“Херо” энтертайнментийн үүсгэн байгуулагч, найруулагч Б.Баатарыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах, гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнийг Монгол Улсын хилээр гарахыг шүүхээс хязгаарласан байсан бол өчигдөр /2026.10.05/-өөс 30 хоног саатуулан хориод буй.
Эл үйл явдалтай зэрэгцэн жүжигчин О.Дөлгөөн цахим хуудсандаа дараах нийтлэлийг нийтэлжээ.
“2020 онд “Тамгагүй төр” жүжгийн бага хатан Гүргэл хатны дүрд тоглох сонгон шалгаруулалтад тэнцэж байлаа. Тэр цагаас хойш зургаан жил өнгөрчээ. Энэ хугацаанд бидний уран бүтээл Монголдоо төдийгүй дэлхийн тайзнаа хүрч, Лондон хотын 2400 хүний суудалтай театрт тасралтгүй 17 хоногийн турш тоглон, Монголын театрын урлагийн хүчийг дэлхийд харуулж чадсан.
“Монгол хаан” жүжиг маань Япон, Сингапур, Орос зэрэг олон орны үзэгчдэд хүрэх бүрд нэг зүйлийг улам тод мэдэрсэн нь “Хэл, үндэстэн, соёл өөр ч хүний мэдрэмж ижилхэн юм байна” гэдэг байлаа. Хэл мэдэхгүй ч ойлгож, өөр түүхтэй ч догдолж, инээж, уйлж байгаа тэр мөчүүдэд урлаг үнэхээр хил хязгааргүй юм байна аа гэдгийг ойлгосон. Тиймээс бид энэ бүтээлээрээ, Монголын театрын урлаг дэлхийн тайзнаа ийм хэмжээнд хүрч чадсанаар үнэхээр их бахархдаг.
Ийм хэмжээний, ийм олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл ойрын хэдэн жилдээ дахин төрөхгүй ч байж мэднэ. Тийм болохоор “Монгол хаан” жүжгийг өөрийн тоглосон жүжиг гэж харахаас илүү Монголынхоо бүтээл гэж бодож бахархан хайрладаг билээ.
Харин одоо бидний энэ аян бүр ч хол үргэлжилж, Бродвейн тайзнаа тоглохоор албан ёсоор сонгогдоод байгаа билээ. Энэ бол зөвхөн бидний биш, Монголынхоо нэрийг дэлхийн тайзнаа авч явах бүтээл. Тиймээс та бүхэн минь “Монгол хаан”-аа сэтгэлдээ ойрхон байлгаж, цаашдынх нь холын замд сайхан ерөөл, дэмжлэгээрээ хамт байгаарай.
Урлагийн хэл нэг.
Хүний мэдрэмж нэг.
Монголыг дэлхийд таниулах нь бидний бахархал” хэмээжээ.

