Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Их театр” Монголын алтан хоолойтнуудыг хүлээж байна
Уртын дуу

“Их театр” Монголын алтан хоолойтнуудыг хүлээж байна

Урлаг Урлаг13/11/2014Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
content_unuudur_sonin_10-21-094925-5460302232724004902014-11-13-16-00[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их театрт

  Дуурийн дуучин, балетын жүжигчин бүрийн мөрөөдлийн тайз Москвад бий. Мэдээж энэ бол “Их театр”. Нэр нь хүртэл сүрлэг энэ театрын тайзнаа 1960-аад онд анхны Монгол дуучин хөл тавьж, тэр ч бүү хэл П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Греминий дүрд дуулсан байдаг.

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Цэвэгжавын Пүрэвдорж агсны энэ амжилтыг буухиалсан хүн нь Зууны манлай дуурийн дуучин, ардын жүжигчин Хорлоогийн Уртнасан. Тэрбээр 1983-1984 онд Их театрын тайзнаа “Чио Чио сан”, “Тоска”, “Евгений Онегин” дуурийн гол дүрд дуулж байсан юм. Дэлхийн шилдэг таван театрын нэгд Монгол хүн гоцолж, ОХУ-ын уран бүтээлч, хөгжимчин, дуучидтай хамтран ажилласан гэхээр бахархахгүй байхын аргагүй.

Тэгвэл Монголчууд, тэр тусмаа Дуурь бүжгийн эрдмийн театрын шилдэг найман гоцлооч энэ сарын 20-нд Их театрын тайзнаа “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо хийхээр болсон. Тэд өнөөдөр тоглолтын талаарх мэдээллээ сэтгүүлчидтэй хуваалцсан юм.

Цаг хугацааны хувьд ч энэ баярт үйл явдал онцгой онд тохиож байна. 1984 онд Х.Уртнасан гуайг Их театрт гоцлоход “20 жилийн дараа Монгол дуучин их театрт дууллаа” хэмээн хэвлэлд бичиж байсан бол ардын жүжигчин Х.Уртнасан гуайг “Чио Чио сан”, “Тоска”, “Евгений Онегин” дуурьд тоглосноос хойш 30 жилийн дараа Монголын дуучид их театрын гол тайзнаа залрах гэж байна.

Ардын хувьсгалын тэгш ой тохиосон жилд Монголчууд хөрш ЗХУ-д соёлын өдрүүдээ зохион байгуулж, энэ хүрээнд Их театрын тайзнаа тоглох боломж тохиодог байжээ. Таван жилд нэг удаа болдог энэ тоглолтод манай урлагийн алдартнууд оролцдог байв.

Тухайлбал ардын жүжигчин А.Загдсүрэн, Г.Хайдав, гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн, Д.Банди болон Ардын дуу бүжгийн чуулга, Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид Их театрт болсон соёлын өдрүүдийн тоглолтод хэдэнтээ оролцжээ. Хамгийн сүүлд 2011 онд гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Д.Алтанхуяг, Х.Лхагвасүрэн, Б.Сарантуяа, дуучин С.Наран, гитарчин Д.Өлзий-Орших, Морин хуурын чуулга, ҮДБЭЧ-ийн бүжигчид их театрын тайзнаа тоглоод ирсэн.

Гэхдээ эдгээр тоглолт ихэвчлэн гол тайзан дээр болдоггүй. 1981 онд манай соёлын өдрүүдэд оролцож байсан уран бүтээлчид гол тайзнаа ганцхан удаа тоглож, тэндээс ЗХУ-ын театрын найруулагч ардын жүжигчин Х.Уртнасанг олж хараад, хожим нь урилга илгээн театртаа дуулуулжээ. Монголын дуучид Их театрт тоглохдоо улсынхаа нэрийг үргэлж өндөрт өргөдөг байсныг тоглолтын дараа хэвлэлд нийтлэгдсэн шүүмжүүд гэрчилнэ. Ур чадвар, хоолойн цараа, жүжиглэлт нь Оросын дуучдыг ч гайхшруулдаг байж. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ харилцаа тасарчхаад байсан юм.

Ноднингоос хэрэгжиж эхэлсэн “Монголын алтан хоолойтнууд” төсөл энэ жил эрчээ авч, Их театрт хүрлээ. Өнгөрсөн жил тэд Улаан-Үдэд тоглож, Монголын сонгодог урлагийн нүүр царай болсон ДБЭТ-ыг танилцуулсан. Тэгвэл ирэх сарын 20-нд УДБЭТ-ын найман гоцлооч, ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Их театрт тоглож, тэндээ үзэсгэлэн гаргана.

Ла Скала, Ковенгарден, Их театрт дуулж үзэхийг хүсдэггүй дуучин гэж үгүй. Тэр тусмаа эх орныхоо нэрийг дуурсгаж, хамт олноороо тоглолт хийж байгаа нь дуучдын хувьд мартагдашгүй үйл явдал болох нь дамжиггүй. Их театрын симфони найрал хөгжимчид, ОХУ-ын алдартай удирдаач, Монголын дуучид, ОХУ-ын хоёр гоцлооч энэ тоглолтод оролцох юм.

Монголын дуучид энэ удаа П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан”, Ж.Вердийн “Трубадур”, “Травиата”, “Риголетто”, А.Моцартын “Увдист лимбэ” дуурийн ари, дуэтыг дуулах гэнэ. Энэ тоглолтод гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Ө.Уянга, УДБЭТ-ын гоцлооч Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Б.Гомбо-Очир, Э.Анхбаяр, Ж.Бямбажав, Б.Батжаргал нар оролцоно.

ОХУ 2014 оныг соёлын жил болгон зарласан төдийгүй, жил гаруйн өмнөөс УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул энэ тоглолтыг зохион байгуулахаар, ОХУ-ын Соёлын яаманд төслөө танилцуулжээ. Тэд саналыг нь хүлээн авч тоглолт хийх тайзаа Монголчуудад  зориулахаар болсон юм.

АЖ А.Дашпэлжээ:Дээлийн зах мушгидаг шиг л…

Анхдагч гэдэг энэ үгэн дээр заримдаа маргаан үүсдэг шүү дээ. Тэгэхээр манай дуучид анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ “Их театр”-т тоглох гэж байгаа нь үнэн үү гэвэл үнэн. Яагаад гэвэл УДБЭТ-ын гоцлол дуучид бие даасан сонгодог тоглолтыг анх удаа гаргах гэж байгаа юм. “Их театр”-ын тайзан дээр монгол дуучин дуулж байсан уу гэдэг бол өөр асуудал. Өмнө нь манай мундагчуулаас тэнд тоглож байсан. Энэ утгаараа бол одоо болох тоглолт маань анхдагч гэж хэлэгдэхгүй. Уламжлал бол хангалттай бий.

Энэ дашрамд бидний зүгээс сонгодог урлагт хайртай Монголын бүх ард түмнийхээ өмнөөс ОХУ-ын “Их театр”-ын хамт олонд болон Соёлын яаманд маш их талархаж буйгаа хэлэх нь зүйтэй байх. Энэ бол тэр бүр олдоод байхгүй хувь заяа шүү дээ. Манайхан энэ сарын 20-нд тоглох байгаа. Тэр үед наадамд барилдаж байгаа бөхийн дээлийн захыг мушгидаг шиг монголчууд бид нийтээрээ эдэндээ амжилт хүсч, бодолдоо бясалгаж суух байх аа гэж найдаж байна.  

УДБЭТ-ын Ерөнхий захирал Ч.Мөнхзул:Тоглолтын билет дууссан

“Их театр”-т болох тоглолтоос гадна манайх гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Үзэсгэлэнд маань манай театрын ерөнхий зураач СТА Г.Ганбаатарын авсан зургууд орох юм. Үзэсгэлэн Монгол улсын дуурь бүжгийн эрдмийн театрыг Орос улсад бүрэн танилцуулах хэмжээний байх болно. Манай ССАЖЯ-наас төлөөлөл болж дэд сайд Түмэнжаргал явах болно. Мэдээж ОХУ-ын Соёлын яамнаас ч бас хүндэт төлөөлөгчид бидний тоглолтыг үзэхээр уригдсан байгаа. Энэ дашрамд нэгэн баярт мэдээг дуулгахад “Их театр”-т тоглох манай тоглолтын билет бүгд зарагдаж дууссан гэдэг мэдээллийг бидэнд сая өглөө. Энэ нь манай дуучдын чансаа дэлхийн хэмжээнд ямар түвшинд яваагийн баталгаа болов уу. Мэдээж дэлхийн сонгодог  дуурийн шилдгүүдийг тоглохоос гадна Орос улст очиж байгаа гэдэг утгаараа алдарт Чайковскийн дууриас тоглоно. Мөн тоглолтын төгсгөлд хүний сайхан сэтгэлийг мэдрүүлсэн Монголынхоо нэг сайхан дууг дуулахаар болсон.

Б.Гомбо-Очир:Явах өдрөө тэсч ядан хүлээж байна

Сэтгэгдэл маш өндөр байна. Залуус бид нар мэдээж бүгд сэтгэл хангалуун, явах өдрөө тэсч ядан хүлээж байна. Миний хувьд УДБЭТ-т дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа энэ үед ийм сайхан аз завшаан тохиосонд баяртай байна. Би гурван гараанд гарна. Олон улсын театруудад тоглож байсан ч анх удаа “Их театр”-т дуулж үзэх гэж байна. Манайх солист нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй үүнээс урлагийн зөвлөл биднийг сонгож явуулахаар болсон. Тэгэхээр удирдлагуудад төдийгүй ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг дуучид болохоор л явуулахаар шийдсэн болов уу. Шилдгүүдийн нэгд багтаж чадсандаа бахархаж байна. Бид амжилттай яваад ирнэ гэдэг найдаж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.