Улсын дуурь бүжгийн эрдмийн театр уран бүтээлийн 52 дахь улирлын тоглолтоо өнөөдөр 17.00 цагт үндэсний сонгодог "Учиртай гурван толгой" дууриар нээх гэж байна. Театрынхан “Учиртай гурван толгой” дуурийг энэ амралтын өдрүүдэд хоёр удаа тоглох юм.
Энэ удаагийн дуурийн нээлтийн онцлох бүтээл болсон Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь нь тайзнаа 80 жил эгшиглэж байгаа үндэсний анхны томоохон бүтээл юм. Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон тус дуурийг тайзнаа амилуулсны түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс ч гурван бүлэг, таван үзэгдэлтэй дуурийн үзэгдэл бүрт үе үеийн дуурийн шилдэг уран бүтээлчид тоглох гэж буйгаараа онцлог юм.
ДБЭТ тоглолтын 52 дахь улиралдаа 80 гаруй тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн дотор дөрвөн бүтээлийг шинээр болон шинэчлэн тавьж, гадаадын театр, уран бүтээлчидтэй хамтарсан гурван тоглолтыг зохион байгуулах юм байна. Ерөнхийдөө үндэсний сонгодог урлагт ихээхэн анхаарч ажиллах ба алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийг шинэчлэн, төрийн шагналт Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг шинээр, мөн өвөрмөц шинэлэг “Төгсгөлгүй” хэмээх танго-балет, “Тэмүжин” түүхэн сэдэвт балетуудыг шинээр тавихаар төлөвлөжээ.
Нээлтийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд МУГЖ М.Болд, Нансалмаад СТА М.Даариймаа, Хоролмаад МУГЖ Ө.Уянга, Балганд СТА Э.Бумхүү нарын жүжигчид тоглох ба МУГЗ Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү нар удирдана. Нэгэн сонирхолтой зүйл нь Балганд дөрөв, Нансалмаад дөрөв, Хоролмаад гурав, Балганд дөрвөн өөр өөр жүжигчин нэгэн тайзнаа үзэгдэл бүрт тоглох юм.
Мөн “Хунт нуур” балет нь энэ жил 136,137 дахь удаагаа тоглогдох гэж байгаа ба гол дүрүүдэд МУГЖ Ч.Ганчимэг, СТА Б.Саруул, СТА О.Ганцоож, СТА М.Од зэрэг шилмэл жүжигчид тоглох юм байна.
“Учиртай гурван толгой” дуурийн дараа УДБЭТ-ын тайзнаа аравдугаар сарын 11, 12-нд 17:00 цагаас П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, аравдугаар сарын 16-нд "Х.Билэгжаргал-60" концерт, аравдугаар сарын 18-ны өдөр “Ламбугайн нулимс” дуурь, харин 19,25-нд А.Хачатуряны “Спартак” балет ар араасаа үзэгчдийн хүртээл болно. Энэ сарын хамгийн сүүлийн тоглолт 26-ны өдрийн “Ламбугайн нулимс” байх ажээ.
УДБЭТ-ын шинэ улирлын үзвэрийн хуваарийг танилцуулъя.
Аравдугаар сар
- 04-ний17:00 цагт Б.Дамдинсүрэн Б.Смирнов
- “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” дуурь/80 жил/
- 05-ны17:00 цагт Б.Дамдинсүрэн Б.Смирнов
- “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” дуурь/80 жил/
- 11-ний17:00 цагт П.И.Чайковскийн“ХУНТ НУУР” балет
- 12-ны17:00 цагт П.И.Чайковскийн“ХУНТ НУУР” балет
- 18-ны17: 00 цагт Х.Билигжаргал“ЛАМБУГАЙН НУЛИМС” дуурь
- 19-ний17:00 цагт А.Хачтурян“СПАРТАК” балет
- 25-ны17:00 цагт А.Хачтурян“СПАРТАК” балет
- 26-ны17:00 цагт Х.Билигжаргал“ЛАМБУГАЙН НУЛИМС” дуурь
- Үзэгчид үзвэрийн билетээ онлайнаар захиалж болох юм байна.
- Хагас зуун жилийн түүхт Монголын сонгодог урлаг ийнхүү үндэсний сонгодог бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах нь ээ.