Энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа хуралдсан Олон Улсын Пресс клубуудын холбоо (IAPC)-ны Ерөнхий ассамблей олон чухал асуудал хэлэлцэж, шийдвэрлэсний дотор Б.Баярсайханыг тус олон улсын байгууллагын ерөнхийлөгчөөр томиллоо. Б. Баярсайхан нь Монголын үндэсний пресс клубын тэргүүн бөгөөд “Амин Медиа” группийн Ерөнхий захирлаар ажилладаг. Уг албан тушаалд өмнө нь монгол хүн тэр тусмаа эмэгтэй хүн сонгогдож байгаагүй бөгөөд энэ нь анх удаагийнх юм.
Олон улсын пресс клубуудын холбоо нь 2002 онд Дубай хотноо үүсгэн байгуулагдсан, хэвлэлийн эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, олон улсын мэргэжлийн сэтгүүлчид улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын мэдээлэл солилцох зорилготой мэргэжлийн байгууллага юм. Эгнээндээ Америк, Англи, Швейцар, Герман , Австрали, Итали, Франц, Япон, Австри, Израиль, Польш зэрэг дэлхийн 40 гаруй улсын пресс клубуудыг нэгтгэсэн олон улсад нэр хүндтэй тус байгууллагын төлөөллүүд энэхүү ассамблейд оролцохоор манай оронд айлчилсан юм.
Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Польшийн пресс клубын тэргүүн Ярослав Владарчик хэлэхдээ “Улаанбаатар хотноо бид түүхэн шийдвэр гаргасандаа баяртай байна. Польш, Монгол хоёр улсын хувь заяа сүүлийн дал наян жил адилхан явсаар ирсэн. Социализмын хоосон мөрөөдөл нуран унаснаас хойш хэвлэлийн эрх чөлөө маш зөв утгаараа хөгжиж ирсэн нь манай улсын бахархал. Монголын хэвлэл мэдээлэл ч энэ замаар явна гэдэгт найдаж байна. Өнөөдөр манай холбооны ерөнхийлөгчөөр Б.Баярсайханыг сонгосон явдал нь энэхүү өөрчлөлтийн бас нэг илрэл гэж ойлгож байна. Энэ нь Монголд үг хэлэх болон хэвлэн мэдээлэх эрх чөлөө хэр хэрэгжиж буйг дэлхий дахинд харуулах том боломж болж байна” хэмээн мэдэгдсэн бол Австралийн үндэсний пресс клубын ерөнхийлөгч, телевизын нэр хүндтэй сэтгүүлч Лори Уилсон, “Дэлхий дахинд нэр хүндтэй тус холбооны ерөнхийлөгчөөр Б. Баярсайхан томилогдсонд баяр хүргэж амжилт хүсэж байна. Сүүлийн хэдэн жил түүний манай холбоонд оруулсан хувь нэмэр, идэвх зүтгэл асар их байсныг цохон тэмдэглэх ёстой. Түүний мэргэжлийн ёс зүй, удирдах чадвар манай холбоог цаашид улам нэр хүндтэй болоход чухал түлхэц болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Б. Баярсайхан нь Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн “Өглөө”хөтөлбөрийн хөтлөгч, редактор, Монгол Улсын Дээд Шүүхэд хэвлэлийн төлөөлөгч, MCS группийн PR менежер, “Ийгл” телевизийн Гүйцэтгэх захирал зэрэг хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, удирдлагын чиглэлээр 15 жил ажилласан, хэвлэл мэдээллийн салбарын чадварлаг удирдагч, туршлагатай боловсон хүчин юм. “Монголд хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилготойгоор Монголын үндэсний пресс клубыг 2013 онд байгуулж, дараа жил нь тус байгууллагын гишүүнээр элсч байсан. Тус олон улсын клубын гишүүн пресс клубуудын ихэнх нь олон арван жилийн түүхтэй, олон улсад нэр хүндтэй клубууд байдаг. Харин ийм богино хугацаанд гишүүнээс Ерөнхийлөгч болтол дэвшсэн тохиолдол байдаггүй юм билээ.Энэ нь монголын сэтгүүлчид олон улсын тавцанд ажиллах, эх орноо сурталчлах, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх том боломж нээгдэж байна гэж харж байна” хэмээн Б. Баярсайхан мэдэгдлээ.
Олон улсын пресс клубуудын холбооны ерөнхийлөгч Б. Баярсайхан 10 дугаар сарын 6-нд Польшийн Варшав хотноо болох тус байгууллагаас жил бүр дэлхийн шилдэг сэтгүүлчдэд олгодог “Хэвлэлийн эрх чөлөөний одон”-г гардуулах ёслолын ажиллагаанд оролцох юм. Энэ удаагийн шагналыг Египетэд хууль бусаар 400 гаруй хоног хоригдсон Австралийн сэтгүүлч Петр Гресте, Ал Жазира ТВ-ийн хоёр сэтгүүлчдэд өгөхөөр шийдвэрлэсэн байна. Шагналыг 10 мянган евро дагалддаг бөгөөд Польш Улсын ерөнхийлөгч ёслолд оролцох юм.