У.Шекспирийн алдарт "Ромео Жульетта" жүжгийг тайзны бүтээл болгохыг хүсдэггүй найруулагч гэж үгүй.
Мөн "Ромео Жульетта"-д хүч авъяасаа сорьж залуу насаа энэ дүрээр мөнхлөхийг хүсдэггүй жүжигчид ч гэж үгүй.
Үнэхээр ч хайр дурлалын хүч ямар гайхамшигтай байдаг хийгээд түүний сайн сайхныг мэдрүүлж чадах цорын ганц бүтээл бол яах аргагүй "Ромео Жульетта".
Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар анхлан тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан бол 30 жилийн дараа буюу 1996 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон түүхтэй.
Тэр үед танхим дүүрэн үзэгч, нижгэнэсэн алга ташилт, сэтгэл догдолсон залуусын уухайн түрлэгтэй исгэрэх чимээнд театрын байр бараг ганхаж байх шиг санагддаг байж билээ гэж уран бүтээлчид өнөө хэр дурсан ярьцгаадаг.
Үнэхээр ч “Ромео Жульетта” жүжиг тэр агшин, тэр цаг хугацаанд театрын түүхэнд эргэлт хийсэн бүтээл болж тухайн жилийнхээ “Гоо марал” шагналын "Шилдэг жүжиг", “Шилдэг найруулагч”, “Шилдэг эмэгтэй дүр”-ийг шагналыг хүртсэн.
1996 онд ийнхүү үзэгчдийн хүртээл болсон “Ромео Жульетта” жүжигт:
Найруулагчаар Ч.Найдандорж
Зураачаар Я.Санжаасүрэн
Хөгжмийн зохиолчоор Х.Булган нар ажиллаж гол дүрүүдийг
Ромеод – жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана
Жульеттад – жүжигчин И.Одончимэг, Г.Урнаа
Тибальдад – жүжигчин Л.Дэмидбаатар
Капульеттад – жүжигчин П.Цэрэндагва
Өрлөг эхэд – жүжигчин С.Сарантуяа
Лоренцо ламд – жүжигчин Л.Жамсранжав
Парис гүнд – жүжигчин Б.Жаргалсайхан нар бүтээж байжээ.
Тэгвэл 19 жилийн дараа, арваннэгдүгээр сард Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа амилж, шинэ зууны үзэгчдийн сэтгэл оюуныг мялаах гэж байна.
-
1
-
2
-
3
-
4
-