданг спам эсвэл залилангийн оролдлого гэж сэжиглэсэн ч Нидерландын бусад номын худалдаачдад мөн ижил төрлийн хүсэлт ирснийг олж мэдсэн байна.
Ийнхүү дэлхийн хуучин номын дэлгүүрүүдэд ажиглагдаж буй гэнэтийн эрэлт нь хиймэл оюуны салбарын өгөгдлийн хэрэгцээ хэвлэмэл номын зах зээлд хүртэл нөлөөлж эхэлсэн үү гэсэн асуултыг бий болгож байна. Хэдийгээр ер бусын захиалга бүрийн цаана хиймэл оюуны компани байгаа нь нотлогдоогүй ч биет номыг хиймэл оюуны загвар сургах зорилгоор дижитал хэлбэрт шилжүүлж байсан бодит тохиолдлууд энэ хардлагыг улам хүчтэй болгожээ.

