Цахимаар зассан хоолой, ам барьсан хоосон жүжиглэлтээс ард олон илт залхаж, даяаршлын эринд давалгаалж ирсэн гаднын хөг дан ч үзэгчдийн сэтгэл чихнээс ихэд алсарч байгааг нэгэн үдэш мэдэрч өнжив.
Үзэгч олон ч энэ бүгдийг ялгаж салгаж сонсдог болж байгаа нь магтууштай. Учир нь өнгөрөгч долоо хоногт Улсын филармониос “Сэтгэлд хоногшсон дуунууд” концертыг үзэгч олноо хүргэж, энэхүү тоглолтын уур амьсгалаас үүнийг мэдэрч суусан хэрэг. Дахин дурдаж хэлэхэд өнөөдөр хэт их чамирхал, даяаршлын нөлөөлөл, харийг шүтэх үзлээс залхаж байгааг “Сэтгэлд хоногшсон дуунууд” тоглолтын агаараас үзэгч олон ч сайтар мэдэрч байгаа нь харагдана лээ.
Арга ч үгүй. Манай хөгжмийн ертөнцийн үе үеийн шилдэг зохиолчдын дууг амьд хөгжимтэй хүргэхээр үзэгч олон аргагүй л суудлаасаа өндөлздөг юм билээ. З.Хангалын “Аяны шувууд”, С.Баатарсүхийн “Дөрвөн улирал хоёр амраг”, “Нүдэн нуур”-аас эхлээд ард олны аманд аялагдаж, сэтгэл зүрхэнд нь үргэлж эгшиглэж байдаг “Навчин дээрх шүүдэр”, “Цэнгэлтэй үдэш”, “Энэ хүүхнүүд үү” киноны дуунууд, эстрадын ахмад үеийн дуулж, олны сонорт хүргэсэн алдарт дуунуудыг дуулав. Үнэхээр Монголын хөгжмийн ертөнцийн ай сав бялхан цалгиж байгааг энд л ахин нэг мэдэрсэн дээ.
Эдгээр дуунуудын завсарт С.Баатарсүхийн “Цэнхэр залаа”-г ятгын гоцлолтой эгшиглүүлж, “Дөрвөн настай халиун” гэх зэрэг олон хөгжмийг УГЗ Б.Ганбатын найруулгаар олны сонорт хүргэв. Энэ бүгдийг таашааж суухад манай Монголын хөгжмийн ай сав юутай арвин хийгээд ямар олон жилийн түүхтэйг бахархан дурсч суулаа. Энэ л хөгжмийн ертөнцийн түүхийг ая дангаар нотолж үлдээсэн олон алдарт уран бүтээлчдийг өсгөж бойжуулсан Монгол Улсын филармонийн урын санг нэгэн үдэш бүү хэл хэдэн сар жилээр ч дэлгээд барахгүй биз ээ.
Энэ тухай филармонийн Ерөнхий удирдаач УГЗ Б.Ганбат хэлэхдээ “Би энд 42 жил ажиллаж байна. Энэ орой бидний уран бүтээлийн өчүүхэн хэсэг та бүхний сонорт хүрч байгаа юм. Хөгжмийн зохиолч С.Баатарсүх, Нямдорж, Бэхбат, Даваа, дуучин Машлай, Галхүү, Оюунчимэг, Нандинцэцэг гээд маш олон алдартнууд төрөн гарсан байгууллага. Монголын анхны дуэть дууг Галхүү, Оюунчимэг нар анх энэ тайзнаа дуулж байлаа. Энэ оройн концерт бол бүхий л талаараа онцлог. Энд ямар ч гадаадын хуулбар дуу хөгжим байхгүй. Ямар нэг бичлэг байхгүй. Яг амьдаараа та бүхэнд хүрч байна. Энэ бол Монголын үе үеийн хөгжмийн зохиолчид уран бүтээлчдийн үлдээсэн өв. Өнөөдөр хүртэл ийн ард түмний зүрх сэтгэлд эгшиглэсээр байна. Гайхалтай байна” хэмээн тодотгож байв.
Тэрээр цааш хэлэхдээ “Монгол Улсын филармони 2015 оны эхний улирлын үзвэрийн хөтөлбөрөө “Монгол уран бүтээл” зорилтот төслийн хүрээнд зохион байгуулж эхэллээ. Тус төсөл нь монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн төвшинд бүтээн туурвисан уран бүтээлүүдийг ард иргэд , өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах, байгууллагын урын санг Монгол бүтээл туурвилаар баяжуулах, хөгжмийн уран бүтээлийн эрэлт, нийлүүлэлтийн бий болгох, бүтээл туурвигчид уран бүтээлчдийг алдаршуулах хөгжим сонирхогч, сонсогчдын цар хүрээг өргөжүүлэх, Монгол хөгжмийн уран бүтээлчдийг дэмжих зорилготой” хэмээж байв.
Даяаршлын эрин зуунд бидний баримтлах гол зүйлийн нэг бол яах аргагүй уран бүтээл, тэр тусмаа Монголын уламжлалт хөгжим түүнтэй найрсах уран зохиол билээ. Тэгэхээр Монгол Улсын филармониос түмэнд хэрэгтэй, үндэстнээ, үндэснийхээ өв соёлыг сэргээх хойч үед өвлүүлэх чухал алхамыг хийж байна гэж харж болно. “Сэтгэлд хоногшсон дуунууд” маань нэгэн үеийн хөгжмийн орон зай, хөгжмийн зохиолчид дуучдын авьяас чадварыг харуулаад зогсохгүй тухайн цаг үеийн яруу найрагчдын чанар чансааг ч давхар илтгэх билээ. “Дуу гурван жигүүртэй” хэмээн огт санамсаргүй хэлчихсэн хэрэг биш л дээ. Ж.Бадараа, Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн нараас эхлээд З.Түмэнжаргал, Ү.Хүрэлбаатар нарын яруу найрагчдын шүлгүүд энд ая дангаар дамжин хүрч байгааг бас хэлэх хэрэгтэй.
Жинхэнэ монгол найрагчдын шүлгэнд монгол хөгжмийн зохиолчдын ая данг тааруулж, монгол дуучид дуулахаар үзэгч олон аргагүй л суудлаасаа өндөлздөг юм билээ. Хамгийн гол нь филармонийн авьяас билэгт залуучууд ийнхүү олны сонорт хүргэж байгаа нь гайхалтай аж. Энэ тоглолтууд нь зорилтот төслийн хүрээнд явагдаж байгаа учраас олон цуврал байгааг давхар уншигч олондоо дайх нь зүйн хэрэг байх.
Дашрамд дурдахад Монгол Улсын филармониос энэхүү зорилолт төслийнхөө хүрээнд маш олон ажлыг нугалж байгааг хөтөлбөрөөс харж суув. Тухайлбал, төслийн хүрээнд энэ сарын 5-ний өдөр Морин хуурын чуудлгын "Уран сэтгэмж" тоглолт олн хүртээл болжээ. Ингээд “Сэтгэлд хоногшсон дуунууд” олны сонорт хүрч улмаар ирэх сарын 5-ны өдөр “Торгоны хээ” ардын дууны цуврал тоглолт, хоёрдугаар сарын 14-нд “Гэгээн хайрын үдэш” хайрын өдөрт зориулсан концерт, хоёрдугаар сарын 26-нд “Сонгодог хөгжмийн концерт”, гуравдугаар сарын 7-нд “Энхрийхэн чамдаа” эмэгтэйчүүдийн баярт зориулсан,
гуравдугаар сарын 19-нд Ардын хөгжимд зориулсан концерт
гуравдугаар сарын 26-нд 19.00 цагт “Сонгодог хөгжмийн концерт” залуу үеийн хөгжмийн зохиолчдын бүтээл тус тус тоглогдох юм байна.