Монголчууд бид ХАМЖЛАГА-ын дөнгөнөөс салаад 90 гаруйхан жил болж байна.
1921-1924 онуудад үргэлжилсэн шат дараалсан үйл явдлуудын үр дүнд бид хамжлага хэмээх бурангуй хоцрогдлоос ангижирч, дундад эриний балар харанхуй зуунаас XX зуунд дэвшин орох, цаг үеийнхээ хөгжилтэй хөл нийлэх аварга алхам хийсэн нь маргашгүй үнэн юм.
Харамсалтай нь манай улстөржсөн түүхчид түүхэн энэ үйл явдлыг нам, улс төр, эдийн засгийн бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс эргэн дурсахгүй байх, үгүйсгэх, улмаар ард түмэн юуг ч дурсан санахгүй “амар сайхан жарган цэнгэх” болсныг өнгөрсөн зун харлаа. Энэ тухай ард өгүүлэе.
***
Ингэхэд Хамжлагат ёс гэж юу вэ гэхээр товчхондоо, хүн амын тодорхой хэсэг нь ямар ч эрх мэдэлгүй, эрх чөлөөгүй, эзнийхээ юу хий гэснийг хийдэг, хүч хөдөлмөрийнхөө ихэнхийг эзэндээ зориулдаг, хэрвээ эзний уур нь хүрсэн бол хамжлагаа занчиж, хүчирхийлж, бүр зарж, арилжиж, алж ч болдог, хамжлагаас оргож зугтаавал өчиггүй алах ялтай, зугтаасан ч очих газаргүй, ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу орчлонд аж төрөх ёсыг хэлнэ. Эзэн нас барсан ч үр хүүхэд, өв залгамжлагчид нь хамжлага болж очно, үе удмаараа. Сайн хэлбэл өөрийн гэсэн өчүүхэн өмчтэй байж болдгоороо боолчлолоос нэг алхам дээгүүр л юм даа. Үеийн үед хамжлагын эзэд хамжлагаа тартагтаа тултал нь мөлжиж, хөдөлмөрлүүлж, тэднийгээ соён гэгээрлээс ангид харанхуй мунхаг байлгаж ирсэн.
Хамжлагаас чөлөөлөгдөх нь буй ч эзэндээ их хэмжээний төлөөс төлж байж сая нэг чөлөөт тариачин болно. Гэхдээ энэ нь өдрийн од шиг ховор. Нэгэн укриан залуугийн их авьяас билгийг хайрласан Оросын яруу найрагч Жуковский, их зураач Брюлов нар эзэнд нь 2500 рубль төлж байж хамжлагаас чөлөөлж байсан байдаг. 1838 онд 2500 рубль гэдэг бол асар их төлбөр, өнөөгийнхөөр бол 250 саятай тэнцэх үнэ. Хамжлагаас чөлөөлөгдсөн тэр залуу нь Укрианы их найрагч, зураач Тарас Шевченко байлаа.
Хамжлагын тариачид долоо хоногт 5-6 өдрийг нь эзнийхээ газарт ажилладаг, хичнээн зүтгэж ажилласан ч өөрт ногдох нь нэмэгдэж, үмхдэг талх нь арвижихгүй учир бүтээмж гарна гэж бараг үгүй. Ийм дэг ёс нь хувь хүний хөгжлийг ч, эдийн засгийн хөгжлийг ч, цаашлаад нийгмийн хөгжил дэвшлийг яг бахь мэт боомилдог байна.
Европ дахинд хэдэн зууныг дамнасан үйл явцын үр дүнд XIV зуунаас хамжлагат ёсны суурь нь илэрхий ганхаж, 1640 онд Англид хөрөнгөтний хувьсгал гарснаар өөрчлөлт эргэлт буцалтгүй болсон байна. Чухам ийнхүү Англичууд түрүүлэн алхаж, дэвшил хийснээрээ Дундад зууны хоёрдугаар хагаст дэлхийн их эзэнт гүрэн болтлоо хүчирхэгжиж чадсан билээ. Улмаар Герман, Франц, Швед, Голланд, Хойт Итали зэрэг баруун европын орнуудад энэ өвчин “халдварласнаар” Европ дахинаа дахин сэргэлтийн эрин өрнөж, өнөөгийн аж үйлдвэрлэл, хүчирхэг эдийн засгийн системийн бүхий л суурь давхарга тавигдсан. Өнөөг хүртэл барууны ертөнц, барууны соёл дэлхий дахинаа тэргүүлэх байр суурьтай байгаа нь чухам энэхүү хамжлагат ёсноос бусдаасаа түрүүлэн гарч чадсаных юм.
Харин хамжлагат ёстойгоо зууралдан үлдсэн зүүн Европ, Орос барууныхаа хөгжлөөс хол хоцрогдон гээгджээ. Европчуудаас бараг 200 жилийн дараа л орос орон сая нэг юм хамжлагаас хагацсан нь 1861 он. Тиймдээ ч өдий хүртэл Оросыг “Европын бүдүүлэг хоцрогдсон зүүн хязгаар” гэх үзэл барууныхны дунд амь бөхтэй байсаар байгаа юм.
Дэлхийн I дайнаас авсан үхлийн ялаасаа арай гэж мултраад байсан, нурж сүйрсэн Турк улсыг шинэчлэх Ата-Туркийн анхны шийдвэр нь энэхүү хамжлагыг халах явдал байсан ба бусад шинэчлэлүүд нь дагавар шинжтэй байв. Туркчүүд Ата-Туркээ “Хайран сайхан хамжлагат ёсыг маань үгүй болгочихсон улаан чаралба” гэж харааж байхыг нь л мэдэхгүй юм. Тэрбээр өнөөдөр ард түмэндээ “Үндэстний эцэг” хэмээгдэн тахигдан шүтэгдсээр явна.
XX зууны том үйл явдал бол хүн төрөлхтөн нийтээрээ хамжлагаас, бас колониас салсан гэж үздэг.
***
1921 онд монголд хамжлагат ёс бүрэн утгаараа ноёрхож байв. Тухайн үед манай нийгэм хошуу захирсан засаг ноёд, тайж нар, суман ард, хамжлага болон шавь ард гэсэн бүтэцтэй байсан ба эхний хоёр нь хамжлага захирах эрхтэй. Хүн амын бараг тал хувь нь хамжлага ард байжээ. Суман ард нь зөвхөн цэрэг, өртөө, алба өгдөг бол хамжлага нар үүн дээр нэмээд хувь эзэндээ алба барина. Хачирхалтай нь хамжлагын эзэд Богдын зарлигаар бүхий л төрлийн алба татвараас бүрэн чөлөөлөгдөнө.
Хамжлага манж нар монголыг эзлэн авсны дараа үүссэн гэж үздэг. Уг нь анхандаа эзэн ноёдоо “туслах, дэмжиж хамжих” гэсэн утгаар хамжлагыг үүсгэсэн ч яваандаа хамжлага нь нэгэн төрлийн боолчлол болон хувирчээ.
Манай хамжлагын эзэд бусад газрынхнаас дээрдэх юм ер үгүй. “Цагаа долоох”, “хусам долоох” гэсэн нэг доромж хэллэг өнөө хараахан мартагдаагүй байна. Энэ нь аль нэгэн баяны, ноёд тайж нарын малыг маллаж, сүү сааль, ноос үсийг нь авалцсаныхаа хариуд буюу хөлсөнд сүү саалийнх нь үлдэгдэл, тогооны хусам мэтхэнээр бор гэдсээ болгож явахыг хэлнэ. Айлд мал гаргаж буй хар хүнээс гэдэс арилгаж суусан гэрийн зарц эхнэр “Хошногных нь толгойг өөхтэйхэн аваарай” гэж гуйдаг байсан нь тэр эмэгтэйд зөвхөн хошногны толгой ногддогоос тэр.
Тухайн үеийн манжийн хуульд ноёдын албат хамжлага нараасаа авах татварыг “5 үхрээс дээш бүхийд 1 хонь, 20 хонь бүхийд 1 хонь, хоёр үхэр бүхий хүнээс 6 тогоо амуу ав” гэх мэтчилэн зааж өгчээ. Эзэд гэр өргөө нүүх, охиноо хадамд өгөх, хөвгүүндээ бэр авах тохиолдолд ч харьяат нараасаа алба авна. Зарим хошуу ноёд хятадын доншуур худалдаачдад их хэмжээний өр тавьж тансаглачихаад, түүнээ албатуудаасаа хүчлэн гаргуулж байсан явдал цөөнгүй. Нэг тод жишээ нь ийм бурангуй явдлыг эрс эсэргүүцсэнээрээ түүхэнд орсон Ард Аюушийн хөдөлгөөн болно. Хамжлага болон эздэд ямар ч ээлж халаа гэж үгүй. Тэнд ардчилал байхгүй, хамжлагууд эзэндээ дургүй байлаа гээд юуг ч өөрчилж чадахгүй, яагаад гэвэл сонгууль хэзээ ч болохгүй. Хувь заяа анхнаасаа та бүхнийг эзэд ба хамжлага, зарц гэж оноож өгсөн учир. Чухам хамжлагат ёсны гарах гарцгүй бахь, гогцоо нь энд.
– 1922 оны 1 сарын 25-ны Ардын засгийн газрын шийдвэрээр хамжлага нарыг сум ардын нэгэн адил тооцох болгосон нь хамжлагын дөнгөнөөс чөлөөлөх анхны шийдвэр болов.
– Мөн оны 3 сарын 31-ны шийдвэр ёсоор Засаг ба засаг бус ноёд, тайж нарыг бусдын нэгэн адил улсын ба бусад алба татварын үүрэг гүйцэтгэж байхаар буюу татварт хамрагдаж байхаар тогтоожээ.
– Мөн оны 5 сарын 5-ны шийдвэрээр хамжлагын эздийн хамжлага ардыг захирч байсан бүх баримт бичгийг хураажээ.
– 1923 оны 1 сарын 5-нд “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”, “Монголын олон засаг ба засаг бус ван гүнгийн эрх хэмжээний дүрэм” батлав.
Ийнхүү хамжлагат ёс хэмээн энэ бурангуй ёсыг халах эрхзүйн орчин бүрэлдэв.
Гэвч энэ шийдвэр бүрэн хэрэгжтэл бас цаг хугацаа хэрэгтэй байж, бөөн эсэргүүцэл, тэмцэл, нугалаа завхрал дагалдах нь тэр… Нэг талаас хамжлага захирч явсан нөхдүүд тийм амархан хүлээн зөвшөөрч, бууж өгсөнгүй. Мэдээж хэрэг баахан хүн ардыг үнэ хөлсгүй зарцалж, зарцлаад зогсохгүй тэднээс алба татвар авч, дээр нь бас төр улсад ямар ч алба татвар өгдөггүй байсан эрх ямбатай нөхдүүдэд энэ шийдвэр яаж ч таалагдах билээ. Цөөн хэд нь улс орны хөгжил дэвшилд зайлшгүй хэрэгтэй гэдгийг ухааран ойлгож байсан ч, олонхи нь тас хөндлөн хэвтчихэж.
Нөгөө талаас энэ ёсыг үзэн ядаж, өширхсөн, саяхан хамжлагын гинжнээс мултарч чадсандаа хөөрсөн, гөрмөл гэзгээ хяргуулж, пинтүү халимаг сэгсэгнүүлсэн баахан залуус “Бошгыг халах” эвлэлд шуудран орж, бужигнуулан, холион бантанг нь ёстой хутгаж гарах нь тэр. Ёс жудаг, уламжлал бүхэн уланд дэвслэгдэв. “Тунгалаг Тамир” кинон дээр морь унаж, өнгө бүтэн дээл өмссөн Галсан таг согтуу Итгэлт баян дээр давхин ирээд “Чи муу Фийдаал, чамайг миний цусыг сорж байсан хувалз мөн гэж улаан хувьсгалч Жамц гуай надад хэлсэн” хэмээн ташуураа гозолзуулан, шүлсээ үсчүүлэн агсам тавьж байдаг даа. Чухам Галсан л хэлж буйгаас биш уг нь их үнэн үг л дээ. Гэхдээ, Итгэлт хууль ёсны хамжлагын эзэн биш, суман эр боловч эр сайнд Галсан, Дулам, Эрдэнэ, Долгор мэтийг хамжлагачлах хэмжээнд очсон нэгэн.
Гэвч юутай ч ийнхүү наян юм болж байж хамжлагат ёсыг халж чадсан байна. Хожмын 1932 оны эсэргүү бослого ч, 1926-1932 он хүртэл үргэлжилсэн баруун, баруун өмнөд хил даван нүүсэн ард иргэдийн дүрвэлт ч мөн энэхүү хамжлага ёсны тэмцлээс ихээхэн улбаатай болно.
Ингээд хамжлагат ёсыг халсны хамгийн том илрэл нь Засаг захиргааны шинэчлэл байв. 1922 онд явуулсан хүн малын тооллого ёсоор 81 хошуу байсныг жижиглэн 433 сум, 1339 баг, 6935 аравт болгов.
1923 оны 10 сарын 19-ны ЗГ-ын шийдвэрээр хуучин халх 4 аймаг, 2 хязгаарыг 5 аймаг болгоод, хуучин ханы нэрээр дуудагдаж байсан аймгийн нэрийг уул хайрханы нэрээр өөрчлөн нэрлэв. Сэцэн хан аймгийг Хан Хэнтий уулын аймаг гэх мэтээр.
1924 онд дахин засаг захиргааны шинэчлэл хийж 641 сум, 2045 баг, 10268 аравт болгон жижиглэж шинээр зохион байгуулав. Төр засаг нь хүн ардад ойртох үүднээс ийнхүү олон жижиглэжээ.
Нөгөө талаар, хуучин хамжлага, зарц байсан ардууд ч ихэс ноёдын адил засаг мэдэлцэх эрхтэй болж, хошуу, аймгийнхаа чуулганыг буюу одоогийнхоор ИТХ-ыг анх удаа чөлөөт сонгуулиар бүрдүүлсэн байна. Энэ чөлөөт сонгуулиар сонгогдсон хошуу чуулганы төлөөлөгчид дотор хамжлагын эзэн нь хамжлага явсан эртэйгээ зэрэгцээд тууж явсан тохиолдол элбэг байжээ. Мэдээж хэрэг анх удаагаа чөлөөт сонгууль өгч үзсэн ард түмэнд алдаж онох зүйл бишгүй, сонгуульдаж суралцах хугацаа хэрэгтэй байсан хэрэг. Өнөө ч бид сонгуульдаж бүрэн сайн сураагүй 25 жил болчихсон байхад зуун жилийн өмнө нөхцөл байдал ямар байсныг төсөөлөхөд хялбар… Мөн 1924 онд анхны Ардчилсан үндсэн хуулиа батлав.
Шинээр байгуулагдсан аймаг сумдын нэрийг хан, ван, гүн, бээсийн нэрээр нэрлэгддэг байсныг өөрчлөн сольсон нь хамжлагат ёсыг бүрэн халсныг зарлан тунхагласан, ардын ардчилсан төрт ёсны үйл явц эргэлт буцалтгүй эхэлсний хэрэг байлаа. Өөрөөр хэлбэл, Ахай гүний хошуу гэхээр тэр хошууныхан бүгдээрээ Ахай гүний үе уламжилсан хамжлага хошуу болж таарна. Мэдээж хэрэг тэр хошуунд хамжлага бус суман ардууд буй ч, засаг ба засаг бус ноёд тайж нар бараг бүгдээрээ хамжлагатай байж.
Харин Ахай гүний нэрийг халж, нутаг орны уул хайрханы нэрээр өөрчилсөн нь хамжлага ёс байхгүй болсныг бүрэн илэрхийлнэ. Энэ бол их үйл явдал, том дэвшил. Чухам хамжлагыг халж чадсанаараа л 1921 оны хэрэг явдал нь жинхэнэ утгаараа нийгмийн дэвшлийг авчирсан үндэсний ардчилсан хувьсгалын шинж чанартай болж байгаа юм. 1911 онд хувьсгал гараагүй юм шүү. Тэр бол тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан их үйл хэрэг, шинж чанарын хувьд өөр. Тусгаар тогтнол бол анхдагч суурь, өөрөөр хэлбэл үндэсний тусгаар тогтнолгүйгээр нийгмийн дэвшил болох боломжгүй.
***
Өнгөрсөн 2014 онд улсын хэмжээгээр 120 орчим сум 90 жилийн ойгоо нижгэр хийж, улсын төсвөөс 2 тэрбум, нийтдээ 90 гаруй тэрбум төгрөгөөр найрлаж цэнгэн өнгөрөөсөн билээ.
Энэ бол угтаа монгол түмэн хамжлагат ёсыг халсныг баталгаажуулсны ой байлаа. Зүгээр нэг сум байгуулагдаад байсан төдий ой биш юм. Харамсалтай нь хэн ч энэ түүхэн үйл явдлыг дурссангүй. Бүр сонирхсон ч үгүй. Ганцхан их нийтлэлч Баабар л “Нэрээ сольсны 90 жилийн ойн баяр” гэсэн нийтлэл бичив. Гэвч Баабар ахайтан хамжлагыг халж, нийгмийн дэвшил хийсэн тухай дурссангүй. Бодвоос улс төрийн учир шалтгаантай биз. Өрсөлдөгч намаа үзэл санаа, суртал, түүхийн хувьд бүрэн дарж авахын тулд, 21 оны хувьсгалын ач холбогдлыг бүдгэрүүлж, 90 оныхыг мандуулахын тулд хийсэн ээлжит тархи угаалтынх нь нэгэн хэсэг, эх түүхээ намууд хувьчилж аваад явцуу эрх ашигтаа нийцүүлэн тайлбарладгийн нэгэн илрэл байх. Түүнээс Баабар шиг том мэдлэгтэн энэ мэтийн зүйлийг мэдэхгүй байх учиргүй.
120 гаруй сумын хэдэн зуун мянган иргэд зөвхөн “Нэр сольсон”-ы төдийд зуны турш баярлан наадсан болж таарах нь. Хөөрхөн даажигнал…
Гэвч энэ даажигнал биш бололтой. Хамжлагат ёсыг дахин сэргээх хүсэл сонирхол улс төр, бизнесийн тодорхой бүлэглэл, давхраад бий ба тэд энэ түүхэн үйл явдлын 90 жилийн ойг “Нэр сольсон” төдий утга агуулгатай болгон дүйвүүлэн өнгөрөөхийг хүссэн юм биш байгаа. Ингэж сэжиглэх үндэслэл хангалттай байна. Тухайлбал,
– Нийгмийн доторхи баян ядуугийн ялгаа улам ихэссэн, нэг талаас дээдэс нь доодсоо хүний зэрэгт үл үзэн гадуурхах, нөгөө талаас доодос нь дээдсээ үзэн ядах, зэрэг зиндаачлах, ангичлах хандлага илэрхий ажиглагдах болсон,
– Залуус хичнээн хичээж хөдөлмөрлөвч амьжиргаагаа дээшлүүлэх боловж хомс, тиймээс хөдөлмөрлөх сонирхол сул, харин хялбараар мөнгө олох арга зам хайх болсон. Дээдэс анги монголчуудыг ажил хийж сураагүй, чадваргүй залхуу гэдэг. Гэвч гадаадад гарсан монгол залуус монгол хүнд ямар чадвар, нөөц байдгийг илтгэн харуулсаар байгаа.
– Арилжааны банкнууд дахь нийт хадгаламжийн 95 хувь нь нийт хүн амын 2-хон хувийн мэдэлд байдаг,
– Гадаадад буй оффшор данснууд руу манай дотоодын нийт бүтээгдхүүнтэй тэнцэх хэмжээний их баялаг урсан орсон,
– Эдийн засгийн хямралын хамаг ачааллыг нийгмийн үнэмлэхүй олонхи болсон дундаж болон доод давхарга үүрч, ширвэгдэж, харин 2 хувьд нь энэ хямрал харин ч ашигтай байх магадлалтай болсон, хөрөнгөлөг хэсэгт монгол орон, монголын ард түмэн ашиг орлогыг нь нэмэгдүүлэх хэрэгсэл төдий болсон,
– Төр феодалжсан. Өөрөөр хэлбэл төрд зөвхөн хөрөнгө мөнгөтэй хүмүүс гарч, төрийн эрх мэдлийг хөрөнгө мөнгөө арвижуулах арга зам болгон ашиглах байдал улам бүр даамжирч байгаа,
– Намууд илээр сөргөлдөвч, далдуур нэг түрийвчтэй, нэг ашиг сонирхолтой болсон,
– Нам, эсвэл аль нэгэн эрх мэдэлтэн дагаж, нөгөө юуг нь долоож, биеэ үнэлэн аж төрөх, баялагт хүрэх гэсэн хачин эрэмдэг эрмэлзлэл залуусын дунд түгээмэл болсон,
– Сонгогч олон түмнийг зөвхөн санал өгөгч амьгүй объект гэж хардаг үзэгдэл газар авч, саналыг нь хуурч, залилж, хошгоруулж байж авах явдал ужгирсан.
– Цөөн хөрөнгөжсөн хэсгийн үнэмлэхүй олонхи нь баялаг бүтээж бус, авилга, луйвраар хөлжсөн,
– Эрх мэдэл, авилга хоёр нэг зоосны хоёр тал болсон,
– Хөрөнгөлөг хэсэг, уул уурхай, спирт-архи пивоны томоохон компаниуд, тэр ч бүү хэл төр нь ч ард түмнээ соён гэгээрүүлэх талаар санал санаачилга гаргадаггүй, олон түмнийг харанхуй, мэдлэггүй, улс төржсөн, талжсан, эв нэгдэлгүй байлгах сонирхолтой,
– Шударга ёсны хэм хэмжээ алдагдаж, хууль шүүх хөрөнгөтэй, эрх мэдэлтэй талд илэрхий үйлчилдэг болсон,
– Хамгийн сүүлд эгэл жирийн ард олон талхныхаа мөнгийг хугаслан байж татвараа төлж байхад татварын өршөөлийн хуулиар зуу зуун саяар нь татвараа нуусан том компаниудыг буюу хууль тогтоогчид маань өөрсдийн, эсвэл өөрийг нь болон намыг нь ивээн тэтгэгч томоохон компаниудыг татвараас чөлөөлөх санаачлага гарган улайран зүтгүүлж байна.
Эдгээрийг шинэ цагийн зүсээ хувиргасан далд хамжлагачлалын шинж гэж хэлж болно… Шинж тэмдгүүд улам бүр даамжирч, олон түмэн хичнээн махран хөдөлмөрлөвч амьжиргаа нь өдрөө аргацаахаас илүү гардаггүй, хөдөлмөр хөлс нь цөөн тооны улс төр, эдийн засгийн бүлэглэл, олигархийн халаас руу доллар болон гоожсон тийм нийгэм, эдийн засгийн бүтэц бий болбол улс орны ирээдүйн хөгжлийн тухай ямар ч найдлага байхгүй болно.
“Их салхи нижигнэн хөдөлбөл хөдөлтүгэй” гэсэн хүчирхэг уриа дуудлага тийм ч их хүсээд байх зүйл биш билээ. Тэр их салхийг урин дуудаад, эцэс нь “Бясаанаасаа салах гээд байшингаа шатаачихдаг” эмгэнэлтэй, тохуутай явдал болчихгүй л байгаасай. Түүнээс өмнө дээр дооргүй ухааран сэхээрч, зам мөрөө засах боломж уг нь бүрэн бий дээ
Б.Номинчимэд
2015.1.27
www.Urlag.mn