Супермодель, телевизийн хөтлөгч Тайра Бэнкс “Netflix”-ийн “Reality Check: Inside America’s Next Top Model” баримтат цувралтай холбоотой нэр төрд халдсан гэх нэхэмжлэлийнхээ хүрээнд шинэ баримтуудыг шүүхэд гаргажээ. Тэдгээрийн дунд “Netflix”-ийн ашигласан дүрсийг анхны бичлэгтэй нь зэрэгцүүлэн харьцуулсан видеонууд багтсан байна.
Өдгөө 52 настай Бэнкс өнгөрсөн зургадугаар сард “America’s Next Top Model” реалити шоуны түүх, маргаантай үйл явдлуудыг өгүүлсэн “Netflix”-ийн гурван ангит баримтат цуврал өөрийг нь буруугаар дүрсэлсэн хэмээн шүүхэд хандсан юм. Харин наймдугаар сард “Netflix” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргасан байна.
Есдүгээр сарын 22-нд Бэнкс болон түүний өмгөөлөгчид нэхэмжлэлдээ нэмэлт материал хүргүүлж, баримтат цувралын бүтээгчид түүний ярилцлагыг “хэсэгчлэн хасах, дарааллыг өөрчлөх болон бусад эвлүүлгийн арга ашиглан” бодит байдлаас өөрөөр харуулсан гэж мэдэгджээ.
Тайра Бэнкс 2003 онд анх цацагдсан “America’s Next Top Model”-ийг санаачлан бүтээж, нийт 23 улирлыг хөтөлсөн юм. Харин “Netflix”-ийн гурван ангит “Reality Check” нь тус шоуны түүхийг эргэн харж, олон жилийн турш маргаан дагуулсан зарим үйл явдлыг хөндсөн бүтээл юм.

