“Дэлхийн соёлыг Монголд-Монголын ирээдүйг Дэлхийд” уриатай “Нээлттэй Монгол 2026″ хүүхдийн дэлхийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.
Энэхүү тэмцээн нь хүүхэд, өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан хөгжүүлэх, гоо зүйн боловсрол эзэмшүүлэх, олон улсын түвшинд авьяас, ур чадвараа сорих боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Нийслэлийн Соёл, урлагийн газрын мэдээлснээр, тус тэмцээнд Англи, Өмнөд Солонгос, Хятад, Орос, Хонг-Конг, Япон Улс зэрэг улс, бүс нутгийн хүүхэд, өсвөр үеийн тамирчид оролцож байна. Тэмцээн нь хүүхэд, өсвөр үеийнхний авьяас, ур чадварыг олон улсын түвшинд сорихын зэрэгцээ улс орнуудын хүүхэд, залуучуудын харилцаа, нөхөрлөлийг бэхжүүлэх, соёлын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Нээлтэд нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан оролцож, тэмцээнд оролцож буй хүүхэд, өсвөр үеийнхэнд баяр хүргэн, амжилт хүслээ. Энэ үеэр Монголын Хүүхдийн ордны “Хүүхэд эрдэнэ” шагналыг Монгол Улсаас оролцож буй хүүхэд, өсвөр үеийн оролцогчдод гардуулж, тэдний авьяас, ур чадвар, хичээл зүтгэлийг дэмжин урамшуулав.
Мөн Монголын хүүхэд, өсвөр үеийн бүжигчид олон улсын тэмцээнд амжилттай оролцож иржээ. Тухайлбал, “GU Dance Club”-ийн хүүхэд, өсвөр үеийн тамирчид 2025, 2026 онд Дэлхийн аварга шалгаруулах хамтлаг бүжгийн тэмцээнд дараалан дэлхийн аваргын амжилт үзүүлсэн байна.


