Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт зураач Ч.Батмөнхийн “Агшин ба орон зай” үзэсгэлэнг толилуулж байна
Үзэсгэлэн

Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт зураач Ч.Батмөнхийн “Агшин ба орон зай” үзэсгэлэнг толилуулж байна

Урлаг Урлаг24/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын уран зургийн галерей нь жил бүр “Байнгын үзэсгэлэн”-г зохион байгуулж, сан хөмрөгт хадгалагдаж буй сор бүтээлүүдээ үзэгч, олон нийтэд толилуулдаг.

2026 оны “Байнгын үзэсгэлэн”-гээр нийт зургаан үзэсгэлэнгийн танхимд зургаан сэдэвчилсэн үзэсгэлэнг дэглэн хүргэж, та бүхэнд цувралаар танилцуулж байна.

Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, нэрт зураач Ч.Батмөнхийн усан будгийн бүтээлүүд нь эх орны уудам орон зай, нүүдэлчдийн аж амьдралын торгон агшнуудыг цааснаа мөнхөлсөн уран сайхны хосгүй цуврал билээ. Будаг нь хуурайших хугацаа тун ч богино тул зураачаас асар соргог мэдрэмж, эрс шийдэмгий барилтыг шаарддаг эл амаргүй төрлийг Батмөнх мастер гайхалтай төгс эзэмшжээ. Түүний арга барилын гол онцлог нь нэг амьсгаагаар, дахин давхарлахгүйгээр шууд уусган зурах усан будгийн сонгодог “алла прима” (alla prima) техникт оршдог. Тэрээр цаасны цагаан дэвсгэрийг гэрэл болгон ашиглаж, будгийн уусмалыг агаар мэт тунгалаг хэрнээ гүн харагдуулж чаддагаараа гайхагддаг.

Зураачийн барьж авсан “Агшин” болон түүний нээсэн “Орон зай” нь бүтээл тус бүрээс нь тодхон мэдрэгдэнэ. Тухайлбал “Орхоны хөндий”, “Халх голын төв хэсэг газар”, “Зулзагын гол” зэрэг судалбаруудад усны тусгал, тэнгэрийн хаяа, үүлсийн нүүдлийг будгийн уусалт, урсалтын тусламжтайгаар тун ч амьд, агаарлаг уур амьсгалтай үзүүлжээ. Тэрээр байгалийн гэрэл сүүдрийг шууд харж хуулах гэхээс илүү тухайн цаг хугацааны агаар мандал, чийглэг байдал, салхины эрчийг өнгөний нарийн мэдрэмжээрээ амилуулдаг онцлогтой. Үүнийг “Хужиртын намар”, “Баян цагаан судалбар”, “Шинэ нутаг” цувралаас харж болох бөгөөд монгол орны тал хээрт тусах нарны шаргал туяа, хөрсний чийг, дов толгодын алслалтыг дулаан бөгөөд зөөлөн өнгөөр зохицуулж, уудам байгалийг нүднээ харагдах мэт дүрсэлсэн байна.

Түүний уран бүтээлийн өөр нэгэн онцгой хуудас бол цэрэг-түүхийн буюу баталист сэдэвт бүтээлүүд юм. Зураачийн “Гүүрээр” хэмээх зургийн зохиомжид модон гүүрний бат бөх тулгуурууд болон голын усны тусгал нь босоо, хэвтээ шугамын төгс тэнцвэрийг үүсгэх ба арын дэвсгэр дэх бүрхэг тэнгэр, үүлсийн хуралдалт нь түүхэн цаг үеийн эгзэгтэй бөгөөд сүр жавхлант уур амьсгалыг илтгэнэ. Сонгодог баталист зургийн нүсэр байдлыг усан будгийн хөнгөн, агаарлаг шинжтэй хослуулсан нь Батмөнх зураачийн техникийн өндөр ур чадварын илрэл юм.

Морины явдал дунд, хадлангийн талбайд эсвэл нүүдлийн жимд зураачийн соргог нүдээр тэмдэглэгдэн үлдсэн “Адуун бэлчээр дээр”, “Үд судалбар” зэрэг зургууд нь нүүдэлчин ахуйн амар амгалан, бодит хэмнэлийг товч бөгөөд тод шугамаар илэрхийлжээ. Эдгээр бүтээлүүд нь цаг хугацааны торгон агшныг барьж, орон зайн уудмыг мэдрүүлснээрээ Монголын дүрслэх урлагийн дахин давтагдашгүй түүхэн баримт болон үлдэж буй юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Монгол хатдын домог” уран баримлын үзэсгэлэн дэлгэлээ

06/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байна

04/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Тэнгэрийн эзэд” үзэсгэлэнд нүүдэлчин ахуйг харуулжээ

03/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр

08/10/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.