Монголын уран зургийн галерей нь жил бүр “Байнгын үзэсгэлэн”-г зохион байгуулж, сан хөмрөгт хадгалагдаж буй сор бүтээлүүдээ үзэгч, олон нийтэд толилуулдаг.
2026 оны “Байнгын үзэсгэлэн”-гээр нийт зургаан үзэсгэлэнгийн танхимд зургаан сэдэвчилсэн үзэсгэлэнг дэглэн хүргэж, та бүхэнд цувралаар танилцуулж байна.
Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, нэрт зураач Ч.Батмөнхийн усан будгийн бүтээлүүд нь эх орны уудам орон зай, нүүдэлчдийн аж амьдралын торгон агшнуудыг цааснаа мөнхөлсөн уран сайхны хосгүй цуврал билээ. Будаг нь хуурайших хугацаа тун ч богино тул зураачаас асар соргог мэдрэмж, эрс шийдэмгий барилтыг шаарддаг эл амаргүй төрлийг Батмөнх мастер гайхалтай төгс эзэмшжээ. Түүний арга барилын гол онцлог нь нэг амьсгаагаар, дахин давхарлахгүйгээр шууд уусган зурах усан будгийн сонгодог “алла прима” (alla prima) техникт оршдог. Тэрээр цаасны цагаан дэвсгэрийг гэрэл болгон ашиглаж, будгийн уусмалыг агаар мэт тунгалаг хэрнээ гүн харагдуулж чаддагаараа гайхагддаг.
Зураачийн барьж авсан “Агшин” болон түүний нээсэн “Орон зай” нь бүтээл тус бүрээс нь тодхон мэдрэгдэнэ. Тухайлбал “Орхоны хөндий”, “Халх голын төв хэсэг газар”, “Зулзагын гол” зэрэг судалбаруудад усны тусгал, тэнгэрийн хаяа, үүлсийн нүүдлийг будгийн уусалт, урсалтын тусламжтайгаар тун ч амьд, агаарлаг уур амьсгалтай үзүүлжээ. Тэрээр байгалийн гэрэл сүүдрийг шууд харж хуулах гэхээс илүү тухайн цаг хугацааны агаар мандал, чийглэг байдал, салхины эрчийг өнгөний нарийн мэдрэмжээрээ амилуулдаг онцлогтой. Үүнийг “Хужиртын намар”, “Баян цагаан судалбар”, “Шинэ нутаг” цувралаас харж болох бөгөөд монгол орны тал хээрт тусах нарны шаргал туяа, хөрсний чийг, дов толгодын алслалтыг дулаан бөгөөд зөөлөн өнгөөр зохицуулж, уудам байгалийг нүднээ харагдах мэт дүрсэлсэн байна.
Түүний уран бүтээлийн өөр нэгэн онцгой хуудас бол цэрэг-түүхийн буюу баталист сэдэвт бүтээлүүд юм. Зураачийн “Гүүрээр” хэмээх зургийн зохиомжид модон гүүрний бат бөх тулгуурууд болон голын усны тусгал нь босоо, хэвтээ шугамын төгс тэнцвэрийг үүсгэх ба арын дэвсгэр дэх бүрхэг тэнгэр, үүлсийн хуралдалт нь түүхэн цаг үеийн эгзэгтэй бөгөөд сүр жавхлант уур амьсгалыг илтгэнэ. Сонгодог баталист зургийн нүсэр байдлыг усан будгийн хөнгөн, агаарлаг шинжтэй хослуулсан нь Батмөнх зураачийн техникийн өндөр ур чадварын илрэл юм.
Морины явдал дунд, хадлангийн талбайд эсвэл нүүдлийн жимд зураачийн соргог нүдээр тэмдэглэгдэн үлдсэн “Адуун бэлчээр дээр”, “Үд судалбар” зэрэг зургууд нь нүүдэлчин ахуйн амар амгалан, бодит хэмнэлийг товч бөгөөд тод шугамаар илэрхийлжээ. Эдгээр бүтээлүүд нь цаг хугацааны торгон агшныг барьж, орон зайн уудмыг мэдрүүлснээрээ Монголын дүрслэх урлагийн дахин давтагдашгүй түүхэн баримт болон үлдэж буй юм.


